Жагсаалын "сезон" эхлэв үү?
Урин дулаан цаг болж, ургамал, навч урган төлжиж байна. Урин дулааныг нь санагалзсан энэ хаврын анхны жагсаалын салхийг орон байраа хүлээсэн хүмүүс "хагалах нь". Өмнөх Засгийн газраас амласан бага, дунд орлоготой иргэдэд зориулсан гэх 100 мянган айлын орон сууцны хөтөлбөр өдгөө үй олон хүмүүсийг хөдөлгөөнд оруулсан ч байранд нь оруулсангүй. Төрийн банкнаас санхүүжилт зогссон учраас иргэдийг байр хүссэн хүсэлтээ эргүүлэн авахыг хүссэн. Иймээс 100 гаруй иргэн маргааш Төв талбайд өлсгөлөн зарлана гэдгээ өчигдөр мэдэгдлээ. Иргэд байртай болохын төлөө хувьдаа байсан хашаа, үл хөдлөх хөрөнгөө зарж, борлуулж, олсон мөнгөө хөтөлбөрийн урьдчилгаанд өгсөн юм. Ингээд байраа хүлээж "цаг нь ирэхээр цасан доороос ч яргуй ургана" гэдгээр хамаатан садныхаараа амьдарч, хажуу өрөө түрээсэлж байгаа тухайгаа учирлаж байна. Гэтэл хүсэлтийг хүчингүй болгох дээрээ тулж байгаа хөтөлбөрт итгэж энэ хүрсэндээ иргэд эгдүүцэж, тэмцлийн арга сонгосон нь жагсаал юм. Нөгөө талаас байр захиалж, мөнгөө тушаасан компаниас мөнгөө буцаан авах гэвэл төлсөн хөрөнгөний 10-20 хувийг шимтгэл байдлаар өгөх хэрэгтэй болж байна гэнэ. Хэн л хий дэмий мөнгөө үрэн таран хийхэв. Дулаарах цаг жагсах иргэдийг ийн нэг хөдөлгөв.
Өөр нэг асуудал бол цөмийн хаягдлыг Монголд булшлахыг хориглосон хүмүүсийн тэмцэл хэзээ ч үл тасарна. Одоогоос хоёр жилийн өмнө Япон улсын Фүкүшимагийн атомын цахилгаан станцад аймшигт осол гарч, хүн төрөлхтөнд мардагдашгүй зовнил үлдээсэн. Тиймээс өчигдөр Монголын ногоон намаас санаачлан "Цөмийн хөнөөлгүй Монгол" цуглааныг хийлээ. Улс орны аюулгүй байдлыг энэ нөхцөлд л ярьмаар гэдэг нь үнэн. Тийм ч болохоор уран олборлох, атомын цахилгаан станц барих, цөмийн хаягдал булшлахыг эсэргүүцэн ийн нэг хөдөлгөөн өрнөөд байна. Хавар болж, дулаарсан биш жагсаалын "сезон" эхэлж байгаа бололтой.
У.БОЛОР
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
No comments:
Post a Comment