Friday, May 29, 2015

Туул гол дэлхийн хамгийн том жорлон болно

Туул гол дэлхийн хамгийн том жорлон болно

1 цаг 7 минутын өмнө

Улсын нийслэл дундуур урсдаг Туул голоо бохирдуулахгүй байх, ойр орчныг нь цэвэрхэн байлгах талаар хэн хүнгүй л ярих болсон. Гэтэл энэ нь жирийн нэг иргэн, эсвэл аль нэг аж ахуйн нэгжийн чадлаас хэтэрсэн асуудал болжээ. Өөрөөр хэлбэл, Төв цэвэрлэх байгууламжаа шинэчлээгүй цагт Туул голыг бохирдуулахгүй байх ямар ч гарц байхгүй болсон байна. Тиймээс ус бохирдуулсны төлбөрийг бий болгоно гэж БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол хэлэв.

Тодруулбал, "Туул голыг бохирдуулж байгаа гол хүчин зүйл нь Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламж. Шинэчлэхэд шаардагдах нэг тэрбум ам.долларыг Засгийн газар, УИХ шийдвэрлэх ёстой. Сүүлийн 40 гаруй жил Туул татарч байгааг бид харж байна. Тиймээс Туулын эхэнд усан цогцолбор барьж, усны нөөцөө бий болгох ёстой. Аливаа улс орны тогтвортой хөгжлийн бодлогын нэгдүгээрт, цэвэр усны асуудал багтдаг. Салбарын яамнаас ус бохирдуулсны төлбөрийг бий болгоно. Төлбөргүй юм бүхэн ямар байдалд ордгийг Туул гол харуулж байна" хэмээн онцолж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан судалгаагаар дэлхийн хамгийн бохирдолтой голын тавдугаарт Туул орсон. Бохирдол Улаанбаатар хотын зүүн хэсэгт хамгийн их байгаа нь Цэвэрлэх байгууламжтай холбоотой. Цэвэрлэх байгууламж 1970-аад оны сүүлээр баригдсан. Одоо үндсэн үүргээ гүйцэтгэж чадахаа больсон, Улаанбаатар хотоос гарч байгаа бүх бохирдлыг Туул гол руу цутгаж байна. Жижиг засваруудыг хийдэг ч тэр нь үр дүнгээ өгдөггүй. Тиймээс Төв цэвэрлэх байгууламжийг шинээр байгуулах шаардлагатай байна. 1.3 сая иргэний хэрэглэсэн бохирыг тэр чигт нь Туул гол руу цутгах талаар ярьж байна. Хэрвээ ийм арга хэрэглэвэл, Туул гол дэлхийн хамгийн том задгай жорлон болж хувирах ажээ. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment