Од болох амархан юм аа
1 цаг 17 минутын өмнө
- ФЕЛЬЕТОН -

Ажлын нэг урт хошуутай юм намайг даргад ховложээ. Тэр нь бас гайтай нэг юмнаас болсон хэрэг. Тэр нь юу гээч, ядаж байхад ус буцалгагч шүү. Учир юу гэвэл, манай ажлынхан найруулдаг кофегоо уух гэж ус авахаар яг миний араар зүтгэдэг байхгүй юу. Тэр ховч нөхөр бол байнга тийм хямдхан кофе гүзээлнэ л дээ. Тэгээд даргад "Энэ Мандах гэж нэг нөхөр улсын ажил хийж байгаа нэртэй ажлын компьютерээр нүүрном, твиттерээр зугаацаж, элдэв юм цэцэрхэж суудаг нөхөр байна. Тэр нь ч яахав гэж бодоход хүүхэд шиг дандаа тоглоом тоглож байх юм" гээд л авч өгч дээ.
Тэгээд яахав дээ, дарга дуудаж загнав аа. Чам шиг юм ажлаа өгвөл таарна. Цаана чинь оръё гэсэн хүүхэд байна энэ тэр гэж байна. Оръё гэсэн хүүхдийг нь би мэднэ л дээ. Даргын найз гэж нэг нөхөр "Хүүхэд төгслөө. Ажилд оруулах хэрэгтэй байна. Наана, цаана байна уу?" хэмээн уулзаад ярьж байхыг нь хальт сонссон юм. Дээр нь би гэж нэг юм баасан ахыг хүлээж чадалгүй пүрэвт дүүгийнхээр ороод гарсан байсан учир өглөө жаахан юм үнэртэж л дээ. Тэгээд ер нь мягмар гаригт болдог хурлаар хэлэлцүүлнэ гэж айлдав. Ер нь бүх юм тодорхой болох тийшээ хандаад явчихлаа. Тэгэхээр нь ер нь нэр төртэй гарч, бас эртний мөрөөдлөө биелүүлж болох юм байна гэдгийг ухаарав аа.
Үнэндээ жаахан гаслах маягтай сууж байсан л даа. Гэв гэнэт нүүрномын шинэхэн пост нүүрэн дээр мэлсхийтэл гараад ирэхээр нь энэ мэргэн санаа төрсөн хэрэг. Ажлаасаа нэр төртэй ч гаръя, дээр нь од болъё гэж... Яасан гэхээр, Оросын нэг нөхөр, магадгүй надтай адилхан гар байсан байх. Нэг Иван ганц хүний пикет хийж, ажлаасаа гарч байгаагаа илэрхийлж гэнэ. Учир нь, дарга нь Оросын Либерал намын гишүүн бөгөөд их үндсэрхэг тул түүнийг еврей гээд ад үзээд байсан юм байх аа. Тэгээд тэр нөхөр еврей гаралтай оросуудын дунд баатар болж мандаад байгаа юм байна л даа. Одоогийнхоор бол ОД болжээ. Би юу дутахав гэж бодлоо. Харин ганц асуудал гарч ирсэн нь би еврей биш, казах ч хүн биш. Ядаж байхад хятад хүн бүр биш гэсэн ноцтой асуудал гараад ирэв. Ингээд даргыгаа судалтал тэр Н.Алтанхуяг сайдын намын, бүр нэг фракцийн хүн болж таарлаа.
За, "Эврика". Би шууд цаасан дээр "Алтанхуягийн Засгийн газар болон түүний талынханд дургүй хүрч байгаа тул сайн дураараа төрийн албанаас гарлаа" хэмээн сүртэй гэгч нь бичиж аваад, коридорт гарч өнөөх цаасаа барьж, утсаа цонхны тавцан дээр эвтэйхэн байрлуулж байгаад баахан "сэлфидэж", уг нь монголоор өөрөгдөж байгаад зурагнуудаа нүүрномдоо байрлуулж орхив. Ёстой нүдээ олсон юм болж, тэр дороо л 500 лайк цуглуулсны дээр энд тэндхийн телевизэд ажилладаг хүмүүс ярилцлага өгөхийг гуйж, чатаар сүрэг сүргээрээ орж ирлээ. Ингэхэд ОД болох амархан юм аа, хө.
Гэхдээ нэг ийм үг байдаг юм билээ. Ялаа тойрч эргэлдээд байхаар баас хүртэл өөрийгөө од гэж боддог. За, энэ яадаг юм. Атаархсан хүмүүсийн гаргасан үг байхгүй юу. Юутай ч олонд танигдаад эхэллээ шүү.
Эх сурвалж: Маш нууц сонин Эх сурвалж www.wikimon.mn
С.Мандах

0 comments:
Post a Comment