Харзанд тольдохуй хийгээд далдыг харсан нь
21 минутын өмнө

Харзны ус уухаар түүнд агуулагдах элдэв бодис хоол боловсруулах эрхтэнээр дамжин бие махбодод хэрэгтэй бодисыг ялгаж авдаг байх нь ээ. Харин харзны усанд орвол тэдгээр бодис арьсаар дамжин биед нэвтэрнэ гэсэн үг. Аль нь болов ч эмчилгээний нэлээд сайн арга нь мөнөөс мөн. Энэ удаа эмчилгээнийх нь аргаас зайлсхийгээд, сонссон нэгэн сонирхолтой зүйлийг хүргэхийг зорив. Хөвсгөлийн Ренчинлхүмбэ сумын иргэн нутагтаа "Азар" хэмээн алдаршсан өвгөн бүр социализмын үед харзаар эмчлэн, элдэв хачин юмс үзэгдлийг номхотгодог байж.
Нутгийн хүн, миний анд, бичиг цаасны ажилтай нэгэн өгүүлсэн билээ. Өөрөөс нь зөвшөөрөл авч амжаагүй тул алба ажил, нэр усыг нь бичиж төдсөнгүй. Тэртэй тэргүй нутгийнх нь зон олон мэдэж байгаа юм хойно доо. Эхлээд манай хүнд тохиолдсон явдлаас эхэлье.
Далаад оны эхээр болжээ. Тэднийх алдарт өргөн алаг Шишгэд голын эрэгт өвөлжиж байжээ. Энэхүү ер бусын үзэсгэлэнт гол олон газар харзтай нь мэдээж. Тэдний хэдэн айлын хавьд ч харзалдаг байж. Нутгийнхан зориуд тэнд буусан байхыг ч үгүйсгэхгүй. Нэгд, хэдэн мал, айлын хүмүүс амны усаар тасрахгүй нь мэдээж. Цас, мөс хайлуулж суухгүй амар байна биз дээ. Хоёрт, аливаа нэг эмгэг, золгүй явдал тохиовол анагаахад амар хялбар байж таарна. Тэгээд ч "Азаа" өвгөн тэрийгээ мэдэх байлгүй. Харзны эргэн тойрон маш тунгалаг мөстэй учраас голын загас, жараахай ч харагддаг байсан гэнэ билээ.
Ер нь манай аль ч нутгийн гол, мөрнүүд тийм л тунгалаг байсан даа. Тэр үед одоогийнх шиг элдэв өвчний эсрэг вакцин энэ тэр байсан биш, мань хүн дүү нарын хамт хөхүүлдэг ханиадаар өвджээ. Ханиах үед мөгөөрсөн хоолой, түүний салбар гуурснууд агшдаг болохоор уртаар хуцуулан ханиалгаж байснаа гэнэт амьсгалын дутагдалд орон бөглөрч, таглардаг эмгэг л дээ. Эхэндээ ч харзны ус уугаад ханиад нь овоо намжиж байтал сумын төвийн нэгэн явуулын нөхөр мэдэмхийрэн "Мотоцикл дээр суулгаад салхи сөргүүлэн давхивал эдгэрдэг юм" гэчихжээ. Хөдөөгийн улс хээгүй болохоор нөгөө нөхрийн үгэнд ороод ёсоор болгочихгүй юу. Юуных нь эдгэх билээ. Бүр хүндрээд таг болжээ. Бүр дороо шээж, баатлаа бөглөрч, тагларан хуцуулдаг болсон байна. Хөхүүл ханиадны нэг өвөрмөц шинж бол энгийн томуу шиг үргэлж ханиалгаад байхгүй. Байж байж гэнэт өнөөгийн хэлээр аура мэт сонин совин татаад байж суух газаргүй мэт болдог билээ.
Тэр нь, чи удахгүй ханиалгана гэсэн дохио гэж болно. Тэгээд л ухаан мэдрэлгүй болтлоо ханиана шүү дээ. Ийм л зовлонтой эд дээ. Өнөөдрийнх мэт хөхүүл ханиад, улаанбурхан, татрангийн эсрэг хавсарсан тарилга байсан биш. Аймаг, сумын эмнэлэгт бол эмчилж орхих нь мэдээж. Харин гэрээр бол амбан явахгүй л дээ. Тэгж байтал нэг нөхөр тагтааны шөл дээр гэсэн "шинэ онол" хэлжээ. Хөдөөгийн тагтаа зэрлэг болохоор манай Гандангийнх шиг номхон биш нь ойлгомжтой. Хээр хадан хясаа бараадаж цөөхүүлээ байдаг жигүүртэн л дээ. Гэхдээ л амьд хүн аргатай гэдэг болохоор аав нь калибраа үүрээд гарчээ. Нэг явалтаар гурвыг аваад иржээ. Нөгөөхөө мулзлан шөл хийгээд ч нэмэр болсонгүй гэнэ. Тэгээд аргаа бараад байж байтал аймаг яваад бараг сар болсон "Азар" хөгшин ч иржээ. Мань хүн ч тэндээ эмч байлгүй яахав.
Хүүхдүүдийг үзээд эмчлэх болжээ. Бас үзээд "Ад зэтгэрийн хорлол болжээ. Ариулахгүй бол горьгүй" гэж. Ингээд манай хүнийг хоёр дүүтэй нь дагуулаад харз руу явсан байна. Аав нь ч дагажээ. Харз голдоо тэмээний нүд шиг харлаад ундарч байсан юм байх. Өвгөн өврөөсөө бяцхан толь гаргаад иржээ. Тэрхүү толио байнга өвөртөлж явдаг байж. Хүүхдүүдийг зэрэгцүүлж суулгаад насны дарааллаар дууджээ. Эхлээд үүнийг өгүүлэгчийг дуудаад толь руугаа сайн харуулаад, "Одоо харз руу хар" гэсэн байна. Харз руу ширтэж байтал ёстой сонин бас аймшигтай юм харагдаж гэнэ. Хэдэн хоногийн өмнө хоёр дүүтэйгээ харзны доохонтойгоос мөс цоолон хэдэн загас барьсан нь харагджээ. Нөгөөдүүлд нь ч бас ижилхэн "кино" үзэгджээ. Ингээд Шишгэдийн лус хилэгнэсэн болж таарчээ. Лусыг аргадах гэж бөөн юм бололгүй яахав. Арц, тарни болж тэнд баахан байжээ. Ингээд мань гурвыг дагуулаад буцахдаа харзнаас "гуйж" байгаад гурван литр ус авчээ. Түүндээ зэвтэй төмөр хадаас, цайр, цинк, дарь марь холиод тавьчихжээ.
Ингээд үдээс хойш нөгөө харзнаасаа хүүхэд тус бүрт нэг аягыг өгсөн байна. Энэ мэтчилэн өдрийн гурваар өгч эхэлжээ. Хоёр гурван хоногоос ханиад ч намдаад иржээ. Эмчилгээ яг ёсоор үргэлжилсээр долоо хоногийн дараа эдгэрсэн байна. Одоо бодоход өвгөн кальцихлорид, кальцекс мэтийн эмийг гэрийн нөхцөлд найруулсан бололтой. Ер нь нэг тийм кальцийн бэлдмэл хийсэн байгаа юм. Өвгөдийн ухаан гэж нэг иймэрхүү юм байдаг даа. Чухам аль нь эдгээснийг мэдэхгүй ч тэд золигийн ханиаднаас ийнхүү салсан түүхтэй. Гэхдээ л найз минь нэгэн юмыг ихэд гайхан ярьдаг билээ. Тэр бол сайхь өвгөний харзанд харуулсан зүйл билээ. Яалт ч үгүй загас барьсан нь харагдсан л гэдэг юм даа. Төдөлгүй тэднийд хамаатных нь нэгэн хүүхэн аймгийн төвөөс ирж хэд хоножээ. Тухайн үед гуч гарчихсан хүүхэн байжээ. Аав, ээжид нь туслан "Азар" өвгөнтэй уулзан байсан юм байх. Эхэндээ ч учрыг нь манай хүн ойлгоогүй байжээ. Арга ч үгүй биз. Томууд дарлуулсан балчир хөвгүүн юугаа ч мэдэх билээ.
Харин айлын эгчтэй аргал хорголд яваад зугаатай л байж. Уулын мухарт байдаг айлд аймаг, сумаас хүн ирэх нь сонин байлгүй яахав. Тэгээд ч сонин хачин юм их ярьдаг байжээ. Нэг өдөр айлын эгч ам халсан уу, аль эсхүл сонирхуулсан уу "Эгч нь энд нэг зорилготой ирсэн. "Азар" өвгөнөөр насныхаа ханийг харуулах гэсэн юм. Эгч нь хүнтэй суулгүй өтөллөө. Аав, ээж маань энэ хүн дээр оч гэсэн юм. Эгчид нь нэг хүн бий л дээ. Базар гэдэг юм. Өмнө нь олон авгай сольсон болохоор насны хань гэдэгт итгэхгүй байна. Ямар сайндаа наашаа явах вэ дээ. Аргаа барсан хэрэг л дээ. Уг нь тэр надад, би түүнд сайн л даа. Нөгөөдөр шинийн 15-нд өдөд харуулах юм гэсэн. Тэр өдрийг л хүлээж байна" гэжээ. Манай хүн ч гайхаад явчихаж. Нээрээ, надад загас барьсныг минь харуулсан юм чинь, тэр зэргийг чадах биз хэмээн боджээ. Тэгсхийгээд тэр өдөр нь ч болжээ. "Азар" өвгөн нөгөө эмэгтэйг ээжтэй нь дагуулаад явжээ. Тэд ч төд удалгүй ирсэн байна.
Өнөө эгч бөөн баяр гэнэ. Нүүрэндээ баясгалантай ирсэн байх л даа. Тэгээд л уртаар санаа алдан цайгаа ууснаа мань хүнийг усанд явъя гэжээ. Уухайн тас дагаад давхичихаж. Хоёул мөнөөх харз дээрээ иржээ. "За, эгч нь заяаны ханиа харлаа. Нөгөө Базар чинь мөн гэнэ ээ. Эхлээд намайг толь руу харуулсан. Тэгээд харзны яг оргилж байгаа хэсэг рүү ширтүүлэв. Эхлээд юу ч харагдсангүй. Тэгж байснаа нэг дүрс их холоос тодроод ирсэн шүү. Айх, цочих зэргэцсэн ч өөрийн эрхгүй хараад л байлаа. Тэгтэл нөгөөх чинь Базар байдаг байгаа. Дараа нь өвөө өврөөсөө зоос гаргаж гүйлгээд, "За, насны чинь хань мөн байна. Та хоёр анхнаасаа төөрчихөж. Сайхан айл болно. Удаан жаргалтай амьдарна. Хоёр хүү, нэг охинтой болно гэсэн" гэв. Тэгээд удалгүй өнөө эгч ч буцлаа. Би эхэндээ ч юу л бол гэж бодсон.
Сургуульд ороод аймгийн төв орохноо нөгөө эгч Базар гэдэг хүнтэйгээ суусан байв. Хөл хүндтэй ч болсон байлаа. Үнэхээр хоёр хүү, нэг охинтой сайхан айл болсон доо. Хожим нь сургуульд сурч байхад багш нар тийм юм байхгүй. Танай сумыг бөө, зайрантай гэдэг, цөм худлаа шүү гэж л байсан. Тухайн цагийн үзэл суртал байсан бололтой. Харин бүх газрын харзанд тэгж харж болдог эсэхийг мэдэхгүй юм. Юутай ч манай тэр харзанд болдог л байв. Эсвэл "Азар" өвгөн шидтэй байсан юм уу, хэн мэдлээ хэмээгээд найз минь сонирхолтой яриагаа өндөрлөж билээ. Эх сурвалж www.wikimon.mn
Г.МӨНХ
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment