Monday, October 13, 2014

Танихгүй эмэгтэйд бөөрөө өгчээ

Танихгүй эмэгтэйд бөөрөө өгчээ

56 минутын өмнө

34 настай нэгэн эмэгтэй огт танихгүй хүнээс бэлгэнд бөөрийг нь авчээ. Тэр хүн эмэгтэйн зовлон, шаналлын талаар сонинд гарсан зараас олж мэдсэн гэнэ. Түүнд бөөрөө өгсөн хүн бол өөрийн өмнөх болчимгүй үйлдлүүдийг мартаж, буян үйлдэхийг зорьсон экс хоригдол аж. Их Британийн иргэн Сэли-Энн Грэйнжер бүсгүй хоёр хүүхдийн эх бөгөөд амь насаа аврахын тулд орон нутгийн сониноор дамжуулж өөрт нь бөөрөө хандивлахыг хүсчээ. Тэрбээр бөөрний дутагдалд орсон тул эрхтэн шилжүүлэх ажиллагаа цорын ганц найдлага нь байсан юм. 2009 онд энэ эмэгтэй уушгиа тайруулсан бөгөөд удаан хугацааны туршид хүчтэй эм бэлдмэлүүд уусан байна.

Үүний үр дүнд хоёр бөөрнийх нь үйл ажиллагаа доголдсон учраас жил гаруйн хугацаанд гемодиализын аппаратанд орж байсан гэнэ. Долоо хоногт гурван удаа ийм эмчилгээг хийлгэж байлаа. Түүнд амьдрал бэлэглэсэн хүн бол 38 настай Уэсли Жойс юм. Цагтаа энэ эр Их Британийн зэвсэгт хүчинд алба хаасан, өргөст торны цаана сууж байсан нэгэн билээ. 2004 онд тэрбээр бусдын эрхэнд халдсан тул дөрвөн жилийн хорих ялаар шийтгүүлжээ. Гэвч тэр цагаас хойш түүний амьдрал сайн тал руугаа эргэсэн аж.

Жойс эмэгтэйн арга ядсан гуйлтад хариу өгч, өөрийн бөөрийг өгөхөө зөвшөөрсөн арван хүний нэг нь болов. Гэвч тэднээс Уэслигийн бөөр л эмэгтэйд таарч байсан гэнэ. Мэс ажилбар амжилттай явагдсан бөгөөд өдгөө Сэли-Энн бүсгүйн биеийн байдал сайн байгаа гэнэ. "Би талархлаа яаж илэрхийлэхээ мэдэхгүй байна. Огт танихгүй хүн надад өөрийнхөө нэг хэсгийг өгч миний амь насыг аварлаа. Би ийм зүйл болно гэж бодоогүй. Ийм зүйл кинонд л гардаг шүү дээ" хэмээн азтай эмэгтэй баяр хөөрөө барьж ядан ярьжээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment