Tuesday, March 12, 2013

Н.Шийтэр: Бөөрний үрэвсэлт өвчинд бэлгийн замын халдвар ч нөлөөлдөг

Мягмар гараг Гуравдугаар сар 12, 10:38 am

 Бөөрний өвчлөл сүүлийн үед нэмэгдэж байгаа гэж яригдах болсон. Энэ талаар Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгийн дотрын I тасгийн эрхлэгч, хүний их эмч Н.Шийтэртэй ярилцлаа.

-Сүүлийн жилүүдэд бөөрний өвчин ихэсч байгаа гэж ярих юм. Энэ нь юутай холбоотой вэ?

-Дэлхийн хэмжээнд өвчлөлийнхөө байдлаар нэгдүгээрт зурх судас, хоёрдугаарт, хоол боловсруулах эрхтэн, гуравдугаарт, бөөрний өвчин ордог гэж үздэг. Монголчуудад бөөрний өвчин яагаад элбэг тохиолддог вэ гэхээр эрс тэс уур амьсгалтай холбоотой. Мөн хүмүүсийн хооллолт, ажлын ачаалал, амьдралын хэв маяг нөлөөлдөг гэхэд болио. Хүнд хүчир ажил хийдэг, удаан хугацаагаар гадаа зогсдог гэх ч юм уу.

Бас хувийн ариун цэвэр, залуучуудын хувцаслалттай ч холбоотой байдаг. Нөгөө талаас бөөрний өвчин ихсээд байна гэдэг нь оношлогоо сайжирсантай, мөн хүмүүсийн өөртөө анхаарал тавих нь нэмэгдсэнтэй холбоотой.

-Бөөр бие организмд ямар үүрэг гүйцэтгэдэг вэ. Ихэнх хүн зөвхөн шээс ялгаруулдаг гэж ойлгодог шүү дээ? -Бөөр бие организмд ялгаруулах, бодисын солилцоо, хүчил шүлтийг тэнцвэржүүлэх, артерийн даралтыг зохицуулах гэх мэт маш олон үүрэг гүйцэтгэдэг.

-Бөөрний сүрьеэ, үрэвсэл гээд олон төрлийн өвчлөл байдаг. Эдгээрээс хамгийн элбэг тохиолддог нь ямар өвчлөл байдаг вэ?

-Халдварын гаралтай үрэвсэлт өвчнүүд. Жишээлбэл, 1-3 насны охид бөөрний үрэвсэлт өвчнөөр өвчлөх нь их байдаг. Энэ насны охид хөвгүүдийн бөөрний өвчлөлийг харьцуулахад 8/1 байдаг. Мөн 6-14 насны охид систитээр өвдөх магадлал ихтэй. 18-30 насны буюу төрөх насны эмэгтэйчүүд, 60-аас дээш насны эрэгтэйчүүдэд элбэг тохиолддог.

Энэ нь тухайн насныхаа анатоми физиологийнхоо онцлогтой холбоотой байх жишээтэй. Бөөрний өвчнөөр нэгэнт өвдөөд эхэлсэн тохиолдолд цаг алдалгүй зөв оношлуулж эмчлэх хэрэгтэй. Тэгээд ажил хөдөлмөрөө зөв зохицуулах, мэргэжлийн эмчийн хяналтад байж биед байгаа архаг халдварын голомтуудыг эмчилж эдгээх хэрэгтэй.

Тэгэхлээр хурц өвдсөнийхөө дараа заавал нэгээс доошгүй жил мэргэжлийн эмчийн хяналтанд байх ёстой. Эхний хоёр сардаа 14 хоног тутамд шээсний шинжилгээ өгөх, дараагийн 1-2 cap тутамд шээсний ерөнхий шинжилгээ болон бөөрний үйл ажиллагааны шинжилгээ өгөх ёстой. Дараагийн зургаан сард бөөрний үйл ажиллагааны болон бүтцийн шинжилгээ өгч хянаж байх хэрэгтэй. Ингэж анхдагч, хоёрдогч урьдчилан сэргийлэх шинжилгээ, эмчилгээг хийлгэснээр дахилтаас урьдчилан сэргийлж намжмал байдалд удааг хугацаагаар байлгах ач холбогдолтой.

-Энэ өвчнөөс яаж урьдчилан сэргийлэх вэ?

-Ер нь бөөрний өвчнөөс урьдчилан сэргийлэх нь даарч хөрөхгүй байх, зөв хооллож, ажлын ачааллаа тохируулах, хувийн болон бэлгийн ариун цэврийг сахих гэх мэт энгийн аргуудаас эхэлнэ. Бөөрний үрэвсэлт өвчинд өгсөх замын халдвар буюу бэлгийн замын халдвар ч нөлөөлж байдаг. Иймд бөөр, эмэгтэйчүүд, арьс өнгөний эмч нар хамтран ажиллах хэрэгтэй. Ингэж байж бөөрний өвчнөөс урьдчилан сэргийлж чадна. -Бэлгийн замын халдварт өвчин ихэссэн байгаа шүү дээ. Тэгвэл энэ нь бөөрний өвчин ихсээд байгаагийн нэг шалтгаан гэж ойлгож болох уу?

-Тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа гэж ойлгож болно.

-Бөөрний үрэвсэлт өвчнөөр өвдсөн тохиолдолд хоолны ямар дэглэм барих вэ?

-Архи, тамхи, согтууруулах ундаа, халуун ногоо, давс, чихэрийг хориглоно.

-Бөөр өвдөхөд ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

-Өвдөлтийн болон шээсний хам шинж ерөнхий үрэвслийн хам шинжүүдээр илэрдэг.

-Хүмүүс шээсээ удаан хугацаагаар хураадаг. Энэ нь хортой юу?

-Хортой. Эрүүл хүн үдээс өмнө гадагшлуулах шээснийхээ 2/3-ыг, үдээс хойш 1/3-ийг гадагшлуулж байх ёстой. Шээсийг удаан бариад ирэхээр өвчин үүсгэгч микрофлорууд идэвхжих таатай нөхцөлийг бүрдүүлж улмаар өгсөх замаар халдвар дамжих эх үүсвэр болдог.

-Бид бөөрөө өвдөхөөр гол төлөв химийн гаралтай эм бэлдмэлээр түргэн хугацаанд өвчнийг нь дарахыг хичээдэг. Гэтэл зарим хүн тэхийн шээг гэх мэт өвс, ургамал хэрэглэх нь үр дүнтэй гэдэг?

-Нэгэнт хурц өвдсөн үед антибиотик болон үрэвслийн эсрэг эмээр эмчлэх шаардлагатай. Харин эмчилгээний дараа ургамлын гаралтай бэлдмэлийг ууж хэрэглэх нь бөөрийг угааж цэвэршүүлэх үйлдэл үзүүлдэг.

-Бид нуруугаа өвдөхөөр бөөр өвдлөө гэж таамгаар эм уудаг. Энэ хоёрыг яаж ялгах вэ?

-Бөөрний өвчлөлийг нурууныхтай андуурдаг. Тэгэхлээр нарийн мэргэжлийн эмчид хандаж оношлуулсны дараа л эмчилгээг эхэлнэ. Иймд манайхан эмийн зохистой хэрэглээнд анхаарлаа хандуулах хэрэгтэй.

Эх сурвалж: 

  • 1 Од2 Од (Үнэлгээ өгөөгүй байна)

    Loading ... Loading ...

  • Үзсэн 4

No comments:

Post a Comment