Saturday, September 13, 2014

Марианна 18+

- Эротик өгүүллэг -

Анаис Нин /Франц/
Миний бие өөрийгөө «янхны газрын уран зохиолын хэсгийг хариуцсан хатагтай» бөгөөд «садар самуун зохиол цуглуулагч» нэгэнд худалдах зорилгоор зохиол бичдэг өлөн хоосон зохиолчдыг ивээн тэтгэгч хэмээн өргөмжлөв. Тиймэрхүү зохиолыг би өөрөө анхлан бичиж эхэлсэн бөгөөд бүтээлээ өдөр болгон цохиулахаар нэгэн залуухан бүсгүйд өгдөг байлаа.
Тэр залуу бүсгүйг Марианна гэх агаад уг нь бол зураач авч оройн цагаар бичгийн машин дээр юм цохин нэмэлт орлого олдог байлаа. Тэрбээр алтлаг шар өнгөтэй өтгөн үстэй, тунгалаг цэнхэр нүдтэй, царай нь зуйван бөгөөд хөх нь сэргэр том авч энэ бүх сайхан шинж чанараа улам илэрхийлэхийн оронд эв дүй муутай хувцас, хуучны хэв маягийн цамц, сургуулийн охидынх шиг банзал хийгээд муу шаахайны цаана харин ч нууж явахыг эрмэлздэг авай. Тэрбээр хөдөөгийн нэгэн жижигхэн хотоос ирсэн бөгөөд Пруст, Краффт-Эбинг, Маркс, Фройдын зохиолуудыг уншиж чамгүй гэгээрсэн гэлтэй.

Мэдээж хэрэг, тэр янаг амрагийн олон явдалтай учирч байсан гэдэг ч хамгийн хачирхалтай нь бие цогцсоороо «дурлалын явдлыг» мэдэрч үзээгүй гэлцдэг. Тэрбээр өөрийгөө ямагт хуурч, эрчүүдтэй нэг оронд байна хэмээн төсөөлөн өөрийгөө илэн таалж, улмаар жаргалын дээдийг амтлахаас хэтэрдэггүй нэгэн. Тэр бүү хэл, ийн өөрийгөө «жаргаах» нь ч түүний хувьд дээдийн заяа юм.

Үнэн хэрэгтээ түүний бие цогцос бүрэн гүйцэд боловсроогүй, сексийн ажилд хараахан бэлэн болоогүй мэт. Түүний сэтгэлийг юу ч тэгтлээ гүнзгий хөнддөггүй байв. Түүнийг бараг охин биеэрээ байгаа гэхэд болно. «Бараг» шүү. Түүнийг манай ажлын өрөөнд орж ирэхэд л би үүнийг нь мэдэрсэн юм. Цэрэг эр юунаас айдагаа нууж явдагийн адил тэрбээр яагаад ийм хүйтэн байдгаа хэлэхээс татгалзав. Гагцхүү тэрбээр сэтгэлзүйчид бас очдог байв.

Би эротик өгүүллүүдээ цохуулахаар өгөхдөө эр, эмийн явдлыг увайгүйгээр дүрслэн бичсэн зохиолууд түүнд ямар нөлөө үзүүлдэгийг мэдэх нь туйлын их сонирхол татаж байв. Оюун ухааны зориг хийгээд хэрэгт дуртай зан ямар ч эмэгтэй хүнд байдаг ч түүнд ичимхий зан илүүтэйгээр давамгайлна. Гагцхүү тэрбээр үүнийгээ нуухыг ихэд хичээнэ. Харин надад энэ зан нь үе үе мэдрэгддэг байв. Тэр бүү хэл, түүнийг хэзээ ч нүцгэн биеэ наранд шарж үзээгүй, нүцгэн байхаас үхтлээ ичдэг болохыг нь мэдсэн билээ.
Марианна нэгэн залуутай өнгөрүүлсэн үдшийг хэзээ ч мартдаггүй ажээ. Цаадахь нь эхлээд түүнийг ихэд өдөөн хоргоосон авч Марианна царай өгөөгүй бөгөөд түүнийг явахаар завдахад нь залуу түүнийг барьж аваад хүчээр хананд шахаж зогсоогоод хөлийг нь өргөж байгаад шууд л эзэмдэж орхисон гэдэг. Хачирхалтай нь, тэр мөчид бүсгүй юу ч мэдрээгүй бөгөөд харин дараа нь энэ тухайгаа санах болгондоо бие нь халуу шатаж, галзуурах нь уу гэлтэй болдог байсан ажээ. Тайвширсныхаа дараа тэрбээр нэгэн хүчирхэг гар өөрийг нь барьж аван чийрэг биеэрээ хаашаа ч зугтахын аргагүй хананд шахаж байгаад нь эзэмдэж байсан тэрхүү агшныг ахин нэг мэдрэхийн төлөө юугаа ч өгөхөд бэлэн болдог байв.

