Friday, March 15, 2013

Эмэгтэй хүнд хамгийн гоё зохидог дүр нь аз жаргал!

Эмэгтэй хүнд хамгийн гоё зохидог дүр нь аз жаргал!

UPTOWN сэтгүүл гуравдугаар сарын баярын дугаарынхаа нүүр хуудсыг Монголын гоо үзэсгэлэнт, ялдамхан бүсгүйчүүдийн нэг мисс Б.Бадамцэцэгээр тодорхойлжээ. Хавар шиг ялдамхан бүсгүйгээр хаврыг төлөөлүүлж, аз жаргал сэдэвт гайхалтай өнгөлөг, цуврал зургуудыг нийтэлсэн байна. Удахгүй болох олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан энэ дэлхийн гоо цэцэгс эмэгтэй хүн бүрийг магтан дуулж, салбар бүрт амжилттай яваа олон эмэгтэйчүүдийг уншигчидтайгаа танилцуулахыг зорьжээ. 

Мэргэжлийн бус сэтгүүлчдийн хөтлөн явуулдаг "Туул, туяа" булангийн зочноор уригдсан, манайдаа анхны таван одтой зочид буудал "Кемпински", "Өргөө" кинотеатр гэх Монголд томоохон өөрчлөлт, сэргэлт болсон хоёр томоохон барилгыг гар бие оролцон цогцлоосон М.Батцэцэг, холимог тулааны Монголын анхны эмэгтэй тамирчин Э.Болормаа, төгөлдөр хуурч Д.Тунгалаг гээд бүгд л өөр өөрийн гэсэн ертөнцтэй, гялалзсан амжилттай эмэгтэйчүүд аж. Загвар зохион бүтээгч Катя Зол олон жилийн туршлагатай "Couture fashion week" шоуг өөрийн коллекциор нээж, Нью Йоркийн загварын долоо хоногт анх удаа монгол дизайнерын нэрийг гаргасан сайхан мэдээг мөн багтаасан байна.

"Өвөл дуусахгүй мэт үргэлжлэвч яргуйн зүүд биелж урин цаг алгуурхан наашилж, нулимс татрахгүй мэт урсавч нүдээ аниад сэрэх агшинд хатаж замхардаг. Гэхдээ бас урсан өнгөрөх цагийн хэлхээс мэт амьдралд цаг хугацаа гэгч хязгааргүй боловч тэр яг л өлмий дээрээ аяархан алхах жаахан охин шиг анзаарагдахгүй атлаа нэг мэдэх нь тэртээ хол одсон байдаг". Хорвоогийн юм бүхний хоёр талыг тольдон харуулдаг "Зоосны хоёр тал" булан энэ удаа ертөнцийн хязгаартай, хязгааргүй бүхнийг танд сануулахыг хүсчээ.

Ээжийгээ хайрлахдаа үгийн сайхныг асгаж сийрүүлсэн нэгний "Наран эх" эргэцүүлэл, эмэгтэй хүн бүрийн шүүгээнд байх ёстой "шидэт жорууд", хорвоо ертөнцийн өрнүүн үйл явдлуудыг дээжилсэн "hot news"-үүд гээд бүсгүйчүүдэд мэдлэг, бас бодрол нэмэх олон сонирхолтой нийтлэл, мэдээллүүд баярын дугаарт багтсан байна. Хавар хэмээх хамгийн гоё улирлын аз жаргал хэмээх хамгийн гоё дүрийг өөртөө цогцлоосон гоо үзэсгэлэнт бүсгүйчүүддээ UPTOWN сэтгүүл Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэндийг аз жаргал, гялалзсан амжилтаар дүүрэн баярын дугаарын хамт бэлэг болгон хүргэж байна. 

UPTOWN сэтгүүл

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

No comments:

Post a Comment