Tuesday, September 2, 2014

Ой тогтоолтын тамирчид дэлхийн рекорд эвдлээ

Ой тогтоолтын тамирчид дэлхийн рекорд эвдлээ

27 минутын өмнө

Энэтхэгийн ой тогтоолтын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд Монгол, Энэтхэг, Швед, Америк, Индонез зэрэг таван улсын нийт 80 тамирчин бүтэн өдрийн турш харааны болон сонсголын ой тогтоолт шалгасан 10 төрлөөр оюунаа уралдуулж аваргуудаа тодрууллаа. Тус тэмцээнд манай улсаас Монголын Оюун Ухааны академийн гурван тамирчин дасгалжуулагч, ОУ-ын шүүгч Х.Хатанбаатарын хамт маш амжилттай оролцож 30 медалийн есийг нь хүртэн, дунд насны ангилалд Дэлхийн хоёр дээд амжилтыг шинэчлэн тогтоон багийн оноогоор тэргүүлжээ.


Олон улсын аварга 16 настай Э.Энхмөнхийн хувьд 2 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртэн нийлбэр оноогоор нийт 80 тамирчнаас 2-р байрт орж, дунд насны ангилалдаа түрүүлэв. Тэрбээр "Хөзөр" цээжлэх хурдны төрөлд нэг багц хөзрийг 33 секундэд тогтоон алдаагүй нэрлэснээр Хятадын тамирчны эзэмшиж байсан дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ.

Өнгөрсөн жил Лондонд болсон Дэлхийн аваргын тэмцээний дунд насны ангилалд мөнгөн медаль хүртэж байсан 14 настай З.Цэцэгзулын хувьд хоёр хүрэл медаль хүртэж ерөнхийгөөр 5-р байрт орж, дунд насны ангилалд дэд байрыг эзэллээ. Саяхан болсон Филиппиний тэмцээний аварга 16 настай Т.Энхжин нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртэн "Хоёртын тоолол" төрөлд 5 минутад 750 цифр тогтоон алдаагүй нэрлэснээр урьд өмнө З.Цэцэгзулын (736 цифр) эзэмшиж байсан дэлхийн дээд амжилтыг шинэчилэн тогтоолоо.

Энэ удаагийн тэмцээнд дэлхийн чансаанд 3-т бичигддэг Шведийн тамирчин, Дэлхийн аварга, ОУ-ын Их Мастер Жонас вон Эссен оролцсон нь өрсөлдөөнийг ширүүн болгосон ба тэрээр нийлбэр оноогоор тэргүүлж цом хүртжээ.

Дараагийн тэмцээн Гонконгт есдүгээр сарын 13, 14-нд болох ба энэ тэмцээнд манай улсаас 10 тамирчин оролцох аж. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment