Wednesday, April 23, 2014

Он гарсаар 32 мянган иргэн шинээр гадаад паспорт авчээ

Он гарсаар 32 мянган иргэн шинээр гадаад паспорт авчээ

1 цаг 43 минутын өмнө

Урин дулааны улиралд гадаад паспортын захиалга нэмэгдэж, Улсын бүртгэлийн ерөнхий газар ачаалал ихтэй болдог байна. Ойрын өдрүүдэд гадаад паспорт шинээр авах болон сунгуулах хүсэлтэй иргэд эрс ихэсчээ. Сурагчдын амралт эхлэх үеэр гэр бүлээрээ гадагшаа аялж, зугаалах болон жуулчлах хүмүүсийн тоо огцом нэмэгддэгийг дагаад гадаад паспортын хэлтсийнхэн ачаалалтай ажилладаг аж. 2013 онд 138012 иргэн шинээр гадаад паспорт авсан бол 2014 он гарсаар 32 мянган гадаад паспорт шинээр олгож, 15 мянган паспортонд сунгалт хийжээ. Нэг хэсэг иргэдээс үүдэлтэй зөрчил их гардаг байсан бол сүүлийн үед бүртгэлийн систем сайжирч энэ төрлийн асуудал үүсэх нь багасчээ.

Мөн иргэд 100 айлын түгжрэл рүү гадаад паспортоо авах гэж олон удаа явах шаардлагагүй болсон байна. Учир нь, паспортаа захиалахдаа 3500 төгрөг тушаагаад хаягаар паспортаа хүргүүлж ажил дээрээ, гэртээ гээд хүссэн газартаа авч болдог үйлчилгээг нэвтрүүлснийг УБЕГ-ын Иргэний бүртгэлийн газрын дарга Ц.Батцайз онцоллоо. Гадаад паспорт шинээр авах бол нэг жил таван жил гэсэн хугацаатайгаар захиалж болно. Нэг жилийнх нь үнэ 16800 төгрөг бол таван жилээр авахад 32600, яаралтайгаар гурав хоногийн хугацаанд гаргах бол 10 мянган төгрөг нэмж тушаана. Энгийн хугацаа нь ажлын долоон өдрийн дотор гарч байгааг УБЕГ-аас хэлж байна. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment