
Удаа дараа ялагдаж, өдгөө амь тавих дээрээ тулаад буй МАН-ын хувь заяа тунчиг бүрхэг байна. МАН-ын нэр нүүрийг баасдаж хэдэн арван жилийн турш хормойноос нь хойш чангаасан "Х" гэх цусан толбоноосоо салчихвал л нэр цэвэр, нүгэл үгүй болно хэмээн эндүү тооцоо хийсэн шинэчлэгчид анхнаасаа л хазгай гишгэсний гор өдгөө гарч буй.
Улстөрд хөл тавьж гэрлийн хурдаар дээшээ цойлсон У.Хүрэлсүх тэргүүтэй залуус МАН-ын маанийг унших "чухал" алхамуудыг хийж намдаа "хувь нэмрээ" оруулсан нь олны нүдэнд ил цагаан болсон явдал. Гэсэн ч ахаасаа сургамж авч чадаагүй, хал үзэж хашир суугаагүй залуус хөөрхий болсон намаа шинэчлэнэ хэмээн буруу цагт буруу тооцоо хийн дахиад л голыг нь самардаж эхлэв.
Ёстой л үхэхдээ үхэр буугаа тавина гэгчээр УИХ болон орон нутгийн, Ерөнхийлөгчийн сонгууль гээд шил дараалсан сонгуулиудад далаараа цэвэр тавиулсан тэд өрсөлдөгчөөсөө бус өөрсдөөсөө бурууг эрж эхэлсэн нь зөв ч цагаа олоогүй тэмцэл нь тэгсхийгээд намжсан. Гэхдээ өдгөө нам дотор "цусгүй дайн" ид үргэлжилж байна. Намын дарга Ө.Энхтүвшингийн хөлнөөс нь чангаасан залуусыг фронтыг далдаас удирдагчид ч хэд хэд бий. Хамгийн түрүүнд МАН-ын генсек асан У.Хүрэлсүхийн нэр дуулдаж байна. Тэрбээр хэдэн сарын өмнө УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ өөрийн сайн дураар татгалзаж дуулиан тарьж байсан цас ихтэй аавын хүү. Хүндтэй нь алхаж ордог, хөрөнгөтэй нь цацаж хүрдэг тэр өндөрлөгөөс өөрийн дураар буцчихсан тэр хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэдгийг яс махаараа мэдэрсэн нэгэн. Тиймдээ ч ширээ сандалтайгаа зууралдаад байлгүй тас хийсэн шийдвэр гарган чөлөөлөгдсөн хэдий ч өдгөө МАН-ын даргын суудал руу зүтгэж буй нөхдүүдийн нэгдүгээрт бичигдэж байгаа. Гэсэн ч өнгөрсөн сонгуулиар намаа ялагдуулсан гэх хэмээн чичлүүлж чичлүүлчихсэн түүнд итгэл хүлээлгэж намын даргаар сонгоно гэдэгт итгэхэд бэрх. Гэхдээ л туулайн чинээ цагааныг уулын чинээ хараар дарчихдаг хорвоо юм хойно түүний дэглэсэн жүжиг амжилттай болж намын даргын суудалд тухлахыг үгүйсгэх аргагүй.
Түүний дараа саяхан эх орондоо эргэж ирсэн МАН-ын дарга асан С.Баяр бичигдэж байгаа. Эх орноосоо харь хол амьдарч, залуухан гэргийнхээ төрүүлж өгсөн хэнз хүүгээ эрхлүүлэн улстөрөөс хөндийрсөн түүнийг хуучин суудлаа санагалзан эргэж ирсэн хэмээж буй. Тиймдээ ч намын гишүүд, залуус нь хөдөлгөөнд орж шинэчлэлийн чимээ сонсогдож эхэлсний дараа эх орондоо хөл тавьж, Тусгаар тогтнолын цагаан байраар үе үе үзэгдэх болсноо шат ахиулан төрийн орноор гүйдэлтэй болсон нь улстөрийг орхих бодолгүй байгаагийнх гэх. Үүнээс гадна Оюутолгой, Рио тинтотой холбоотой асуудалд ач холбогдол өгөн ийн гүйх болсон гэх нь ч байна. Түүнд намын дарга болох шанс бий.энд дарж үргэлжлэлийг
0 comments:
Post a Comment