Sunday, August 31, 2014

ОБЕГ-ын харъяа Дархан-Уул аймаг дахь Улсын нөөцийн салбарт онц ноцтой хэрэг гарчээ

ОБЕГ-ын харъяа Дархан-Уул аймаг дахь Улсын нөөцийн салбарт онц ноцтой хэрэг гарчээ

4 минутын өмнө

ОБЕГ-ын харъяа Дархан-Уул аймаг дахь Улсын нөөцийн салбарын шатахууны хэсгийн 1000 тоннын багтаамжтай бензиний агуулах 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдөр шатаж, хүний амь хохирсон онц ноцтой хэрэг гарсныг Шадар сайд Д.Тэрбишдагва, ОБЕГ-ын дарга Т.Дуламдорж нар олон түмнээс нуун дарагдуулж байсан нь саяхан ил болжээ.


Түлэгдэж нас барсан иргэн нь тухайн нөөцийн салбарын үрийн нөөцийн хэсгийн механикчаар ажиллаж байсан "Н" гэгч байсан байна. Амиа алдсан "Н" нь шатахуун ачуулах ажлын хэсэгт ороогүй байсны гадна аюулгүй ажиллагааны заавартай танилцаагүй, гарын үсэг зураагүй байжээ.

Дархан-Уул аймаг дахь Улсын нөөцийн салбарын дарга Энхбаяр гэгч нь ОБЕГ-ын дарга Т.Дуламдоржийн зөвлөхөөр ажилладаг Д.Пүрэвдаавуугийн хүргэн юм байна. Зөвлөх Д.Пүрэвдаавуу нь Шадар сайд Д.Тэрбишдагвын төрсөн ах нь.

Гал гарсан шалтгаан нь мэргэжлийн бус хүнээр шатахуун юүлэх ажлыг гүйцэтгүүлсэн, хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлыг хангуулаагүйгээс болсон ажээ. Өөрөөр хэлбэл, гал гарсан шалтгаан нь тус салбарын удирдлагын буруутай үйл ажиллагаатай шууд холбоотой байна.

Тус нөөцийн салбарын дарга Энхбаяр гэгч нь Шадар сайд Д.Тэрбишдагвын төрсөн ахынх нь хүргэн учраас өнөөдрийг хүртэл түүнд хариуцлага тооцолгүй толгойг нь илсээр байгаа аж. Онцгой байдлын албанд элдэв хэрэг зөрчил тасралтгүй гарсаар байгаа нь энэ байгууллага Шадар сайд Д.Тэрбишдагвын ойр дотны, мэргэжлийн бус хүмүүсээр дүүрсний хар гай юм.

ОБЕГ хамаатан саднуудын үүр уурхай болсон учраас хариуцлага тооцно гэдэг асуудал мартагдаж, энэ байгууллагад "хариуцлагагүйн зуд" гэгч бодит байдлаар нүүрлэжээ. Дархан-Уул аймаг дахь нөөцийн салбарт гал гарах үед ОБЕГ-ын дарга, дэд дарга, дөрвөн газрын дарга нар бүгдээрээ ээлжийн амралттай байжээ. Үүнээс үзэхэд, энэ байгууллагын мэргэжлийн болон захиргааны удирдлага бүрэн алдагджээ гэж дүгнэж болохоор байна.

Өөрсдийнхөө амь нас, хариуцдаг төрийн өмчийг гамшгаас хамгаалж чадахгүй байгаа хүмүүс бусдын амь нас, эд хөрөнгийг яаж гамшгаас хамгаалж чадах билээ дээ, хөөрхий. Монгол Улсын Онцгой байдлын албанд онцгой анхаарал хандуулж, хариуцлагагүй албан тушаалтнуудад нь хариуцлага тооцох цаг болсон юм биш үү? Эх сурвалж www.wikimon.mn

Б.Зоригт

0 comments:

Post a Comment