Капитал банк "Mongolia money week-2014" арга хэмжээг хүүхдүүдтэй хамт орон даяар тэмдэглэв
14 минутын өмнө
Олон улсын нийгэм, эдийн засгийн хүртээмжийг ихэсгэх, ядуурлыг бууруулах, хүүхэд, залуучуудын санхүүгийн боловсролыг дэмжих зорилготой ажилладаг Child Youth Finance International (CYFI) байгууллага нь "Дэлхийн Мөнгөний долоо хоног" буюу "Global Money Week" хөдөлгөөнийг жил бүрийн гуравдугаар сарын хоёр дахь долоо хоногт уламжлал болгон олон улсын хэмжээнд зохион байгуулдаг билээ.Тус хөдөлгөөнд Монгол Улс нэгдэж, "Хүүхэд бүр санхүүч" уриан дор 2014 оны 03 дугаар сарын 10-17-ны өдрүүдэд хүүхэд, залуучуудыг санхүүгийн чанартай боловсролтой болгох, санхүүгийн хүртээмж болон эдийн засгийн боловсролыг нэмэгдүүлэх зорилгоор олон ажил зохион явуулжээ.
Монгол Улсын арилжааны анхны "Капитал" банк нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч байгууллагын хувьд тус хөдөлгөөнийг дэмжиж, Монголын Сурагчдын холбоотой хамтран санхүүгийн боловсрол, мөнгөний зохистой хэрэглээ, банк санхүүгийн салбарын талаар мэдээлэл өгөхөөр Монгол Улсын 15 аймаг болон Улаанбаатар хотын 140 сургуулийн сурагчдын төлөөллийг хамарсан сургалтыг зохион байгууллаа.
"Капитал" банк нь "Ногоон банк байх" зорилттой ажилладгийн хувьд ЕБС-ийн 8-12 дугаар ангийн 800 гаруй сурагчдыг хамарсан энэхүү сургалтаар зөвхөн санхүүгийн мэдлэг олгосон төдийгүй санхүүтэй уялдуулан ногоон хөгжлийн талаар сургалт мэдээллийг давхар хүргэлээ.
Энэ үеэр ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт Санхүүгийн боловсрол олгох хичээлийг албан ёсоор оруулах нь хүүхдүүдийг мөрөөдөл, зорилгодоо хүрэхэд мөнгийг хэрхэн удирдаж зарцуулах, мөнгөтэй харьцах ухаанд багаасаа сурах оновчтой арга зам хэмээн оролцогч хүүхдүүд санал бодлоо хуваалцаж байв.
Мөн сургалтад амжилттай хамрагдсан сурагчдыг банкаар зочлуулж, банкны үйл ажиллагаатай танилцуулан хүүхдүүдийн сонирхсон асуултад хариулт өгч, гарын бэлэг гардуулжээ.
Өнгөрсөн жил тус хөдөлгөөнд дэлхийн 80 орчим улс, орны 400 гаруй байгууллага нэгдэн оролцож, өөрсдийн байгууллагын үйл ажиллагаа, онцлогоос хамаарсан, хүүхэд залуучуудын санхүүгийн боловсрол, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулсан байна. Харин манай улсын хувьд энэ жил Монголын Банкны Холбооноос санаачлан Монголбанк, Монголын Хөрөнгийн бирж, арилжааны 10 банкны дэмжлэг, оролцоотойгоор тус хөдөлгөөнийг өрнүүлж, ирээдүйн эзэд болсон хүүхэд, залуучуудтай хамт нэг долоо хоногийг өнгөрүүлжээ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment