Мягмар гараг Гуравдугаар сар 12, 9:58 am
БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ыных байх магадлалтай хэдэн зуун сая долларын хэд хэдэн данс БНХАУ-ын банкуудад байршиж байгаа тухай АНУ болон Өмнөд Солонгосын тагнуулын албанаас мэдээлжээ.
НҮБ-ын АЗ-өөс өнгөрсөн хоёрдугаар сард Умард Солонгос цөмийн туршилт хийсэнтэй холбогдуулан тус улсын эсрэг хориг арга хэмжээг чангаруулах тогтоол батласан тул дээрхи дансыг хаахыг Вашингтон болон Сөүл Хятадын төр засгаас шаардсан ч, тэдний цуглуулсан дансны талаархи баримт бичгүүдэд Бээжин нааштай бус хандсан тухай "Чусон илбо" сонин нийтлэсэн байна.
Америк, Өмнөд солонгосын тагнуулын албаныхны тогтоосноор хэдэн зуун саяар тоологдох уг хэд хэдэн дансыг огт байхгүй хүний нэр дээр буюу хуурамч нэр дээр нээсэн байсан бөгөөд энэ их мөнгө Умард солонгосын удирдагчтай хамааралтай гэдгийг батлах баримттай болсон гэнэ. Хоёр улсын тагнуулын албаныхан уг мэдээллийг илрүүлэхийн тулд маш олон жил зарцуулсан аж.
Дашрамд дурьдахад, "Чусон илбо" сонинд гарсан уг мэдээллийг одоогоор хэн ч үгүйсгээгүй байгаа бөгөөд хэрэв энэ бүхэн үнэн бол БНХАУ болон АНУ хооронд үл ойлголцол үүсэх магадлалтай байгаа юм.
НҮБ-ын АЗ-өөс Умард Солонгосын эсрэг авсан хориг арга хэмжээг чангатгах тогтоолд БНАСАУ-д их хэмжээний бэлэн мөнгө дамжуулах болон банкны шилжүүлэг хийхгүй байх, Умард солонгосын банкуудын салбаруудыг нээх болон санхүүгийн хамтарсан компани байгуулах ажиллагааг таслан зогсоохыг НҮБ-ын гишүүн орнуудад даалгажээ.
Т.Анир.ugluu.mn
-
Loading ... - Үзсэн 86
No comments:
Post a Comment