Saturday, January 11, 2014

Isohunt сайт хаагдаж 110 сая ам.долларын торгуульд унажээ

45 минутын өмнө

Bittorrent протокол дээр суурилсан Isohunt цахим хуудас долоон жил шүүхдэлцсэний эцэст хаагдахаар болжээ. Тус цахим хуудасны эзэн, Канад улсын иргэн Гари Фунг Америкийн Кино Урлагийн Холбоонд 110 сая ам.долларын торгууль төлөхөөр зөвшөлцсөн байна. Bittorrent протокол нь интернэтэд холбогдсон компьютерүүдийн хооронд файл солилцох боломжийг олгодог бөгөөд Isohunt сайт нь солилцож буй файлуудын бүртгэлийг хадгалдаг аж. Bittorrent протоколийг ашиглан хууль бусаар файл солилцох боломж нээгддэг бөгөөд Isohunt болон ижил төстэй сайтууд нь тухайн хууль бус файлыг өөрийн сервер дээрээ хадгалдаггүй ч файлын бүртгэлийг хадгалж солилцох орчин нөхцөлийг бүрдүүлж өгдөг байна. Солилцож буй файлуудын дийлэнх нь Холливүүдийн сүүлийн үеийн кино, телевизийн шоунууд байдаг аж. Тиймээс дэлхийн хэмжээний кино, телевизийн студиуд болон bittorrent сайтуудын хоорондын ширүүн тэмцэл арваад жилийн өмнөөс эхэлсэн байна. Disney, Paramount, Twentieth Century Fox зэрэг студиудын Isohunt-ын эсрэг хийсэн энэхүү ялалт нь хууль бусаар оюуны өмч бүхий файл солилцохтой тэмцэж буй үйл явцад нэгэн томоохон алхам боллоо хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Ийнхүү bittorrent протокол дээр суурилсан нэгэн том цахим хуудас арван жил зургаан сар ажиллаад хаагдлаа.

0 comments:

Post a Comment