Мягмар гараг Гуравдугаар сар 12, 11:03 am
Хөшөөтийг стратегийн ордын жагсаалтад оруулах тухай ярьсаар даруй хоёр парламентын нүүр үзлээ. Энэ хооронд коксжих нүүрсний тэрбум гаруй тонн нөөцтэй уг ордыг эзэмшдэг хятадууд БНХАУ-ын тэргүүн баячуудын эгнээнд оржээ.
Тодруулбал, "Mongolian Energy Corporation" буюу "Мон Эн Ко" компанийн эзэн Лью Ченлин хэмээх хятад эр 25 тэрбум хонгконг долларын хөрөнгөөрөө 2012-2013 онд Хятадын тэргүүн баячуудын тоонд зүй ёсоор тооцогдох болсон байна. Энэ эр саяхан Хятадын томоохон хэвлэлд "2015 он гэхэд Хөшөөтийн ордоос 15 сая тонн коксжих нүүрсийг Шинжаан руу гаргасан байх болно" гэж ярьсан байх юм.
Монголын баруун хилд тун ойр байршилтай, уул геологийн асар их боломжит нөхцөлтэй /ил аргаар олборлох боломжтой/ Хөшөөтийн ордыг ашиглах болсон түүх нь угаасаа ээдрээтэй байсан. Тэгвэл энэ ээдрээний тоог нэмэх нэг асуудал өнгөрсөн оны сүүлчээс ил болсон ч олон нийтэд мэдэгдэлгүй өнгөрсөн аж.
2007 онд "Мон Эн Ко" компани хайгуул хийж, 87.5 сая тонн нөөцтэй хэмээн тайлан гаргасныг Эрдэс баялгийн зөвлөл дэмжиж, АМГ-ын дарга тушаалаараа баталж өгчээ. Өөрөөр хэлбэл, монголчууд Хөшөөтийн ордыг өдий хэмжээний нөөцтэй гэж итгэж байсан.
Гэтэл "Блүүмберг" агентлаг "Мон Эн Ко" компани Австралийн "Лейтон"-той хамтран Хөшөөтөөс нүүрс олборлох гэрээ байгуулсан гэж мэдээлсэн. Хамгийн гол нь гэрээнд нийт 460 сая тонн нүүрс олборлох бөгөөд гэрээний өртөг 220 сая ам.доллар байх тухай "Лейтон" компани мэдэгдсэнийг дамжуулсан аж.
Тэгэхээр хятадууд Хөшөөтийн ордод бүрэн хяналтаа тогтоосон төдийгүй, Монголын Засгийн газарт нөөцийн хэмжээ, олборлох нөхцөлийн талаар мэдээлэл тун бүрхэг байдаг гэсэн үг. Үүнээс гадна, "Мон Эн Ко" компанийн ТУЗ, хувь нийлүүлэгчдийн дунд ганц ч монгол хүн байхгүй гэдэг нь саяхан ил болсон.
Уг нь УИХ-ын нэр бүхий гишүүд Хөшөөтийг стратегийн орд болгож, "Мон Эн Ко"-гийн гэрээг эргэн харах ёстой гэдэг ч хүчирдэггүй. Үүнээс харахад манай төрийнхөн "Мон Эн Ко"-гийн өгөөшийг үмхсэн гэдэг яриа оргүй зүйл биш бололтой.
Г.Амартүвшин
-
Loading ... - Үзсэн 36
0 comments:
Post a Comment