Saturday, December 7, 2013

Анна Франкийн тэмдэглэл

Нацист Германы үзэл зөвхөн Еврей болж төрснийхөө төлөө гадуурхагдаж, аймшигт зовлон зүдгүүр амссан хүмүүсийн хувьд ямар их гай гамшиг авчирсныг энэ номноос бас нэг хэлбэрээр олж харсан. Энэ хорвоо дээр ердөө 15хан наслахдаа асар их хүсэл тэмүүлэл, зорилго, мөрөөдөл өвөртлөн амьдарч түүндээ хүрэх гэж уйгагүй зүтгэж байснаа хойч үедээ өөрийн тэмдэглэлээрээ харуулж чадсан Анне Франк буюу Аннелис Марие хэмээх еврей охины өдрийн тэмдэглэл

Анне Франк охин 1929 оны 06 сарын 12-нд Германы Франкфурт хотод айлын хоёр дах охин болон мэндэлсэн. Аав Отто Франк, ээж Эдит Франк нар нь хүүхдүүдийнхээ боловсролд түлхүү анхаардаг, арвин номын баялагтай, Иудейн шашныг төдийлөн чанд мөрддөггүй нээлттэй либерал үзэл санаатай хүмүүс байсан гэдэг. Түүний эгч Маргот Франк нь Аннегаас 3 насаар эгч байсан ба Аннег бодвол төлөв даруу, үг дуу цөөтэй, ажилсаг, нэг ёсондоо айлын үлгэр жишээ охин байв.

 Аннегийн бага нас ердийн л бусад хүүхдүүдийн адил өнгөрсөн. Бусад хүүхдүүдийг бодвол Анне илүү нээлттэй, сэргэлэн, авхаалжтай, юмыг өөрөөр сэтгэдэг, үеийнхнээсээ хол илүү ухаантай, цовоо цолгиун охин байсан нь түүний өдрийн тэмдэглэлээс нэвт харагддаг.

1933 оны 3 сард Адолф Гитлерийн толгойлсон Нацист нам орон нутгийн сонгуульд ялснаар 300 000 еврей хүн Холланд руу дүрвэх үндэслэл тавигдсан бөгөөд тэдний 4 нь Франкын гэр бүл байлаа.  Ингээд тэднийх 1934 онд Голландын Амстердам хотод төвхнөсөн байна. Мэдээж энэ амар амгалан байдал удаан үргэлжилсэнгүй. 1940 онд Герман Холланд руу цөмрөн орж ирснээр еврейчүүдийг хавчин гадуурхах өнөөх аймшигт үзэл тэнд ч бас биелэлээ олж эхлэх нь тэр. Нийтийн унаанд суулгахгүй зөвхөн явган буюу дугуйгаар явах, ажил хийхгүй байх, хүүхдүүдийг зөвхөн еврей хүүхдүүдийн сургуульд сургах, картаар хэмжээтэй хооллох гээд л дуусах юм биш, хамгийн адгийн нь өдрөөс өдөрт энэ байдал улам гаарсаар тэднийг амьдрах аргагүй болгож байсанд оршино.

Эцэг Франк ухаалаг хүн болохоороо Германчууд хэзээ нэгэн цагт өөрийг нь буцааж явуулахгүйгээр дуудахыг мэдэж байв. Тиймдээ ч өөрийнхөө ажилладаг байсан конторын доор бүгэх байр бэлтгэн бүтэн жил гаруй хэрэгцээнийхээ бүх л зүйлийг хэнд ч мэдэгдэхгүйгээр зөөж байсан байдаг, төлөвлөснөөс 10 хоногийн өмнө аавд нь SS-ээс дуудлага ирснээр тэднийх "бүгэх байр"-андаа орцгоох нь тэр. Ингээд 1942 оны 07 сараас Анне охин тэдний гэр бүл,аавынх нь хамтрагч Даан түүний эхнэр, хүү нийлээд  7 хүн нууц байранд аж төрж эхэлсэн байдаг.

Аннег 13 нас хүрсэн өдөр аав ээж хоёроос нь бэлгэлсэн хамгийн том бэлэг бол энэ бүтээлийн үндэс болсон "тэмдэглэлийн дэвтэр" юм. Охин хоргодох байрандаа болсон адал явдал, радиогоор сонссон дэлхий ертөнц дэх үйл явдал, өөрийн үзэл бодол, санаа сэтгэл, дурлал, шохоорхол гээд хэн хүнд ярьдаггүй нандин бүхнээ дэвтэртээ хүүрнэнэ. Хоргодох байран дах хүмүүс үргэлж цаг, минут бүрийг төлөвлөж амьдарна. Өглөө босох, гэрээ цэвэрлэх, ном унших, цай уух гээд бүгд цагтай. Анне охин нэг ч хормыг зүгээр өнгөрөөхгүйг хичээнэ. Тэр гадаад хэл судлан, төрөл бүрийн ном уншиж, дайн дуусахаар үеийнхнаасаа хоцрохгүй гэж дунд сургуулийн хөтөлбөр хүртэл алдалгүй үзнэ. Охины тэмдэглэлийг уншиж байхдаа би ийм бяцхан охин яаж ийм эвлэгхэн бичиж, яаж ингэж сэтгэж, түүнийгээ яаж ийм оновчтой буулгаж , яаж ингэж амьдралын талаар эргэцүүлж, аливаад дүгнэлт хийж, алдаа дутагдлаа өөрөө хянаж, яаж ийм идэвхитэй амьдарч чаддаг байнаа гэж гайхаж байлаа.