Нэгэн удаа тэр цохисон материалаа надад цагт нь авчирч өгсөнгүй. Би түүний ажлын өрөө рүү юу болсныг мэдэхээр очоод хаалгыг нь тогшлоо. Хариу өгсөнгүй. Марианнаг хаа нэгтээ ажлаар гарсан юм байлгүй хэмээн бодоод би хаалгыг нээлээ. Өгсөн үүрэг даалгавар хэр явцтай байгааг үзэхээр бичгийн машинд дөхөж очтол огт танихгүй өгүүлэл байхыг олж харав. Эхэндээ би өөрийнхөө бичсэн зүйлийг мартагнадаг болоо юу даа гэсэн сэтгэгдэл төрөв. Гэвч тийм юм байх ёсгүй. Түүнийг яах аргагүй би бичээгүй байлаа. Ингээд би уншиж эхлэв. Тэгтэл ч надад бүх зүйл тодорхой болов.
Ажлын үеэр Марианнад өөрийн зовлонгоо цаасан дээр буулгах хүсэл төрсөн ажээ. Тэр ингэж бичжээ:
«Бусдын зохиолыг унших явцдаа би өдийг хүртэл юуг ч туулаагүй, юуг ч мэдрээгүй, таашаал амсаагүй мэт сэтгэгдэл өөрийн эрхгүй төрөх юм. Миний сексийн туршлага бол ердөө л бие махбодын төдийхөн байжээ гэдгийг би ойлголоо. Бэлэг эрхтэнүүд шүргэлцэж, үрэлцэж байхад надад ямар ч сэтгэлийн оч, хүсэл тачаал, таашаалыг мэдрүүлээгүй билээ. Чухам яаж ийм зүйлд хүрдэг юм бол? Энэ бүх зүйлийг хэрхэн мэдэрч сурах вэ? Дурлалт хархүүгээ гудамжны нөгөө өнцөгт харахаар л зүрх булгилан догдолж, хамаг биеэр гүйдэл гүйн, хоёр хөлний хооронд бүх юм хайлан урсахтай адил дурлаж үзэхсэн. Түүнийхээ тухай бодохуйд л хамаг биеэрээ түүнийг мэдэрч, бодол санаандаа дур тавих хүртлээ дурлахыг хүсч байна.

Өнөө өглөө би зургаа зурж суутал хаалгыг минь аяархан тогшлоо. Намайг хаалгаа тавьж өгөхөд дажгүй царайлаг ч нэлээд сандарч тэвдсэн даруухан залуу зогсч байлаа. Тэр надад шууд л таалагдсан.
Тэр миний ажлын өрөөнд бэргэсэн маягтай орж ирээд ийш тийш ажиглалгүйгээр над руу гуйсан харцаар ширтэн:
- Намайг тань руу миний нэг танил явууллаа. Та зураач биз дээ? Би зөв ойлгож уу? Та надад нэг ажил хийж өгөх хэрэгтэй байна. Таны зөвшөөрөх эсэхийг би мэдэхгүй л дээ. Та хүсэх болов уу? хэмээн түгдчив.
Тэр сандарсандаа болоод минчийтлээ улайсан байлаа. Биеэ яг л хүүхэн шиг авч явах шиг надад санагдав.
- Та ороод суугаач дээ гэж би түүнийг жаахан тайвшруулах үүднээс хэлэв. Тэгтэл ч тэр миний зурсан зургуудыг ажив бололтой. Тэд бүгд хийсвэр зурагнууд байлаа.
- Та жирийн хөрөг зурж чадах уу? хэмээн тэр асуув.
- Мэдээж, чадалгүй яахав гээд би түүнд зурагнуудаа үзүүллээ.
- Тун шийдэлтэй зурагнууд юм гэж тэр булчинлаг тамирчны зургийг харан биширсэн бололтой хэлэв.
- Та өөрийнхөө хөргийг зуруулах гэсэн юм уу?
- Тийм ээ. Бараг тийм. Үгүй ч гэх юм уу даа. Надад хөрөг хэрэгтэй байна. Гэхдээ та ойлгоорой, тун өвөрмөц хөрөг. Тиймээс таны зөвшөөрөх эсэхийг сайн мэдэхгүй байна л даа...
- Яагаад зөвшөөрөхгүй гэж?
Тэр хэсэг түгдэрч байснаа:
- Та надад яг ийм хөрөг зураг зурж өгч чадах уу? гээд нүцгэн зуруулсан тамирчны хөргийг заалаа.

Миний ямар хариу хэлэхийг тэр хүлээж байв. Би зургийн сургуульд сурч байхдаа нүцгэн эрчүүдийг харж сурсан бөгөөд түүний ийм бүрэг аймхай байдлыг хараад зөвхөн инээмсэглэв. Түүний гуйлтад гаж юм ер байсангүй. Харин нүцгэнээр өөрийгөө зуруулсан тэр залуугаас би хөлс авна гэдэг жаахан эвгүй мэт санагдаж байлаа. Энэ тухайгаа ч би түүнд илэн далангуй хэлээд зураачид олгогдсон эрхийн дагуу зурах объектынхоо гүн цэнхэр нүд, гаран дээрх бужгар шаргал үс, нүүр царайг нь шинжин ажиглав. Түүнд эмэгтэй хүний зарим нэг шинж цогцолсон бөгөөд энэ нь ч миний сэтгэлийг ихэд татав.
Түүний гар нь зөөлөн, уян налархай ажээ. Тэр язгууртан гаралтай болов уу гэмээр биеэ туйлын цэвэрхэн авч явдаг аж. Түүнийг мэргэжлийн үүднээс сонжих нь их таалагдсан бололтой арай цоглог болж эхлэв.
- Та яг одоо ажлаа эхлэхийг хүсч байна уу? Үнэндээ надад энд жаахан мөнгө байна л даа. Үлдсэнийг нь би маргааш авчирч өгье гэж тэр хэлэв.
Би угаалтуур болон миний хувцас өлгөөтэй байдаг булан руу заав. Ингээд цаас, нүүрс бэлдэж, сандлаа татаж суугаад харандаагаа үзүүрлэж эхлэв. Тэр залуу хувцсаа жигтэй удаан тайлж, өөртөө миний анхаарлыг хандуулахыг хичээж байх шиг санагдав. Гартаа нүүрсэн харандаагаа бариад би түүн рүү зоригтой харлаа.
Тэр ямар нэг нандин зүйл, ёслол үйлдэж байгаа мэтээр яаралгүйхэн тайчиж байлаа. Залуу миний нүд рүү хараад тэгшхэн цагаан шүдээ яралзуулан инээмсэглэхэд би түүний арьс цонхоор тусах нарны гэрлийг атласан даавуу өөртөө шингээх адил зөөлөн булбарай болохыг анзаарав.

Энэ мөчид гаран дахь харандаа минь амилж, түүний биеийн хэсэг бүрийг илэн таалахуйд ямар мэдрэмж төрөх бол хэмээн төсөөлөн зурж эхлэв. Тэр цув, цамц, гутал, оймсоо тайлж зөвхөн өмдтэйгээ үлджээ. Тайчигч бүсгүй гарааныхаа өмнө нөмрөгөө барьдаг шиг тэр өмдөө чанга гэгч атгаад над руу харсаар байв. Түүний нүүрэнд илрэх сэтгэл хангалуун байдлыг би ойлгож ядан байлаа. Дараа нь тэр бөхийж бүсээ тайлахад өмд нь шувтрав. Ингээд миний өмнө чармай нүцгэн, сэрэл нь хүчтэй хөдөлсөн байдалтай эр харагдав. Түүнийг хараад би нэг хэсэгтээ балмагдав. Хэрвээ сэтгэлээ барьж чадахгүй бол мөнгө авч чадахгүй, гэтэл надад мөнгө хэрэгтэй хэмээн би дотроо бодлоо.
Түүний юу хүсээд байгааг би нүднээс нь уншихыг оролдов. Түүний нүд «Битгий уурлаарай. Намайг уучлаарай» гэх шиг санагдана.
Ингээд би зурахыг оролдов. Үнэндээ сонин тохиолдол байлаа. Түүний толгой, хүзүү, гарыг зурахад ядах юмгүй байлаа. Харин түүний биеийн бусад хэсэг рүү гүйлгэн харахад түүнд ямар нэг нөлөө үзүүлж байгаа нь илт болов. Бэлэг эрхтэн нь үл мэдэг чангарч эхлэв. Би түүний тэр эмзэг эрхтэнийг гуя, хөлнийх нь адилаар огтын сэтгэл хөдлөлгүйгээр зурж болох байв. Гэвч миний онгон хальс халуу оргихыг мэдрэв. Тэр чухал зүйлийг туйлын удаан анхааралтай зурахгүй бол түүний хуял тачаал надад ч халдаж болохыг ойлгов. Үгүй ээ, залуу огт хөдөлсөнгүй. Тэр хөшөө мэт зогсох агаад туйлын сэтгэл хангалуун харагдах ажээ. Харин би л юунаас болоод байгаа нь мэдэгдэхгүй дотор самуурч байв.
Би ажлаа дуусч, залуу ч тайван гэгч нь хувцаслаад надад дөхөж ирэн гар бариад:
- Би маргааш яг энэ цагтаа ирж болох уу? хэмээн асуув...»

Гар бичмэл ингээд дууссан байлаа. Тэгтэл ч Марианна инээмсэглэсээр өрөөнд орж ирэв.
- Энэ хачирхалтай адал явдал биш гэж үү? хэмээн тэр надаас асуув.
- Түүнийг явсны дараа юу болсон нь надад сонирхолтой байна.
- Дараа нь уу?.. Тэр өдөржингөө миний сэтгэл хөдөлж, байж ядан байлаа. Түүний сайхан бие, хөвчирсөн эрхтэнийг нь санахуйд бүхий л бие хачин болж, огт тайвширч өгөхгүй байсан. Зурсан зургаа би хараад түүний анхаарлыг нэг л зүйл татсан болохыг ойлгосон. Намайг туйлын их хүсэл эзэмдэж өдөржингөө зовоосон. Тиймэрхүү эрэгтэй хүнд өөр рүү нь эмэгтэй хүн анхааралтай ширтэх нь хамгийн сонин байдаг бололтой.
Энэхүү үйл явдал жирийн л нэг ээлжит адал явдал байж болох авч Марианнагийн хувьд онцгой ач холбогдолтой ажээ. Марианна тэр залууг улам сонирхох болсон нь миний нүдэнд илт байлаа. Хоёр дахь уулзалт ч мөн эхнийхтэй адил өрнөсөн бололтой. Тэд хоорондоо үг ч солилцоогүй аж. Марианна ч онцгой оролдсонгүй. Бүсгүй хүн өөрийн нь нүцгэн биеийг анхааралтай ажиглаж байгаад дээд зэргийн таашаал амсуулж буйг тэр залуу өөрөө ч гүйцэд ухаараагүй бололтой. Тэр үеэс л Марианна өдөр болгон ямар нэг гайхамшигт шинэ зүйлийг нээж байсан гэдэг. Залуугийн биеийн хэсэг бүр өөлөхийн аргагүй сайхан ажээ. Харин залуу бүсгүйн биеийн аль нэг хэсэгт анхаарлаа хандуулаасай гэж хүсэх авч амжилтгүй болно. Марианна өдрөөс өдөрт турж эцэн, биелүүлээгүй нууцхан хүслээсээ болж зовж шаналж байв.

Түүнд бусдын сексийн адал явдлын тухай уншиж, бичих явдал ихээхэн нөлөөлсөн нь илт. Түүнд итгэж болох учраас бүх зохиолчид ганцхан түүнд л гар бичмэлээ өгдөг болсон байв. Сэрвэгэр том хөхтэй бяцхан Марианна шөнө бүр эр, эмийн явдлын талаарх сэрэл хөдөлгөм яруу үгсийг цохон суудаг байв. Зарим тохиолдолд түүнд бүр ч их нөлөөлж, нэг хэсэгтээ л байж ядан тайвширч чадахгүй зовно.
Түүнд хүчирхийлэл таалагддаг байв. Тэр залуутай учирсан явдал нь туйлын ер бусын санагдана. Түүний биеийг анхааралтай ажигласны төлөө илж таалснаас илүү сэрэл хөдөлж, бэлэг эрхтэн нь чангаран босч өөрт нь туйлын таатай байдагт нь бүсгүй нэг л итгэж өгөхгүй байлаа. Залууг ийм хүлцэнгүй байх тусам бүсгүй түүнд хүч хэрэглэхийг ихэд хүснэ. Чухам яаж тэр залууд өөрийг нь эзэмдэх хүсэл төрүүлэх вэ хэмээн тэр бодсоор байлаа.
Түүнийг зурж байхдаа түр ч атугай унтуулж, тэр хойгуур нь хүссэнээрээ илж таалан, нойрмог чигээр нь эзэмдэх хүсэл Марианнад төрнө. Эсвэл бүсгүйг хувцсаа сольж байх тэр агшинд тэр залуу орж ирээд өөрийн биеийн гоо сайхнаар сэрэл тачаалыг нь хөдөлгөөсэй гэж мөрөөднө.

Нэгэн удаа түүнийг хүлээж байхдаа хаалгаа хагас онгорхой орхиж, хувцсаа сольж байхад нь залуу орж ирсэн авч тэр дороо нүүр буруулж гарт тааралдсан номоо шүүрэн авчээ. Түүнийг зөвхөн ширтэж байж л хуял тачаалыг нь өдөөж болох ажээ. Марианна түүнд соронзон мэт татагдаж байлаа. Хөрөг зураг ч дуусах дөхөж байв. Бүсгүйд залуугийн биеийн эрхтний өчүүхэн хэсэг бүр танил болж шаргал, гэгээлэг арьсны өнгө, гарынх нь булчин шөрмөс бүр, хамгийн гол нь сэрж боссон хатуу чанга бэлэг эрхтэн нь хэдийн танил болжээ.
Бүсгүй залуугийн сүүдрийг оновчтой тусгахын тулд зассан ард талын цаасан хөшгийг тэгшлэхээр босов. Залуугийн өмнө очоод биеэ барьж чадсангүй боссон эрхтэний нь өмнө сөхрөн суувай. Шууд хүрч зүрхэлсэнгүй авч түүнийг харан биширч:
- Ямар сайхан юм бэ? хэмээн бувтналаа.
Залууд энэ үг нөлөөлсөн бололтой илд мэт бэлэг эрхтэн нь улам хөвчирч эхлэв. Бүсгүй түүнд нь амаараа хүрч болохуйц тийм ойрхон суужээ.
- Ямар сайхан юм бэ хэмээн давтан хэлэв.

Залуу үүний хариуд огт хөдөлсөнгүй тул бүсгүй улам ойртон амаа үл ялиг ангайлгаад бэлэг эрхтэний толгойг хэлээрээ зөөлхөн шүргэв. Залуу гуйвсан ч үгүй, харин ч эрхтэнийг нь хэлээрээ зөөлөн энхрийлэх түүний нүүр рүү харсаар байв. Бүсгүй муур мэт болгоомжтой ирвэгнүүлж байснаа ам руугаа гүйцэд хийн уруулаа жимийлээ. Эрхтэн чичирхийлэв.
Залууг эсэргүүцэх вий хэмээн болгоомжилсноос бүсгүй үүнээс цаашихыг хийж зориглосонгүй. Залуу ч ахин үргэлжлүүлэхийг хүссэн шинж тэмдэг өгсөнгүй. Түүний сэтгэл ханажээ. Марианна босч ажилдаа эргэн орлоо. Гэвч сэтгэл санаа нь хямарсаар л байлаа. Парист худалдаалагддаг хямдхан кинонуудын дүрснүүд нүдний нь өмнүүр жирэлзэнэ. Марианна биеэ дээд зэргээр барилаа.
Маргааш өдөр нь Марианна мөн адил түүний өмнө сөхрөн сууж, бэлэг эрхтэнийг нь бишрэн мөн л урьдын адил зөөлхөнөөр ирвэгнүүлэн үнсч, амтат жимс үмхэлж байгаа мэт амталлаа. Залуугийн бие татвалзаж байснаа сүү мэт цагаан, зунгааралдсан шингэн аман дотор мэдрэгдэхэд бүсгүй даралтаа нэмэн хэлээ улам хүчтэй хөдөлгөн хөхөв.

Залуу дур тавьж, амссан таашаалаасаа болж нүдээ анин бага зэрэг дуу алдахыг ажиглаад бүрмөсөн дуусгахын тулд ямар нэг хөдөлгөөн хийх байх гэж бодоод Марианна хөдөлгөөнөө зогсоов. Эхлээд залуу огт хөдөлсөнгүй. Эрхтэн нь цусаар булгилан чухам эцсийн таашаалыг мэдрэхэд бэлэн болсон байхад залуу өөрөө гараа явуулж Марианнагийн оролцоогүйгээр дуусгахыг хүссэн мэт болох нь бүсгүйг гайхшруулж орхив. Бүсгүй гарыг нь түлхээд эрхтэнийг нь ахин амандаа хийн хоёр гараараа илэн таалсаар хүслийг нь гүйцэлдүүллээ. Залуу Марианна руу талархсан шинжтэй хараад:
- Чи бол анхны эмэгтэй, анхных.. гэж шивнэсээр байв.
Төдөлгүй Фрэд түүний урлангийн өрөөнд бүр нүүн иржээ. Тэд орондоо чармай нүцгэн хэвтэцгээж, харин Фрэд Марианнаг хүслийн бал бурам бүхий бэлэг эрхтэнтэй гэдгийг анзаараагүй мэт аашилна. Тэр бүсгүйгээр зөвхөн илүүлж таалуулж, тэрнээсээ дээд зэргийн таашаал авдаг ч Марианна огт дур ханадаггүй байлаа. Фрэдын ганц хийж чаддаг зүйл бол гараараа хэлүүг нь илбэх явдал. Бүсгүй эрхтэнийг нь энхрийлэх үеэр Фрэд цэцэг мэт хэлүүг нь оролдохоос цаашгүй. Хэлүү нь памбайж хөөхөд цохилж буй судсыг нь гараараа мэдэрнэ. Марианна ч үүнийх нь хариуд хангалттай энхрийлэх авч гол нь түүний эрхтэнийг биедээ оруулах, биеэ бүрэн эзэмдүүлэхсэн гэхээс байж ядна.

Нэг удаа тэр гар бичмэлүүдийг Фрэдэд уншуулав. Магадгүй, үүний дараа бүсгүйг эзэмдэх хүсэл төрөө ч бил үү? Тэд орондоо нүцгэн хэвтээд хамтдаа уншлаа. Тэр эр, эмийн явдал өрнөж буй хэсгийг чанга дуугаар сэтгэл хангалуун гэгч нь тод уншиж байлаа. Тэглээ гээд өөрийнхөө нүцгэн биеийг Марианнад харуулахаас цаашгүй ажээ. Фрэдыг сэтгэлзүйчид очихыг зөвлөв. Тэр зөвшөөрсөнгүй. Марианна өөрийн мэдрэмжийг цаасан дээр буулгахыг ятгах гэж оролдов. Фрэд энэхүү саналыг сонсоод эвгүйцэж, ичсэн бололтой авч дараа нь Марианнагаас нуун байж ямар нэг гэмт үйлдлээ дүрсэлж буй мэт юм бичиж эхэллээ.
Нэг өдөр огт санаандгүй байж байгаад Марианна бичсэн зүйлийг нь олоод уншчихав. Түүнд мөнгө их хэрэгтэй байж л дээ. Тэр барьцаалан зээлдүүлэх газар бичгийн машин, өвлийн хүрэм, бугуйн цагаа барьцаалсан агаад одоо тавих юмгүй болсон байв.
Марианна түүнийг халамжлахыг огт хүсдэггүй гэнэ. Үнэндээ байр, хоол, хувцас авахын тулд шөнө дөлөөр их ажилласнаас Марианнагийн хараа муудсан байв. Тиймээс Марианнагийн цохисон материалыг цуглуулдаг хүнд Фрэд өөрийн бичмэлээ аваачиж өгсөн аж. Гар бичмэлийг гаргахад хэцүү учир Марианнад түүнийг нь цохиулахаар өгсөн нь тэр ажээ.

