Sunday, October 6, 2013

Мисс А.Пүрэвмаа: Намайг бэртээсэн тэр залуугийн хамаатан цагдаагийн том албан учраас тэр залуу болон хоёр гэрч ямар ч ял шийтгэл аваагүй гадагшаа гараад явчихсан

Мисс А.Пүрэвмаа: Намайг бэртээсэн тэр залуугийн хамаатан цагдаагийн том албан учраас тэр залуу болон хоёр гэрч ямар ч ял шийтгэл аваагүй гадагшаа гараад явчихсан

Хүний амьдралд баяр, гуниг, зовлон жаргал зэлжлэн байдаг. Энэ л амьдралын хатуу үнэн юм шиг. Өнөөдөр инээж байвч маргааш уйлахаа бид мэддэггүй. Нэгэн цагт загварын тайзнаа од болон гялалзаж өөрийн гэсэн өнгө байр сууриа үлдээж чадсан "Сахиусан тэнгэр" хэмээн нэрлэгдэж байсан Мисс А.Пүрэвмааг мэдэхгүй хүн байхгүй. Түүнийг дизайнеруудын хамгийн хайртай загвар өмсөгч байсан гэлцдэг. Гэтэл нэг л өдөр түүний амьдрал орвогоороо эргэсэн. Цэл залуухан хорь гаруй насандаа бусдын буруугаас болж хөлгүй болсон түүнийг хэвлэл мэдээллээр хартай найз залуудаа дөрвөн давхрын тагтан дээрээс шидүүлж хөгжлийн бэрхшээлтэй болсон гэх цол үргэлж дагаж явдаг. Гэтэл энэ тухай тэрээр хэн нэгэнд ямар ч тайлбар өгч байгаагүй. Тэгвэл энэ удаад бид түүний хичнээн жил нуусан хатуу үнэн болоод хэзээ ч эдгэрэхгүй шархтай үлдсэн бие сэтгэлийнх нь гүн дэхь хэцүүхэн бөгөөд хатуу үнэнг нь хуваалцсан юм. Тэрээр хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй болж нисэх жигүүрээ хугалсан далавчгүй сахиусан тэнгэр болсон ч бусдын сайн сайхны төлөө тэр зүгээр суугаагүй. Хэдийгээр хоёр хөлгүй болсон ч сэтгэлийн жигүүрээрээ босон алхсан юм. Өнөөдөр түүний хийж байгаа сайн үйлсийн аянд олон хүн нэгдэж саашаалтай хандаж байгаа. Ингээд түүнтэй бяцхан сахиусан тэнгэрүүдэд туслах аяных нь тухай болон түүний амьдралд хар бараан дурсамж үлдээсэн тэр хэцүү өдрийнх нь тухай дэлгэрэнгүй ярилцлаа.

"Тэргүүн" сонинд өгсөн ярилцлагаас хэсэгчлэн хүргэж байна…

…Таны хувьд одоогоор түлэнхийн төвд ямар эмчилгээ хийлгэж байна вэ? Биеийн байдлын хувьд ямар зовиуртай байгаа вэ?

-Миний хувьд ямар ч эмчилгээ байхгүй шүү дээ. Дээр хэлсэнчлэн би Солонгос улсын дөрвөн том эмнэлэгт хандаад олон удаа очиж хагалгаанд орсон. Мэдрэлийн судас маань тасарсанаас болоод хөл маань мэдээ алдсан. Тиймээс одоохондоо дэлхийн хэмжээнд мэдрэлийн судсыг нь залгадаг хагалгаа хийгдэж эхпээгүй байна. Магадгүй би ирээдүйгээ хэлж мэдэхгүй. Хэдэн жилийн дараа хийдэг болчихсон, би хөл дээрээ зогсдог болох байх гэдэгт л итгэж суухаас өөр найдлага байхгүй байна. Анх эмчилгээгүй, эдгэхгүй гэдгээ сонсоод хоёр хоног гэртээ ээжийнхээ өвөрт наалдаад уйлж суусан. Хоол ч хоолойгоор давахгүй, ямар ч гэрэл харагдахгүй бүх л юм харанхуй санагдаж хэзээ ч дахин энэ хорвоод алхахгүй гэж бодохоор инээмсэглэл гэдэг зүйл надад байхаа больсон байсан. Ингээд ээж маань намайг тэргэнцэртэй түрээд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв дээр аваачсан. Тэнд очоод л надад дахин амьдрах итгэл төрсөн. Өөрөөсөө илүү хүнд хүмүүсийг хараад миний зовлон энэ хүмүүсийн дэргэд юу ч биш юм байна гэдгийг ойлгосон. Ингээд дасгал хийж эхэлсэнээс хойш хоёр таяган дээр зогсдог болсон чинь эмч нар маань үнэхээр толгой сэгсэрч байсан. Чамайг энэ хэмжээнд хүрнэ гэж бодоогүй, үнэхээр сайн байна гээд магтсан. Миний хувьд нэг таягтай болохын тулд цаашид фитнэссээрээ тасралтгүй хичээллэсээр байх болно.

