Tuesday, March 12, 2013

Нүдээ нээж ухаанаа хөвчилцгөөе

Мягмар гараг Гуравдугаар сар 12, 12:27 pm

Ugluunii_sonin

67319_349087641866803_199051310_nДээд хүн суудлаа олохгүй бол доод хүн гүйдлээ олохгүй гэж юутай үнэн. Өдгөө Монголын томчууд уул уур­хайн халууралд дагжин чич­рээд юуг ч анзаарах сөхөөгүй болж орхиж.  "Газар шороо минь"  хэмээн  цээжээ дэлд­дэг байсан  иргэний хөдөл­гөөний эх орончид ч таг.

Өнөөдрийн монголчууд бид­нийг зураглавал эрдэнэ­сийн авдрынхаа түлхүүрийг харийнхны  хүзүүнд өлгө­чи­хөөд авах аргаа хайж ядаж  байгаа тийм л зураглал харагдах аж.

Их сангийн авдраа онги­чуулах нь эргэлзээгүй  болсон  энэ үед эвсэж нэгдэх бус алт эрдэнэсээс нь ахиухан зав­ших арга ухаан сүвэгчилж нам болон талцаж бас сэм хуйвалдаж  авдрын ам онгойх  тэр мөчийг амьсгаа даран хүлээцгээх нь инээдэмтэй бас эмгэнэлтэй.

Харах нүдний нь өмнө  хатаж ширгэн сайр болон ху­вирч буй гол усыг хараад улс­төрчид юу боддог бол. Хөрсийг нь хүчит техникээр хуу­лан  овоолго  болгон сан­даа­­чих мөчид  газар шороо минь хэчнээн  гаслантайгаар  ёолон  уйлдгийг тэд мэдэрдэг болов уу. Эрх биш монгол газар шороонд унасан юм болохоор их багаар мэдэрдэг л биз.

Гэхдээ тэдэнд мэдрэгдэх тэрхүү сүүмгэр мэдрэмж зуу зуугаар нь багцалсан "ногоонтой" сүлэлдээд алга болдог нь нууц яасан харамсалтай.

Сэндчүүлж, хуулуулж ухуул­сандаа  уурсан гасалж буй газар шороо, модыг нь огтолж  тайрдас  болгох аг­шинд нүцгэрсэндээ хилэг­нэж буй уулс, юутай уйтай ха­рагддаг гээч.

Газрын хөрс хөдөлж бай­на уу гэлтэй шоволзож асан тарвага, зээрийн сүрэг хаа­чив. Сайхан урамдахыг нь эхийн тухай дуундаа хүртэл мөнхрүүлсэн, уул хаданд хөг нэмж, монгол хүмүүний хий­морийг сэргээдэг сүрлэг сайхан бугын сүрэг хаачив. Модноос модонд, мөчрөөс  мөчирт дүүлэн тоглох өхөөр­дөм хөөр­хөн жирх, хэ­рэм, зурам хаа­чиж орхив оо.

Бид нэгэн цагт

….Тайгын нуруунд нь ан амьтан шивээлсэн

Талын тэнүүнд нь мал сүрэг налайсан

Тансаг жаргалыг хүн арддаа эдлүүлсэн

Талбиун  нутаг минь сан эрдэнийн өлгий…

хэмээн дуулдаг байсан  маань  ч  бас л түүх болон үлдэх нь.

Энэ л газар шороонд,  тэр тусмаа захгүй говийн  элч нөөлөгтэй хөрсөнд нь унаж хөл, хэлд орсон би хувьдаа харамсаж байна. Харамссаны минь төлөө бурхан намайг хайрлах, харж үзэх  мөч  ирнэ  гэдэгт би хувьдаа бас итгэж байна. Харин хайр гамгүй огтолж сэндчиж, устгаж үгүй хийж наймаалцсан таныг цээрлүүлэх мөч  ирэх нь дамжиггүй ээ.

Уг нь  өвөг дээдсээс өв­лүүлж бидэнд үлдээсэн, бая­лаг ихтэй уудам газар ну­таг минь бид бүгдэд адил ха­маатай. Урсгал усаар нь ундаалж, хөрсөн дээр нь хөл нүцгэн гүйж, уул хад тал хээр, элсэн толгод дээрээ тоглож өссөн бид л жинхэнэ эзэн нь. Бидний хойч үе энэ л газар нутагт  үлдэнэ гэдгийг бид  хэрхэвч умартаж бо­лохгүй. Өвгөдийн үеэс өв­лүүлж үлдээ­сэн баялгийг ухаалгаар, маргаашаа харж хүртээхгүй аваас баялаг бус балаг болж хувирах нь. Энэ баялгийг уралдан идэх үрж дуусгах гэж юунд яарна. "Баяжлаа гээд гурван  хөнжил нөмөрч унтахгүй, цадлаа гээд гурван таваг хоол зэрэг идэхгүй" хүслээ хүслээ гээд хурааж цуглуулсан бүхнээ аваад авсанд орохгүйгээс хойш юунд тэгтлээ хэт шунана.

Хоцрогдсон дорой, ар­чаагүй бүдүүлэг хэмээн өөрс­дийгөө голж, ядмаг сэтгэж байхад  дэлхийд  бид IQ-гээрээ айргийн тавд багтчихсан, "Чингисийн Мон­­голын үеэс л IQ өндөртэй бай­­сан" гэгдэж  байна.

Гийчин хүнд эзний сэтгэл хэзээ ч байдаггүй шиг  баял­гаар минь хөлжиж баяжих шуналтай харийнханд эх нутгийг минь хайрлан хям­гадах сэтгэл байх нь юу л бол. Хамтарч ажиллаж, ха­рилцан ашигтай байх шаардлага буй аваас бид эзний  сэтгэлээр, тэдэнд зоч­ны ёсоор хүндэтгэлтэй хан­даж "Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг" гэдгийг үзүүлмээр бодогдоно.

"Миний Монголын газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг" хэмээн Модун Шанью хаан тэртээ Хүннүгийн үед хэлсэнчлэн эх сайхан нут­гийн­хаа төлөө  нүдээ нээж, ухаанаа хөвчлөх цаг болжээ.

Урсгал нь тасран амь тавьж буй гол мөрөн,  харийн  нутаг руу дайжин нисэх жигүүртэн, ухуулж төнхүүлж сэндчүүлсэн газар шороо, хяргагдаж зул­гаагд­сан ургамал эд бүгд уйлан га­шуудаж өмөг түшиг эрж, биднээс өмгөөлөл хүсч байна.

Нүдээ нээж ухаанаа хөв­чилц­гөөе, монголчууд аа.

С.Цээл

  • 1 Од2 Од (Үнэлгээ өгөөгүй байна)

    Loading ... Loading ...

  • Үзсэн 9

No comments:

Post a Comment