Түүний ийм идэвхигүй байдлын шалтгааныг олж мэдэхийн тулд Марианна цохихын өмнө яаравчлан уншив. Тэнд нь:
«Сексийн амьдрал бол нууцлаг нэгэн ертөнц юм. Сайн найзууд ч өөрийн явдлыг бие биедээ огт ярьдаггүй шүү дээ. Марианна бид хоёр туйлын хачирхалтай уур амьсгалд амьдардаг. Бидний ярьдаг, уншдаг, бичдэг зүйл бол тэр чигтээ эр, эмийн ёсны тухай билээ. Тэр үед би бараг мартах шахсан нэгэн явдлыг дурсан санав. Би арван тавтай бөгөөд сексийн амьдралд хөл тавиагүй байлаа. Манай гэр бүл Парист байр хөлсөлдөг байсан бөгөөд хэд хэдэн тагттай байлаа. Зун нь би гэртээ нүцгэн явах дуртай байв. Нэг удаа би тагтныхаа хаалгыг хаахаа мартсан бөгөөд эсрэг талын байшингийн тагтнаас намайг нэгэн бүсгүй ажиглаж байхыг анзаарав. Тэр тагтан дээрээ суугаад огт ичиж зовсон шинжгүй намайг анхааралтай гэгч нь ажиглаж байх агаад түүнийг анзаараагүй мэт дүр эсгэх нь миний сэрлийг хөдөлгөж орхив. Намайг анзаарсныг мэдвэл босоод явчихна гэхээс би айж байв. Миний сэрэл тачаал хөдөлснөөс би өөрийгөө энхрийлж, илж таалан, миний хөдөлгөөн бүрийг ажиж байгаа гэхээс улам л байж ядав. Миний хэвтэж байсан орон дээрээс түүний гоо үзэсгэлэнт бие цогцос тодхон харагдаж байлаа. Түүн рүү би харж байгаад бэлэг эрхтэнээрээ оролдон дур тавьж билээ.

Тэр үед тэр эмэгтэй босоод явчихав. Намайг хараад мөн л хуял тачаал нь хөдөлсөн бололтой. Маргааш өдөр нь түүнийг тагтан дээрээ гарч ирэхийг би догдлон хүлээлээ. Нөгөө л цагтаа гарч ирээд над руу ширтэж эхэллээ. Нэлээн зайтай байсан болохоор би түүний инээмсэглэж буйг харахын аргагүй байв. Би ахин орон дээр хэвтэн өчигдрийн үйлдлээ давтсан билээ. Бид хөршүүд байсан ч гудамжинд тааралдахаас зайлсхийнэ. Миний хувьд хэзээ ч авч байгаагүй, юутай ч зүйрлэшгүй тийм сайхан таашаалыг мэдрэх явдал юм. Тэр явдлыг санах бүрийд миний эрхтэн хөвчрөн босдог. Марианна ямар нэг хэмжээгээр надад таашаал амсуулдаг юм. Намайг өлөн нүдээр ажиж, бишрэн бахдаж, миний өмнө сөхрөх нь таалагддаг» гэжээ. Үүнийг уншаад Фрэдын идэвхигүй байдлыг хэзээ ч арилгаж чадахгүй гэдгээ Марианна ойлгожээ. Уйлав. Гэсэн ч тэр Фрэдэд хайртай аж. Тэр энхрий ялдам билээ. Марианна бол уран зургийнхаа хувьд туршлагатай ахмад зураачид тооцогдоно. Тиймээс өдөр болгон дугуйланд очно. Фрэд будаг, бийрийг нь хүргэж өгөх шалтгаар түүнийг дагаж очих дуртай. Хожим нь Фрэдыг огт өөр зорилготой болохыг Марианна олж мэджээ. Түүнд биеэ нүцгэн зуруулагчид таалагддаг аж. Үүнийг мэдээд Марианна тэсвэр алджээ. Тэр өөрөө тийм болохыг хүсдэг ажээ. Тэгэхээр хэнд ч хамаагүй биеэ харуулж, тэр болгондоо таашаал авахыг хүсдэг аж. Марианна түүний бүх хөргийг урж хаяад тэр мөчөөс эхлэн Фрэдээс зугтах болжээ. Төдөлгүй тэд уулзалдахаа болив.
Ингээд Марианна ахин ганцаар үлдэж, эротик өгүүллүүдээ цохисоор байгаа гэнэ лээ.

Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment