Thursday, March 14, 2013

Форм, "Паарчиг"-тай дурсамж

Ирэх намрын хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургуулийн сурагчид бүгд нэгэн ижил дүрэмт хувцастай болох юм гэнэ. Сайхан мэдээ биш гэж үү.  Боловсролын тухай хуульд "Ерөнхий боловс­ролын сургуулийн суралцагч дү­рэмт хувцастай байна" гэх заалт бий ч хуулийг шинэчлэхдээ аймаг, дүүргийн ЕБС-ийн сурагчдын дү­рэмт хувцасны нэгдсэн загварыг аймаг, нийслэлийн Боловсролын газар батлахаар зааж өгснөөр сурагчийн бор дүрэмт хувцасны түүх зогссон гэж болно. Сүүлийн үед сургууль болгон нэг янзын дүрэмт хувцастай болж, сургууль дотроо ахлах, дунд, бага ангийнхан ч өөр өөрийг өмсөх болж, дунд сургуулийн дотоод орчин их, дээд сургуулийн багасгасан "орчин" болж, сурагч, багш нар ялгагдахаа больсон. Арван жилийнхний төг­сөлтийн үдэшлэг, хонхны баяр оюутнуудынх шиг болсон. Охид нуруу нь ил гарсан даашинз, гуя хаа нь гялалзсан мини юбкаар гангарч, хөвгүүд өнгө өнгийн костюм пиджак эгэлдэргэлчихээд эгээ л их дээд сургуулийн төгсөгчид шиг.  Сургуулийн хүүхдүүд бүгд адилхан нэгэн жигд  формтой болох тухай сонсоод дүрэмт хувцасаар ижилдэн гоёсон сурагч ахуй үеийнхээ дурсамжийг уншигч нартайгаа хуваалцъя гэж бодлоо.

"...Сурагчийн хувцасаар ижил­дэн гоёсон, сургуулийн амьдралд дэндүү дасчээ..." гэсэн дууны мө­рүүдийг 60-80-аад оныхон мэднэ дээ. Энгийн үгтэй мөртлөө сэтгэлд байнга хадаатай явдаг гоё дуу. Сурагч байсан хэнд ч сурагчийн дүрэмт хувцас нандин дурсамж, мартагдашгүй хүүхэд насыг нь санагдуулдаг. Энэ л формоор охид хөвгүүдгүй гангарч, гэртээ, гу­дамжинд, сургууль дээрээ түүнээс салахгүй.  Захны цагаан даавуугаа өдөр бүр угааж индүүдэн хадаж өмсөнө. Бүр ханцуйд нь хүртэл шүү. Цагаан өнгийн юм бүхнээр хормогч оёж, хүрэн формоо тордоно. Жил бүр шинэ форм өмсөнө гэж байхгүй. Эгч, ахынхаа багадсаныг нь тайрч янзлаад өмсөнө. Урагдсан тохойг нь савхиар, ижил өнгийн даавуугаар нөхөж цойлдоно. Нэг форм нэ­лээд хэдэн үеийг элээнэ. Угааж индүүдсээр байтал гялайчихна. Урагшаа харсан захтайг нь хойшоо харсан болгож өөрчилнө. Хормой хотыг нь дэрвийлгэнэ. Товч сэл­тийг нь хэрэндээ л солино. Охидын гоёо сурагчийн форм л байлаа. Сургуулийн шинэ жилийн үдэшлэгт ч формтойгоо, мод тарих, субботник хийсэн ч формтойгоо. Төгсөлтийн үдэшлэг, хонхны баярын гоёл ч форм, паарчиг. Паарчиг гээд бүр хэлээд сурчихсан. Уг нь фартука гэсэн орос үг л дээ. Монголчилбол хормогч юм уу даа. Охид хар, цагаан хоёр ээлжийн паарчигтай. Жирийн үед харыг, ёслолын үед цагааныг, зарим үед долоо хоногийн эхний гурван өдөрт цагааныг, үлдсэн гурван өдөрт нь хар паарчиг өмсөх журамтай. Энэ ялгаа хөвгүүдэд ч бий. Тансар хилэн материалаар хийсэн бор формоо цагаан зах хадаж өмсөх мөртлөө, яг охид шиг хуваариар ханцуйндаа цагаан манжаатаг зүүнэ. Манжаатаг гэдэг нь бас л манжетка гэсэн орос үг. Захны даавууг тэгж хэлдэг байсан юм.

