Saturday, January 18, 2014

”Gravity” киног тайлбарлах нь

20 минутын өмнө

"Gravity" кино Оскарын шагналын номинацид нэр дэвшиж байгаатай холбогдуулан нэгэн тэмдэглэлээ та бүхэнд хүргэе гэж бодлоо. Сансартай холбоотой тул зав зай байвал уншаарай.
-------------------------------------------
"Gravity" киног тайлбарлах нь

Кино театруудаар "Gravity" хэмээх Sandra Bullock, George Clooney нарын тоглосон кино олон нийтийн хүртээл болоод байгаа билээ. Өнөөдрийн нийтлэл маань энэхүү киноны талбар болсон сансрын салбарын тухай юм.
Сансрын салбарын тухай ярихад тойрох аргагүй хэрэглэгддэг үгс байх бөгөөд, эдгээрийг сансрын салбар дахь дүрүүд гээд нэрлэж болно. Gravity кинон дээр ч эдгээр дүрүүд болох Союз, Houston, ISS, Shenzhou, Tiangong, Space Debris буюу сансрын хог гардаг билээ. Тиймээс энэ талаар тодруулан танилцацгаая. 
Хиймэл дагуул, пуужин(сансрын хөлөгийг оролцуулъя) гэсэн үгсийг та бүхэн сайн мэдэх билээ. Эдгээрийг сансрын салбарын гол дүрүүд гээд үзье.
Гол дүрийн нэг болох ПУУЖИН/САНСРЫН ХӨЛӨГ нь та бидний амьдрал дээр төсөөлвөл, тээврийн хэрэгсэл гэж ойлгож болох юм. Дэлхий, сар, гариг, сансрын орбит гээд бүхий л байршлын хооронд, хүн, хүнс, ачаа бараа зөөвөрлөх зориулттай техник юм. Союз хэмээх хөлөг нь ч ЗХУ-ын пуужингийн төслийн нэгдсэн нэр бөгөөд дэлхийд хамгийн олон хийгдэж(1500 гаран), хамгийн өндөр амжилттайгаар тээвэрлэлт хийж ирсэн алдарт хөлөг билээ. Ж.Гүррагчаа сансрын нисгэгч маань ч Союз-39 хөлгөөр ниссэнг ч та бүхэн мэдэх билээ. Shenzhou нь БНХАУ-н хийсэн сансрын хөлөг юм. Хэдийгээр Shenzhou нь БНХАУ-ын хөлөг онгоц хэдий ч, түүний суурь нь Союз хөлөг юм. Иймээс ч Gravity кино дээр Sandra Bullock нь ойлгогдохгүй ханзаар дүүрсэн удирдлагын самбарыг, Союз дээр ажиллаж байсны адилаар ашиглаж байсан нь, Shenzhou нь Союз хөлгийн хуулбар гэдгийг ч харуулсан мэт.
Нөгөөх гол дүр буюу XИЙМЭЛ ДАГУУЛ нь, дэлхий, сар, бусад гаригийг тойрон эргэлдэх техник бөгөөд гол зорилго нь дэлхий гэх мэт тойрон эргэлдэх төвтэй холбоотойгоор мэдээлэл авах, түгээх гээд олон янзын үйлчилгээ үзүүлдэг байна. Хэмжээ нь олон янз ч, дотор нь хүн суулгүйгээр, алсын зайнаас удирддаг нь энэхүү техникийн онцлог юм. Та бидний хамгийн сайн мэдэх хиймэл дагуул гэвэл GPS/Global Positioning System/ гэгдэх хиймэл дагуул юм. Мөн Монгол улс маань ойрын хугацаанд өөрсдийн хиймэл дагуулыг хөөргөхөөр ажиллаж байгаа бөгөөд, Монгол хүний чадварыг дэлхийн тавцанд харуулах нэгэн том ажил болох билээ.

Эрэгтэй гол дүрд пуужин нь тоглоод, эмэгтэй гол дүрд нь хиймэл дагуул тоглолоо гэвэл, туслах дүрүүд ч байх нь яах аргагүй юм. Удирдлагын төв, Сансрын Станц, Сансрын Зонд болон Сансрын Хог мэтийн гэх туслах дүрүүд байх бөгөөд эдгээрийн талаар танилцацгаая.
УДИРДЛАГЫН ТӨВ нь хиймэл дагуул, пуужин болоод бусад бүхий л дүрүүдтэй холбогдож, мэдээлэл авч, түгээхийн зэрэгцээ заавар зөвөлгөө, үүрэг даалгавар ч өгдөг газар дээрхи төв байгууллага юм. Сансарт биеэр нисч чадахгүй ч, сансрын салбарын төлөө амьдралаа зориулсан олон мэргэжилтэн цугласан цогц юм. Сансартай холбоотой кино болгон дээр хэлэгддэг Хьюстон буюу Space Center Houston ч эдгээрийн нэг нь юм.
САНСРЫН СТАНЦ нь нэгэн төрлийн хиймэл дагуул боловч, хиймэл дагуулаас ялгаатай нь дотор нь хүн амьдрах боломжтойгоор хийгдсэн сансар дахь байгууламж юм. Gravity кинон дээр гардаг ISS буюу Олон улсын сансрын станц болоод Tiangong нь сансрын станцууд юм. ISS нь 1998-2007 оны хооронд хийгдсэн Америк, ОXУ, Япон, Европын Холбооны орнууд, Канад, Бразил, Швед, Швецайрь, Итали гэсэн улсууд үндсэн бүрэлдэхүүнд нь багтдаг байна. Харин Tiangong нь БНХАУ-ын дангаараа хийхээр төлөвлөж байгаа сансрын станц бөгөөд одоогоор туршилтын хувилбар нь хэдийнээ сансрын орбитод гарчихсан ажиллаж байна. Tiangong нь нэгэн улс дангаараа сансрын станц хийхээр оролдож буй 3 дахь оролдлого юм.
Gravity кино дээр ослын шалтгаан болж буй олон тооны(бөөн) төхөөрөмжийн урсгал байдаг. Энэ нь сансрын орбит дээр гарч буй ноцтой асуудал болох САНСРЫН ХОГ юм. Сансрын хог гэдэг нь хиймэл дагуул, сансрын хөлөг гэх мэтийн эвдэрсэн хэсгүүд байж болно, мөн цаг хугацааны шаардлагагаар ажиллахгүй болсон хиймэл дагуул, эсвэл сансарт хөөрөн үлдсэн пуужингийн хэсгүүд ч байдаг байна. Эдгээр нь удирдах боломжгүй болсон учраас Сансрын Хог гэж хэлэгдэж байгаа юм. Яагаад ноцтой асуудал болж байна вэ гэвэл, 1-10см Сансрын Хог гэхэд, Сансрын Станцид эвдрэл үүсгэж, Хиймэл дагуулыг сөнөөх бүрэн боломжтой. 10см-с их болоод ирвэл, Сансрын Станцийг ч сөнөөх боломжтой бол ирнэ. Та бүхэн Gravity киног үзэхдээ дуу алдан, хэрхэн аюултайг мэдэрсэн гэдэгт итгэлтэй байна.
Ийнхүү сансрын салбарыг олон янзын дүрүүд бүтээж байгаа бөгөөд, кинон дээр гараагүй сансрын зонд, сансрын хотэл/hotel/, өөр гариг дээрх байгууламж гээд өдөр ирэх тусам дүрүүд нэмэгдсээр л байна.
Задгай сансарт гарахаар ямар нэгэн хүчний нөлөөгүй тохиолдолд тухайн биет нь tumbling(акробат) буюу зогсолтгүй эргэлдэх хөдөлгөөнд ордог байна. Gravity кинон дээр Sandra Bullock зогсолтгүй эргэлдээд байдаг нь ч үүнтэй холбоотой юм. Үүнийг зогсоох буюу detumbling гэдэг үйлдэл хийх хэрэгтэй байдаг бөгөөд энэхүү технологи нь хиймэл дагуул болоод сансарт нисэх бүхий л биетэд байдаг байна.
Энэ удаагийн нийтлэлийг ийнхүү Gravity киноны дүрүүдийг танилцуулснаар өндөрлөе. Цаашдаа ч та бүхэнд өдөр болгон өргөжин хөгжиж буй сансрын салбарын талаар танилцуулах бөгөөд, уншигч та ч гэсэн энэхүү салбарын талаар сонирхон судлаарай. Мэдээллийн технологи, Нано технологи, Биотехнологи гээд том технологиудын хувьсгалуудын дараах нь зайлшгүй сансрын салбар гарч ирэх бөгөөд, ойрын 20-30 жилд сансрын салбарт асар их шинэ ололт, амжилтууд хийгдэх билээ.

Набар овогт Цогийн Нандинбаатар
2013-10-27, Швед улс

www.facebook.com/nabarja


0 comments:

Post a Comment