
Ээлжит XV их чуулганаа хийсэн МЗЭ-ийн удирдлагууд ихээхэн асуудалд холбогдоод байгаа талаар мэдээлэл хэвлэлүүд гарч байгаа. Монголын Зохиолчдын Эвлэл ССАЖ-ын яамнаас 80 сая төгрөг гаргуулан авч ээлжит их чуулганаа хийсэн боловч хоёр өдөр үргэлжилсэн их чуулганы үйл ажиллагаа, зохион байгуулалт хуран чуулсан зохиолчдоос шүүмжлэл сонсоход хүргэсэн талаар зохиолчид өөрсдөө хэлж ярьцгааж байсан. Түүнчлэн улсын төсөв мөнгө хүнд байгаа үед багагүй мөнгө гаргуулж авчихаад, харагдаж үзэгдэхгүй байдлаар зарцуулаад байгаа нь яамны нөхдүүдийн анхаарлыг татаж улмаар АТГ-аас МЗЭ-ийн гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэгийн албан өрөөнд нэгжлэг хийж сейфнээс нь 38 сая төгрөг хурааж авсан гэх мэдээллийг албаны эх сурвалж өгч байсан юм.
Сонирхолтой нь, чуулганы зардалд 10 сая төгрөгөөс хэтрэхгүй зардал гаргачихаад үйл ажиллагааныхаа нийт зардлын тайланг 40 сая төгрөг гэж албан ёсоор гаргаад сууж байсан удирдлага Г.Мөнхцэцэг, Ц.Буянзаяа нар АТГ-ынхныг шалгалт хийх талаар урьдчилж мэдчихээд тайлан тооцоогоо засчихсан сууж байсан гэх мэдээлэл ч байсан.
Монголын Зохиолчдын Эвлэлийн удирдлагуудын энэ мэт асуудалтай зэрэгцэн яруу найрагч Ц.Хуланг Удирдах зөвлөлийн даргын суудалд сууж чадаагүйгээсээ болж бусад найрагчдадаа бухимдаа илэрхийлж явна гэх мэдээлэл бас гарсан. Саяхан Д.Пүрэвдорж агсанд зориулсан хүндэтгэлийн цэнгүүн дээр түүнийг найрагч нөхөддөө агсам тавьсан гэх мэдээлэл зарим нэг мэдээллийн сайт дээр гарсан. Түүнийг Б.Ичинхорлоо, Ш.Лхамноржмоо нарын найрагч бүсгүйчүүддээ агсам тавьсан гэсэн байсан. Тэгвэл яруу найрагч Ц.Хулан өөрийнх нь талаар ташаа мэдээлэл гаргасан мэдээллийн хэрэгслийг Сүхбаатар дүүргийн шүүхэд өгөхөөр болжээ.
Түүнчлэн Д.Пүрэвдорж агсанд зориулсан хүндэтгэлийн цэнгүүнд хүрэлцэн ирсэн П.Бадарч, Д.Лүндээжанцан, Ш.Дулмаа нарын олны танил эрхмүүд Ц.Хулан найрагчтай арга хэмжээний үеэр хамтдаа байсны хувьд түүнийг бусдад агсам согтуу, тавьж элдвээр хэлж яриагүй гэдгийг батлан хэлцгээж байгаа юм байна.
Ер нь бол яруу найрагч Ц.Хулангийн талаар ийм мэдээлэл гарах болсон нь МЗЭ-ийн удирдлага Г.Мөнхцэцэг түүнийг буруу ойлгосонтой холбоотой гэх яриа ч дуулдаж байна. Учир нь Г.Мөнхцэцэг ажынх нь байранд АТГ-аас нэгжлэг хийсэн явдлыг Ц.Хулантай холбож, түүнийг л хуулийн байгууллагад өөрсдийг нь шалгуулах хүсэлт тавьсан гэж хардаад байгаа бололтой. Уг нь ССАЖ-ны зүгээс л АТГ-т хандсан гэдгийг албаны эх сурвалж хэлээд байгаа юм.
0 comments:
Post a Comment