Тэдний гэр бүлд аавынх нь пүүсд ажиллаж байсан залуу гэр бүл, мөн пүүсийг шилжүүлж авсан хамтрагч нь туслаж гадаах ертөнцтэй холбож өгдөг. Хоргодох байрны амьдрал тийм ч амар байсангүй: өөр өөр газраас ирсэн өөр өөр хүмүүсийн таарж тохирохгүй зан араншин, дасж төвдөөгүй орчин нөхцөл, бодит ертөнцөөс бүрэн тусгаарлагдсан байдал, хоол хүнсний хомсдол гээд л бэрхшээл мундахгүй тохиолдно. Гэвч ямар ч хэцүү байсан Анне охин эцсийн мөчийг хүртэл итгэл найдвараа алдахгүй, ирээдүйг гэрэлтэйгээр харсаар л байсан юм.

1944 оны 8 сард буюу 2 жил бүгсэний эцэст тэдний хоргодох байрны амьдрал гунигтайгаар дуусгавар болсноор энэ хүмүүс дахин бие биентэйгээ амьд мэнд уулзаагүй... 1944 оны 08 сарын 04-ний өдөр SS-ийн нэг офицер, Холландын 3 цагдаагийн хамт тэдний хоргодох байранд гэнэт дайран орж ирсэн байна. Дайн дуусч эрх чөлөөтэй болохыг л хүлээж байсан хөөрхийлөлтэй энэ хүмүүсийг тэдэнд туслаж байсан 2 хүний нэг нь барьж өгсөн гэж үздэг юм билээ. Охины тэмдэглэлийг шалан дээр хаягдсан байхыг хүнс зөөж тусалдаг байсан бүсгүй авч хадгалсан гэдэг.

Түүний ээж 1945 оны 1 сард амьсгал хураасан бол Анне , түүний эгч Маргот хоёр чөлөөлөлтөөс хэдхэн хоногийн өмнө Берген – Бельзений хорих лагерт  хоорондоо ганцхан хоногийн зайтай насан эцэслэсэн байдаг. Харин Аннегийн аав дайнаас амьд үлдэж, 8 жилийн дараа дахин гэрлэсэн байдаг.

Аннегийн тэмдэглэлийг авсан бүсгүй чөлөөлөлтийн дараа аавд нь өгсөн бөгөөд 1946 оны 07 сард Анне Франкийн өдрийн тэмдэглэл (The Diary of Young Girl) Герман хэл дээр анх хэвлэгдсэн байдаг. Түүнээс хойш 1952 онд аавынх нь орчуулгаар Англи хэл дээр орчуулагдсан ба одоо ч орчуулагдсаар, хэвлэгдсээр л байна. Эцэг Франкын бүгэж байсан пүүсийн эзэн хамтрагч Клейман 1957 онд Анне Франкын нэрэмжит сан байгуулахад тусласан бөгөөд улмаар 1960 оны 05 сард Анне Франкын  музей байгуулагдсан нь өнөөдөр ч нээлттэй байна. Аннегийн хамгаас хүндэтгэж, хайрладаг, амьд үлгэр дууриалал байсан аав нь дайнаас 8 жилийн дараа буюу 53 онд дахин гэрлэсэн ба 1980 онд таалал төгссөн байна.

Хэрвээ дайн болоогүй байсан бол, эсвэл дайнаас охин амьд гарсансан бол, чөлөөлөлтийг хэдхэн хоног хүлээж чадсансан бол.... ямар их зүйлийг хийж бүтээх байсан бол? Хүн төрөлхтөн ямар агуу зохиол, бүтээл тэр охиноос авах байсан бол? Өдгөө хүртэл ямар замыг туулах байсан бол? гэсэн асуултууд өөрийн эрхгүй толгойд бууж, харамсах, гуниглах, өрөвдөх сэтгэл төрж байлаа. Өнөөдөр хэрвээ Анне Франк амьд байсан бол 83 насыг зооглож байх байлаа.

Эцсийн мөчөө хүртэл итгэл найдвараа хадгалсаар, тэмцсээр л байсан энэхүү охины өдрийн тэмдэглэл өдгөө Америк, Европын ахлах сургуулийн сурагчдын заавал унших номын жагсаалтанд орсон байдаг юм билээ.

Ирээдүйд агуу зохиолч болохыг хүсэн мөрөөдөж явсан Анне охин үргэлжийн 15 насандаа мөнхрөн үлдэж, бичиж үлдээсэн өдрийн тэмдэглэлийг нь сая сая хүүхдүүд уншиж, хоёр бүрэн хэмжээний кино бүтээж, мянга мянган шүтэн бишрэгчид нь энэ охины тухай эссе, сэтгэгдлээ бичсээр байна.

0 comments:

Post a Comment