Долоодугаар ангид байхдаа захирлын өрөөнд дуудагдаж, хи­чээлийн эрхлэгчдээ баахан заг­нуулснаа би ер мартдаггүй юм. Сурагчийн дүрэмт хувцсыг "яр­галж" бусад хүүхдүүдэд муу үлгэр дуурайл үзүүлсэн гээд л авч өгсөн дөө. Яасан гэхээр, хоёр эгчийнхээ өмсч байгаад жижигдэж ирсэн формын хормойд жижиг хуниасууд залгаж оёод өмсчихсөн хэрэг. Дэрвийгээд нэг л өөр, бас гоё болчихсон. Тэр өдөр сургуулийн охид эргэж харан шивнэлдээд л хуруугаараа над руу зааж хоо­рондоо юм ярьцгаагаад нэг л өөр байлаа. Би ч хэрэндээ гоё "амьтан" болчихсон, их л додигор яваа юм. Багш нар ч нэг л ёозгүй харцаар "Энэ нөхөр эрэгтэй хүүхэд шиг зодоон цохион хийж, тэвэг өшиглөж, охидын дээсийг булааж явахаас өөрийг чаддаг юм уу" гэсэн янзтай харж байж билээ. Хүүхэд насны томоогүй, сахилгагүй зангаа гээн ядаж, гоёж гоодохыг бодож, амьхандаа охин төрхөндөө орох гэсэн юм болов уу даа,  тэр үед.  "7б-гийн Оюунгэрэлийг захирлын өрөөнд дуудаж байна" гэсэн зар хичээлийн дундуур ирдэг юм байна.  Хичээлийн эрхлэгч Янжмаа гэх "аймаар чанга" багш захирлын өрөөнд байж байна. "За нөхөр минь. Чи сургуулийн дотоод журмыг зөрчиж, сурагчийн дүрэмт хувцасны загвар хийцийг өөрчилж маягласан. Бусад хүүхдүүд чамайг дуурайж формоо янз бүр болговол яах вэ.  Эцэг эхийг чинь дуудуулна. Танай олон эгч нар энд сурч төгссөн, хэн нь ч ингэж хэл ам таталж байгаагүй. Чи яасан том толгойтой амьтан бэ" гээд л загнаж гарсан. Тэгээд хоёр ч ангид их цэвэрлэгээ хийх "ял"-аар шийтгүүлээд гарч билээ. Дотроо "Яагаад ингэж болохгүй гэж. Би ямар өөр хувцас өмсчихсөн биш" гэж өөрийгөө өмөөрч билээ. Маргааш нь ганц нэг охин намайг дуурайгаад формынхоо загварыг өөрчилсөн харагдсан. Бодвол над шиг загнуулсан байх. Бид ийм л зангарагтай, захиргаатай нийгэмд сурч хүмүүжсэн юм. Буруу зүйл байгаагүйг миний үеийнхний яс чанар харуулна. Сурагч нэрэнд минь таарсан, зохисон тэр дүрэмт хувцас одоо ч сэтгэлд дотно байдаг юм.

Өчигдрийн, уржигдрын түү­хээ "өнгөт"-өөр ярьж кайф ав­даг миний үеийнхэнд энэ бол жин­хэнэ сурагчийн амьдрал. Тэр үеийн сурагчдын хичээлдээ ирэх бүр­тээ давдаг гурван хэцүү даваа бий. Эхнийх нь хичээл эхлэхээс 10 минутын өмнө сургуулийн үүдэнд бүрэн цуглаж, жагссан байх. Дараагийнх нь сургуулийн хаал­гаар жагсаалаар орохдоо жижүүр ангийнханд дүрэмт хувцасныхаа бүрэн бүтэн байдал, захны даавуу, галстук, нусны алчуур, гутлын алчуур гээд сурагч хүнд байх ёстой бүхнээ шалгуулаад орох. Хоёр даваагаа амжилттай давбал гурав дахь даваа нь ч гайгүй л дээ. Жижүүр багш, хичээлийн эрхлэгч, ангийн багш гээд үүдэнд зогсч байгаа "томчуудтай" сурагч ёсоор мэндэлчихвэл тэр өдрийн хичээлдээ суух тийзээ авчихлаа л гэсэн үг. Тухайн өдрийн жижүүр багш хэн байх, захирал эрхлэгч нар байх эсэхээс шалтгаалан мэндлэх хүндлэх маань ч өөр өөр. Зөөлөн багш нарыг бол элэг барьж, мэндэлмэр аядан өнгөрөх бол сургуулийн боссууд байж таарвал охид хөвгүүд бүгдээрээ хоёр гарынхаа алгыг урдаа зөрүүлэн барьж үегүй юм шиг үелзэн, нугастай юм шиг нахилзан хичээнгүйлэн мэндлэх жишээтэй. Хичээлийн дундуур "Зад угаагч" нар орж ирэх нь аймаар. Хичээл хийх дургүй нөхдөд бол сайхан боломж л доо. Сургуулийн ариун цэврийн комиссын хүүхдүүд "Зад угаагч" гээд өөрсдийгөө нэр­лэ­чихнэ. Ангиудаар явж ариун цэвэр, хумс хуруу үзэж шалгана. Захны даавуугаа угаагаагүй бол зад татаж аваад л угааж индүүдэж өгнө. Гэхдээ сургуулийн ханын самбар дээр тэр ангийн тэр захны даагуугаа угаагаагүй, хумстай гээд томоос томоор бичихээ мартахгүй. Ичиж үхмээр. Ариун цэврийг айхтар сахисан зарим нь "Усанд орсон-онц, үсээ засуулсан-онц, хумсаа авсан-онц, формоо индүүдэж, гутлаа тосолсон-онц, гутлын алчууртай-онц, нусны ал­чуу­раа угааж индүүдсэн-онц, тохой нь сайртаагүй-онц..." гээд л явж өгнө. Хөвгүүд захны даавуугаа угаалгүй эргүүлж хадаад баригдах бол энүүхэнд.

Тийм ээ, энэ бол сурагч насны дурсамж, бас дүрэмт хувцасны түүх. Баян ядуу ялгаагүй нэг л ижил хувцас өмсч, түүн лугаа нэг ижил зиндаанд сурдаг энэ л дурсамж сэргэх нь гэж баярлаж байна. Аав ээжүүд хүүхэддээ аль үнэтэй, өнгөтэй өөдтэйг авч өгөх гэж зүдрэхгүй, хүүхдүүд ч өмссөн зүүснээрээ нэгийгээ гоочлохгүй, алагчлахгүй гэж бодохоор сайхан байна. Харин шинэ дүрэмт хувцас яг л хуучных шиг загвартай байвал...

Б.ОЮУНГЭРЭЛ
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

0 comments:

Post a Comment