Нөөцийн махны тендерийг Төрийн нарийн Х.Золжаргал будлиантуулжээ
46 минутын өмнө

"Жаст групп"-ын Ш.Батхүүгийн мэдэлд байсан тус компани өдгөө өөр хүмүүсийн гарт очсон байна. Гэвч ҮХАА-н дэд сайд, эмч мэргэжилтэй Ц.Туваан, барилгын инженер мэргэжилтэй Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал тэргүүтэй хүмүүс хоёр жил дараалан Дархан, Улаанбаатар хотын багцад өөр нэртэй ч нэг өмчлөгчтэй "Дархан мийт фүүдс", "Баатарууд Тэнгэр" ХХК-иудыг дээрхи албан тушаалд очмогцоо шууд оруулжээ. Үүнээс гадна 2014 оны хөтөлбөрт оролцсон мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлтгүй "MTS Agro" ХХК-ийн агуулахыг хүчээр сонгуулсан нь сонирхол татна. Уг агуулахад төмс, ногоо удаан хугацаанд хадгалсан тул мах хадгалж болохгүй гэсэн дүгнэлт гарсан ч байцаагчид нь дарамт үзүүлж, шинээр дүгнэлт гаргуулжээ.
Үүнээс гадна сүүлийн жилүүдэд сонгон шалгаруулалт будлиантай болохоос гадна алдаа, дутагдлууд ихээр илэрчээ. Үүнд, агуулахын хүчин чадал, багтаамжийг шалгаж баталгаажуулсан газар байхгүй тул хүчин чадлыг нь компаниудын хэлснээр тооцдог аж. Улаанбаатар хотод төвлөрүүлээгүй махыг сертификатжуулж мөнгө олгож байснаас гадна махны бүрдэлтэд тавих хяналт сул, ихэнхи газар ерөөсөө хяналт тавилгүй иржээ. "Нөөцийн махны менежер"-ээр шалгарсан "Баатарууд Тэнгэр" ХХК нь ямар ч туршлагагүй, удирдан зохион байгуулах чадваргүй байсан тул "Мах Маркет" компани туслан гүйцэтгэгчээр оролцож, үйл ажиллагааг нь дэмжин ажиллаж байжээ.
Иймээс "Мах Маркет" ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Болор ШӨХТГ-ын дарга О.Магнайд хандан гомдол гаргажээ.
Түүний гаргасан гомдолд "Манай компани нь МХЕГ-ын итгэмжлэлд хамрагдсан, гуравдагч оронд экспортлох эрхтэй "ААА" зэрэглэлтэй бөгөөд хоногт 1000 толгой бог нядлах хүчин чадалтай, хамгийн сүүлийн үеийн батарейн хөргөлтийн төхөөрөмжтэй хөргөлт бүхий агуулахтай, хоногт 20 тонн мах гүн хөлдөөх хүчин чадалтай камертай, үйлдвэрлэлийн орцоос гарц хүртэлх бүрэн шинжилгээ хийгддэг, 2007 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй MNS ISO /IEC17025:2007/ стандартын дагуу магадлан итгэмжлэгдсэн мал, мах, махан бүтээгдэхүүнд хими, микробиологи, мал эмнэлгийн шинжилгээг гүйцэтгэдэг.
Манай компани өөрийн үйл ажиллагаандаа Олон улсын Аудитын ISO 22000-2007 стандартыг нэвтрүүлж, энэ стандартын хүрээнд шинээр дотооддоо 130 бүртгэл, 35 заавар, 32 журмуудыг шинээр гаргах, шинэчлэн баталж мөрдөн ажиллахын зэрэгцээ түүний хэрэгжилт, үйл ажиллагаанд дотоодын хяналтын лаборатори, Цэвэрлэгээ ариутгалын баг /ЦАБ/ ажиллуулж, өдөр тутам, цаг минут бүрт үйлдвэрлэлийн бүх шат дамжлага, үйл явц олон улсын стандартын дагуу явагдаж байгаа эсэх, махыг хэрэглээний зориулалт тус бүрээр маш сайн ангилсан эсэхийг хянаж байдаг. Манай компани 100 гаруй нэр төрлийн өөрийн нэрийн бүтээгдэхүүнээрээ "Үндэсний шилдэг брэнд"-ээр шалгарсан, олон мянган хэрэглэгчдээс таашаал хүртсэн Монголын "Үндэсний хүнсний тэргүүлэх үйлдвэр" юм.
Түүнчлэн дотооддоо төдийгүй олон улсад үйл ажиллагаа болон үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээрээ танигдсан "Манлайлагч компани" билээ. Гэтэл сонгон шалгаруулалтын хурлаар манай материалыг авч хэлэлцээд, тус компанийг оролцогчийн чадварыг үнэлэх баримт бичигт заагдсан татварын өргүй байх, туршлагын үзүүлэлтэд хамаарах асуудлаар тус тус "Нөөцийн махны менежер"-ээр шалгаруулах боломжгүй гэсэн хариу ирүүлсэн байна.
Монгол Улсад гадаадын төлөөлөгч, зочин гийчин ирж, ҮХААЯ-ны чиглэлээр махны үйлдвэр үзүүлэх шаардлага гарахад салбар яам, түүний агентлаг, төр, засгийн байгууллагууд ганцхан манай компанийг л сонгон улсынхаа махны салбарын нүүр царай болгож үзүүлдэг. Бид ч энэ саналыг нь хүлээн авч, ёсчлон биелүүлж, өөрийн хүч бололцоогоор тодорхой зардал материал, бүтээгдэхүүнийг төсөвлөн хүндэтгэлтэйгээр угтан авч, сэтгэл хангалуун үдэн мордуулж ирсэн. Хэдий тийм ч бид төрөөс ямар нэгэн хөнгөлөлттэй зээл, төсөл, хөтөлбөрт хамрагддаггүй.
Биднийг ч оролцуулахгүй, орхигдуулж ирсэн бөгөөд өнөөдрийг хүртэл компанийн зүгээс энэ талын гомдол, тэмцэл гаргаж байсан удаа байхгүй.
Мөн 2014 оны нөөцийн махны борлуулалтад хяналт тавиагүй, борлуулалт нь учир дутагдалтай. Зарим компанийн хувьд өдөрт 50-100 тонн мах борлуулсан мэдээг Монголбанкинд өгч, мөнгийг нь төвлөрүүлж байсан. Бидний олон жилийн туршлага, хийсэн судалгаагаар Улаанбаатар хотод өдөрт нийтдээ 60-70 тонн мах нийлүүлэн худалдаалдаг гэсэн судалгаа гарсан байдаг. Гэвч ганцхан компани ийм хэмжээний борлуулалт хийх ямар ч үндэслэл, хэрэглээ ч байхгүй. Үүнээс харахад махны санхүүжилтийн мөнгийг авч зориулалтын бус зүйлд зарцуулан эргэлдүүлж, хавар тэр мөнгөө төвлөрүүлж байгаа нь харагдаж байна. Иймд бидний гомдлыг хүлээн авч, сонгон шалгаруулалтын хууль, дүрэм, журмын хүрээнд аудит хийн шалгаруулж, зөв шийдвэр гаргуулж өгнө үү" гэжээ.
Эх сурвалж: Маш нууц сонин Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:
Post a Comment