-Сэтгэлийг тань эмзэглүүлэх юм асууж байгаад уучлаарай. Таны амьдралд хар дурсамж үлдээсэн тэр өдрийн тань тухай асуухгүй өнгөрч чадахгүй нь ээ. Энэ тухай хэвлэл мэдээллээр таныг хайртай найз залуудаа дөрвөн давхрын тагтан дээрээс шидүүлсэн гэсэн л мэдээлэл байдаг. Тэр өдөр яг юу болсон юм бэ?

-Хэвлэл мэдээллээр бичээд байгаа шиг миний найз залуу биш. Миний таньдаг залуу. Бүх юм Энэ тухай би тэгж байгаад албан ёсоор дэлгэнэ. Өнөөдрийг хүртэл би эмчилгээгүй гэдэг хариулт сонсоод явж байхад хууль хяналтын байгууллага тэр тусмаа мөрдөн байцаагч, шүүгч нар маш тодорхой зүйл байхад олон зүйлийг нуун далдалж, надад буруу өгсөн. Намайг ийм болгосон тэр залуугийн хамаатан садан цагдаагийн байгууллагад том албан тушаал хашдаг юм билээ. Үнэхээр Монгол улсын хууль ингэж мөнгөтэй танил нэгтэйд нь үйлчилж ядарсан айлын хүүхдүүд нь хохирогч болоод үлддэгт үнэхээр гомдолтой байна. Мөрдөн байцаагч нарын хувьд надад буруу өгөх тал дээр л маш сайн ажилласан. Намайг хэвлэл мэдээллээр амиа хорлохоор үсэрсэн гэж бичсэн байсан. Хэрвээ би амиа хорлохоор завдсан бол өнөөдөр ийм байдалтай болчихоод амьдралын төлөө ингээд тэмцээд явж байхгүй шүү дээ. Үнэхээр үхэхийг хүссэн бол хичнээн сар хэвтэрт хэвтэж байхдаа амиа хорлох байсан.

-Таныг бэртээсэн тэр залуу эрүүгийн хариуцлага үүрсэн үү? Тухайн хэрэг гарахад ямар нэгэн гэрч, харсан хүн байсан уу?

-Үгүй, ямар нэгэн хариуцлага үүрээгүй. Тодорхой хэмжээний мөнгө л өгсөн. Гэхдээ өнөөдрийг хүртэл эмнэлэгийн салбараар явж байгаа миний эмчилгээний төлбөрт тэр мөнгө хаана ч хүрэхгүй. Би тухайн үед хууль хяналтын байгууллагад итгэж үнэн зөвөөр нь шийдээд өгөх байх гэж горьдож байсан. Сүүлдээ үнэхээр цөхрөнгөө барсан. Өнөөдөр намайг бэртээсэн тэр залуу болон хоөр гэрч бүгдээрээ ямар нэгэн ял шийтгэл аваагүй гадагшаа гараад явчихсан.

-Тухайн үед таныг гомдолгүй гэж хэлүүлсэн үү?

-Тухайн үед намайг Солонгост яаралтай хагалгаанд оруулаад өгье, тэгээд зүгээр болно. Хамгийн гол нь хугацаа алдахгүй л яаралтай хагалгаанд орох хэрэгтэй байна, тиймээс гомдолгүй гээд хэлчих гэсэн утгатай зүйлийг мөрдөн байцаагч нар хүртэл хэлж байсан. Гэхдээ би яг гомдолгүй гэж хэлээгүй. Гайгүй болж байгаад мэдүүлэг өгье л гэж хэлсэн. Гэтэл тэрнийг маань гомдолгүй гэсэн гээд өөрсдөө зохиогоод мэдүүлэг бичиж, хэргийг хаасан. Энэ үед би өнөөдрийг хүртэл эдгэхгүй, ийм өвчтэй явна гэж үнэхээр бодоогүй. /Уйлав/Солонгост очоод л эдгэчих юм байна гэж найдсан юм.

-Таньд өмгөөлөгч байгаагүй юм уу?

-Өмгөөлөгч байсан. Гэтэл өмгөөлөгч маань гэнэт өмгөөлөхөөс татгалзсан. Энэ бүгд их сонин санагдаж байсан. Гэхдээ энэ тухай он гаргаад албан ёсны хэвлэлийн хурал хийж байгаад бүгдийг дэлгэнэ. Энэ хэрэг дээр ажиллаж байсан дөрвөн мөрдөн байцаагч, гурван прокурор гэх мэт олон хүний гар нийлсэн ажил болсон. Одоо надад айгаад байх зүйл байхгүй. Алдах юм ч алга. Би өнөөдөр эдгэрэхгүй насан туршийн суугаа болчихоод байхад надад буруу өгсөн эдгээр хүмүүсийг би илчилнэ. Гэхдээ цаг нь арай болоогүй байна. Энэ эхлүүлсэн ажлаа дуусгачихаад он гаргаад албан ёсны хэвлэлийн бага хурал хийх болно.

-Таныг өөрийнхөө амьдралаараа кино зохиол бичсэн гэж байсан. Энэ тухайгаа ярихгүй юу?

-Тийм ээ. Би суугаа болсон цагаасаа эхлээд хийх юм олдохгуй маш их юм бичдэг байсан. Тэгээд өөрийнхөө амьдралаараа кино бичиж Найруулагч Сэнгэдорж ахдаа өгсөн. Зохиолыг маань уншиж байгаа. Миний хувьд кино хийх хэмжээний түүхтэй нэгэн биш ч гэлээ миний үзсэн зовлон маань тийм ч бага биш. Миний амьдралд тохиолдсон энэ зүйлийг би нэгд нэгэнгүй харуулах болно. Мөн энэ хэрэг дээр ажилласан хууль хяналтын байгууллага ямар дүгнэлт гаргасаныг би энэ киногоороо үзүүлэх болно. Гэхдээ амьдрал дээр юу ч тохиолдож болно. Хүн хэн нэгнээс болоод хохирох тохиолдол цөөнгүй гардаг ч ямар ч зүйлд хүний мөс, гэдэг зүйл байдаг даа. Гэтэл хохироосон хүнээ хохирогч биш буруутан болгож, гэмгүй нэгэн нь гэмтэн болж, насаараа өвчтэй хоцорч байхад хүн нь ч тэр хууль нь ч тэр арай ингэж хатуу хандаж болохгүй биз дээ. /Уйлав/ Би Монгол улсынхаа хуульд үнэхээр гомдолтой байдаг. Биөэрээ хохирчихоод байхад намайг буруутан болгож хэрэгтэнийг нь хайцаалж, сэтгэл санаагаар хүртэл ингэж хохироосонд нь үнэхээрийн гомддог. Хэдийгээр одоо гаднаас минь намайг харахад суугаа л болохоос би сайхан л харагдаж байгаа байх. Гэтэл би өдөр болгон өвчин намдаах тариа тариулж сүүлдээ хар тамхинд донтдог хүн шиг л эм тариандаа донтож байна. Тариагаа тариулж өвчин намдаах эмээ л хэрэглэхгүй бол унтаж чаддаггүйг минь хэн ч мэдэхгүй шүү дээ. Тариа маань үйлчлээд жаахан унтая гэхээр тэр өдөр болсон зүйлээ зүүдлэж хар дардаг. Ингээд ирэхээр чинь хүн гэдэг амьдаараа үхэж байгаагаа мэдрэхээр өшөө хорсол гэдэг зүйл үнэхээр төрдөг л юм байна. Яаж тэр хүнээс өшөөгөө авах тухай бодол төрж эхэлж байна. Аргагүй б и з дээ. Хүнийг ийм болгочихоод тэр хүн инээгээд эрх чөлөөтэй явж байхад би ийм болчихоод уйлаад сууж байх хоёрын дунд асар их ялгаа байна. Гомдол гэдэг дээд цэгтээ хүрэхээрээ өшөө хорсол болдог гэдгийг яс махандаа шингэтэл би ойлгож байна./ Уйлав/

-Одоо гэртээ хэнтэйгээ амьдардаг вэ? Эмнэлэгийн төлбөр, эмчилгээ гээд багагүй зардал гардаг биз дээ. Энэ бүхнийг яаж зохицуулж байна даа

-Би ээжтэйгээ хамт амьдардаг. Миний ээж өрх толгойлсон эмэгтэй. Хөөрхий ганц охиноо эрүүл саруул болгохын тулд газраа, байшингаа, тавилгаа гээд бүх л хөрөнгөө зарж дууслаа. Одоо надад үлдсэн ганц юм нь мобикомын гайгүй дугаар л байна. Тэрийгээ зарчих гээд л байж байна. Ээж маань тэтгэвэрийн хэдэн төгрөг авч, би групын зуун мянган төгрөгөөрөө л амьдарч байна даа.

…-Анх "Монгол модел"-иос загварын гараагаа эхлэж байсан. Одоо багш болон загварын найзуудтайгаа хэр болбоотой байдаг вэ?

-Мэдээж тодорхой хэмжээний найз нөхөдтэйгээ холбоотой байдаг.

-Таныг фитнессээр хичээллэж байгааг хараад өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрж байна. Нэг л өдөр хөл дээрээ босоод далавчаа эргүүлэн олсон сахиусан тэнгэр болж чадна гэдэгт итгэж байна. Хэдийгээр хэвтэж байхдаа ч гэсэн зүгээр суулгүй зохиол бичсэнийг тань харахад мундаг кино зохиолч болж чадах байх гэж бодогдлоо.

-Баярлалаа. Анх найз маань надад Өлзийтөгсийн "Үзэхийн хязгаар" гэдэг номыг авчирч өгсөн. Тэрнээс хойш би ном бичье гэж шийдсэн. Гэхдээ тийм хэцүү гаслантай ном бол биш. Анна пранкийн өдрийн тэмдэглэл шиг зүйлийг бичихийг хүсч байгаа. Хэзээ нэгэн цагт өөрийнхөө дотоод өртөнц, үзсэн, мэдэрсэн эүйлээ хэдэн жилийн дараа гучин нас хүрэхээсээ өмнө гаргана гэж бодож байна. Соёл урлагийн яамнаас саяхан хүүхдийн зохиолын уралдаан зарласан. Тэр уралдаанд би хүүхдийн бүрэн хэмжээний кино зохиол бичээд явуулсан. Шагнал нь 5 сая төгрөг, түрүүлэх юм бол шууд кино болгож гаргана гэсэн. Харин энэхүү зохиолыг мааньуншсан нэг хүн надад 12 ангитай кино болгоод төсөл болгон хэрэгжүүлвэл ямар вэ гэсэн санал тавьсан. Миний хувьд уралдааныхаа хариуг сонсоод яах ийхээ шийднэ гэж бодож байгаа. Одоогоор би маш их юм ушиж судлаж үзэж байна. Загвар өмсөгч Пүрэвмаа гэж одоо нэгэнт дуудуулахаасаа өнгөрсөн ч байж болох юм. Тэгвэл би энэ нэрээ кино зохиолч Пүрэвмаа гэдэг нэрээр солихыг хүсч байна. Хэзээ нэгэн өдөр ингэж дуудуулна гэдэгтээ итгэлтэй байна. Миний бичсэн зохиолыг уншсан кино зохиолчид "чамд бичих чадвар байна, одоо жаахан техник талаас нь суралцчих" гэж хэлж байгаа нь маш их урам зориг өгч байгаа.

-Ярилцлагынх төгсгөлд уншигчдадаа хандаад юу гэж хэлэх вэ?

-Би гараа эсгэчихээд байхад огт өвдсөнгүй, яагаад гэвэл би хөлөө хугалчихсан болохоор гар минь өвдөөгүй байх. Их өвдөлтийн дэргэд бага өвдөлт юу ч үгүй мэт санагддаг. Хааяа хэн нэгний зовлон өөр нэгний жаргал байхад харин хэн нэгний жаргал өөр нэгний зовлон байдаг. Хүмүүсээ хэцүү юм тохиолдохоор өөрөөсөө хүнд байдалд байгаа хүнийг бодож тайвширч байгаарай. Хүмүүс бид ямагт өөрт байгаа юмаа биш өөрт байхгүй юм аа л мэддэг. Яагаад байгаа юмандаа сэтгэл хангалуун байж болохгүй гэж. Хорвоод мөнгөөр байтугай өөр юутайч зүйрлэж болохгүй олон нандин зүйл байдаг.

Ярилцсан З.Одончимэг

ЭХ СУРВАЛЖ: ТЭРГҮҮН СОНИН

0 comments:

Post a Comment