Ч.Сайханбилэг монгол хүн биш үү?
27 минутын өмнө

Монгол Улс Шийдлийн Засгийн газрыг байгуулаад тэргүүнээр нь Ч.Сайханбилэг гэх эрхмийг томилж ажиллуулаад багагүй хугацааны ард гарч байна. Гэтэл энэ эрхмийг "Сайхан балаг тарьж байна" хэмээн шүүмжлэгчид олон, хийж санаачилсан ажлыг нь үгүйсгэх гишүүд цөөнгүй байгаа юм.
Нэгнийхээ эхлүүлсэн ажлын үр дүнг үзэж чаддаггүй, зөвшилцлөөр асуудалд ул суурьтай, урьдаас бэлтгэж төлөвлөсөн байдалтайгаар хандаж чаддаггүй хар гай өнөөдөр гарч манай улс хямралд орж, уналтын байдлаасаа сэхэж сэхээрч чадахгүй байгаа нь гашуун үнэн. Томоохон төслүүд болох Оюутолгой, Тавантолгой хэлэлцээрт төслийг урагшлуулан хөдөлгөж, ард түмнээ болон улс орноо эдийн засгийн хямралаас аварна хэмээн төрийн түшээд болон эрх баригчид үзэж байгаа ч нэгдсэн нэг шийдэлд хүрч чадахгүй байгаа нь харамсалтай.
Том төслийн гэрээг нууцаар үзэглэхээр өнгөрсөн долоо хоногт хаа байсан Эмират Улсын Дубай хотод очиж гэрээ хийсэн, хийгээгүй гэх асуудал сүүлийн үед шуугиан дагуулж эхлээд байгаа юм. Улс орны хувь заяа хэрхэх асуудлыг алс холын Дубайд ард түмнээсээ нуугдаж очиж хийдэг Ерөнхий сайд ямар далд санаа агуулгатай байгааг хэн ч тааж мэдээгүй, хий хоосон хардаж, харин сөрөг хүчин болоод бие даагчид энэ гэрээг нууцаар хийсэн гэдэгт итгэлтэй байгаа бөгөөд Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг өргөн барина гэдгээ мэдэгдсэн билээ. Ч.Сайханбилэгийн эсрэг жинтэйхэн шиг дуугарч, тэмцэж байгаа тэмцэгч бол гишүүн Г.Уянга юм.
Тэрбээр "Уут уут мөнгөөр улсаа худалдсан, тэрбум тэрбумаар төрөө худалдсан сайд гуай. Та монгол хүн биш. Харин монгол хэлийг сайн сурсан байна. Төлөвлөгөөнд гарын үсэг зурдаггүй, харин гэрээнд гарын үсэг зурдаг юм. Оюутолгойн ТЭЗҮ-г 5.1 тэрбум төгрөгөөр баталсан, нэмж зургаан тэрбум болголоо. Нийт дүнгээрээ 11.1 тэрбум боллоо. Арбитрын шүүхэд очих гарын үсгийг зурсан байна, та нар. Оюутолгой төсөл зогсоогүй, гагцхүү монгол хүн үр ашгаа хүртэх тухай л ярьж байгаа.
Өнөөдрийг хүртэл Монголын ард түмэн ашиг хүртээгүй, цөөн хүн л ашиг хүртэж байгаа. Анх энэ гэрээг байгуулахад Монголын ард түмний хүртэх ашиг 75 хувь, "Рио Тинто" 25 хувийг хүртэх юм гэж байсан. Та харин 54.9 хувийн ашиг хүртэнэ гэлээ. Ногдол ашгийг хэзээнээс хүртэх вэ? Энэ тухай тодорхой хариулт өгөөч. Өмнө нь бид "Рио Тинто"-той тулдаг байсан бол одоо 15 толгойтой тэмцэх нь" гэхэд Ч.Сайханбилэг хариуд нь "Монгол хүн мөн үү, биш үү гэж байна, намайг. Би монгол хүн. Улсаа борцолсноос гадаадын хөрөнгө оруулалт хасах руу ортлоо буурсан. Хувийн хэвшлийнхэн гадаадаас зээл авъя гэхэд өгдөггүй байсан. Харин Оюутолгойн далд уурхай хөдлөх болсноор 2000 төгрөг рүү дөхөж байсан ам.долларын ханш 1920 болж бууж ирж байна. Худалдаа хөгжлийн банк бонд босгосон хүү нь долоон хувь байсан бол дөрөв рүү ороод ирсэн. Ийм үр дүн гаргахын төлөө явсан, цаашдаа ч явна. Ногдол ашгийн хувьд тодорхой хугацаагаар хойшилно.
Дан ганц Монголын талын хүртэх ногдол ашиг хойшилж байгаа ч юм биш. Хөрөнгө оруулагч талынх ч бас адилхан хойшилж байгаа. Тийм учраас хоёр талаасаа зүтгэж, илүү үр дүнтэй хөрөнгө оруулалтыг хийж, далд уурхайгаа ажиллуулахын төлөө явна. Оюутолгой төсөл хэрэгжсэнээр 1.3 тэрбумын татвар төлөгдсөн байгаа. Харин хүртэх ашиг 75, 25 хувийн тухайд "Рио Тинто", "Оюутолгой" компанийн PR хариуцсан хүмүүсээс асуусан нь дээр болов уу. Ер нь Монголын талын хүртэх ашиг 54.9 хувь байна гэдэг нь дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ 5000 ам.доллар руу буусан ч доош хэлбэлзэж унахгүй байх ашгийн хэмжээ юм. Хэрвээ дэлхийн зах зээлд зэсийн үнэ өсч 7000 ам.долларт хүрвэл Монголын талын хүртэх ашиг 56.1 хувь болж өснө. Өнөөдөр бид татвараа аваад үр ашгаа хүртээд явж байгаа. Үүнийг үгүйсгээгүй шүү. Нуугдаж, хулгайгаар гэрээ хийгээгүй. Өмнөговь аймаг, Улаанбаатар, Лондон, Сингапур, Дубай зэрэг хотуудад дамжаад шат дараалсан уулзалтууд болсон" гэдгээ учирлан тайлбарлаж байгаа ч нөгөө талаар эрхэм сайд их баяр хөөртэй яваа юм. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment