Мягмар гараг Гуравдугаар сар 12, 2:29 pm
"Нийслэлийн зочин" буландаа хотын алслагдсан дүүргийн нэг Багахангайн Засаг дарга С.Эрдэнэбаярыг урьж, ярилцлаа.
-Та бусад дүүргийн Засаг даргыг бодвол нэлээд хожуу томилогдсон. Мөрийн хөтөлбөрөө батлуулж амжсан уу?
-Дүүргийн Засаг даргаар томилогдоод сар гаруйн хугацаа өнгөрч байна. Оройхон гараад ширүүхэн дайрна гэдэг шиг ямартай ч ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр болон энэ оны нийгэм, эдийн засгийн зорилтоо батлуулсан.
Орон нутгийн төсвийн хөрөнгөөр Багахангай дүүрэгт 1.9 тэрбум төгрөг хуваарилагдсан. Үүнийг эхний ээлжинд хороодын иргэдээс авсан саналд тулгуурласан ажилд зарцуулахаар төлөвлөөд байна.
-Таны хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр, бодлого ямар асуудалд түлхүү чиглэх вэ. Дөрвөн жилийн дараах Багахангайн хөгжлийн түвшинг тодорхойлж хэлбэл?
-Энэ онд дүүргийн хэмжээнд 16 нэр төрлийн төсөл, үйл ажиллагаа хэрэгжүүлж, зохион байгуулахаар төлөвлөж, төсөв мөнгийг нь ч шийдсэн. Түүнчлэн дүүргийн хэтийн төлөв, хөгжлийг Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг сааруулах стратегийн бодлогын гол цөм гэж харж байгаа. Ингэхийн тулд орон нутгийн иргэдийг тогтвортой ажлын байраар хангах, үйлдвэрлэлийг дэмжих шаардлагатай.
-Тогтвортой ажлын байр бий болгох нь хүн амыг татах гол хүч гэлээ. Харин Багахангай дүүрэгт ажлын байр шинээр бий болгох ямар гарц байна вэ?
-Манай дүүрэгт жижиг дунд бизнес буюу өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжтой.
Энэ талын бизнесийг дэмжих, хөгжүүлэхэд чиглэж ажиллана гэж бодож байна. Гэхдээ зах зээлд өрсөлдөх чадвартай, чанарын баталгаат бүтээгдэхүүнийг нийлүүлэх ёстой.
Эдгээр шаардлагыг хангасан бичил бизнес, үйлдвэрлэл хэрэгжээд эхэлсэн байна. Тухайлбал, айл өрхүүд хэсэг бүлгээрээ нэгдэн оймс, савхин бээлий үйлдвэрлэж, худалдаанд гаргаж байна. Энэ мэтчилэн ололттой тал бидэнд бий. Мөн хоёрдогч түүхий эдийг ашиглаж, түлш, бензин гаргах санаачилгыг ч гаргаж, төсөл боловсруулаад байгаа.
-Нийслэлийн тулгамдсан асуудлын нэг нь тохижилт үйлчилгээ, ногоон байгууламж. Энэ тал дээр ямар ажил зохион байгуулахаар төлөвлөсөн бэ?
-Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тохижилтод чиглэсэн ажил багагүй хийсэн. Манайхыг хотын төвийн дүүргүүдтэй харьцуулбал тохижилт, тэр тусмаа ногоон байгууламжаараа илүү гэж бардам хэлнэ. Үүнийг бий болгоход дүүргийн иргэн бүрийн оролцоо чухал байсан. Мөн дүүргийн дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн гэж болно. Аль ч хэсэгт нь хар замаар давхисаар хүрнэ. Мөн гудамж, талбайн өнгө үзэмжээ сайжруулсан.
-Гэхдээ хүүхэд, залуус чөлөөт цагаа өнгөрөөх газар хомс болох нь ажиглагдсан. Хотоос зайдуу болохоор залуус тэр бүр төв рүү орохгүй шүү дээ?
-Тийм ээ. Төвийн дүүргүүдэд эдгээрийг салбар бүрээр тусдаа хариуцах эзэнтэй байдаг.
Алслагдсан дүүрэгт бол бүхий л асуудлыг Засаг дарга өөрөө зангидаж, оролцох шаардлага гардаг. Өнөөдөр залуу хүний үзэл, хандлага өөрчлөгдсөнийг ажигладаг юм.
Хэдийгээр өндөр хурдны интернэт, үүрэн телефоны бүх салбар байгаа ч тэдэнд зориулсан үйлчилгээ зайлшгүй хэрэгтэй байна. Тиймээс спортын нэгдсэн цогцолбор, талбай, цэцэрлэгт хүрээлэн зэргийг байгуулна.
Гэхдээ шийдвэр гаргах түвшнийхэн энэ асуудлыг хийх бус, иргэд, залуус өөрсдөө саналаа хэлэх ёстой юм. Тэгж байж хүн бүрийн сэтгэлд нийцсэн бүтээн байгуулалт болно шүү дээ.
О.Номин-Эрдэнэ
-
Loading ... - Үзсэн 5
0 comments:
Post a Comment