Friday, May 29, 2015

Эхнэрээ хөнөөсөн цагдаа дөрвөн жил шоронд сууна

Эхнэрээ хөнөөсөн цагдаа дөрвөн жил шоронд сууна

Өнөөдөр 15 цаг 21 минут

Өнөөдөр Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар А.Отгонбаярт холбогдох хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгчид болон ялтны өмгөөлөгчдийн гаргасан хүсэлтийн дагуу хянан хэлэлцжээ.

А.Отгонбаяр нь 2014 оны 4 дүгээр сарын 18-ны шөнө 02 цагийн орчимд эхнэр Т-тэй хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдан муудалцаж, улмаар үснээс нь зулгааж, алгадан харгис хэрцгий харьцсаны улмаас Т зүүн тохойн тус газраа хутгаар өөрийгөө зүсэж, амиа хорлоход хүргэсэн, 2006 оноос 2014 он хүртэл хохирогч Т-г удаа дараа байнга зодож тарчлаасан гэмт хэргүүдийг үйлдсэн байна.

Дүүргийн анхан шатны 2 дугаар шүүх дээрх хэргийг 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцээд А.Отгонбаярыг бусдыг амиа хорлоход хүргэх, тарчлаах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 95 дугаар зүйлийн 95.1, 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нийт биечлэн эдлэх ялыг 4 жил хорих ялаар тогтоож, уг ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх уг хэргийг 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцээд А.Отгонбаярт оногдуулсан ялыг хөнгөрүүлж биечлэн эдлэх ялыг 3 жилээр тогтоосон байсан юм. Улсын Дээд шүүх дээрх хэргийг хянан хэлэлцээд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгчдийн гаргасан "давж заалдах шатны шүүхийн магадлал хуульд нийцээгүй байна" гэсэн гомдлыг үндэслэлтэй хэмээн үзэж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэрэгсэхгүй болгон, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор А.Отгонбаярт оногдуулсан 4 жил хорих ялыг хэвээр үлдээв. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment