Friday, June 12, 2015

Хаягдсан эмнэлэг, сониуч охид

Хаягдсан эмнэлэг, сониуч охид

39 минутын өмнө

Ховорхон таардаг ч би "хачирхалтай, тайлбарлаж боломгүй" тийм зүйлд дуртай гэдгээ эхлээд хэлэх хэрэгтэй болов уу. Би жирийн нэг буриад-монгол охин. Буриадаар сайн ярихгүй ч одоо их хичээж, сурахыг оролдож байгаа. За, энэ ч яахав. Миний ярих түүхтэй нэг их холбоогүй зүйл. Би Улаан-Үдэд амьдардаг хотын охин л доо.
Би нэг удаа зуны амралтаараа эмээгийнхээ амьдран суудаг тосгон руу явсан юм. Тэнд миний найз Мядагмаа хүлээж байлаа. Тэр дандаа намайг дуудаад, бид хоёр ойр орчноор нь зугаалж өгдөг байлаа. Бусад өсвөр үеийнхний 13 настай нэгэн адил бид хоёр орхигдож, эзгүйрсэн байшин барилга, сургууль, эмнэлгээр тэнэж өгнө. Нэг удаа бид хоёр тэгэж яваад "6-р эмнэлэг" гэсэн хаяг хадсан нэгэн эзгүйрсэн барилга руу ороод явчихав. Мэдээж, шууд л ороод явчихсан. Цоож нь зэврээд бараг тасрахаа алдсан байсан тул амархан онгойчихов.
Нэгдүгээр давхарт нь овоорсон их хогноос өөр юм байсангүй. Тэр хогон дундуур туучиж явсаар дээшээ гарсан шатны тэнд нэг хаалга олж харав. Яагаад ч юм айдас хүйдэс төрмөөр зэвүүн муухай хаалга байлаа.

Хоёрдугаар давхарт их уйтгартай санагдсан тул бид хоёр харихаар шийдлээ. Гэтэл гэв гэнэт эрэгтэй хүний аймаар бүдүүн муухай дуу гарах нь тэр. Тэрээр "Хөөе, та нар! Аль вэ, зогсож бай! Явах гэж байгаа юм уу? Цай ууцгаахгүй юм уу?" гэх нь тэр. Бид эргэж харлаа... Бидний зүг хурдан алхаагаар нэгэн бараан дүрс дөхөж ирэв. Зүрх амаар гарчих шахан цохилж, би "Зугтая!" хэмээн хашгираад Мядагмаагийн гараас шүүрэн авлаа. Харсан зүг рүүгээ л бид хоёр зугтсан бөгөөд эргэж ч харсангүй. Гэвч тэр дүрс биднийг гүйцээд ирлээ. Бид хар хурдаараа гүйсээр нэгэн хаалгыг онгойлгож оров. Аз болоход тэр хаалганд модон түгжээ байлаа.
Бид хаалгыг хаагаад чимээ чагнав. Алхаа ойртсоор байлаа. Дахин нөгөөх хөндий хүйтэн хоолой гарч "Охид оо, гараад ир! Би та нарыг яах ч үгүй..." Дараа нь өнөөх чинь хаалга эвдэхээр оролдож эхэлсэн агаад энэ нь бараг 10 минут үргэлжилсэн байх. Тэр хооронд нөгөө хоолой "Та нарын аз болж, муусайн нусгайнууд" хэмээн ярьж байлаа. Харин энэ хооронд бид хоёр хөдлөхөөсөө ч айн зогсож байсан юм. Тэр хэн нэгэн эсвэл ямар нэгэн юм хаалга эвдэх гэж оролдохоо болиод түүний хүнд алхаа хонгилоор цааш холдон одох нь сонсогдох үед бид зориг гарган харлаа...

Гэнэт айснаасаа болоод аймаар чанга орилох Мядагмаагийн дуу намайг цочоож орхив. Удалгүй түүнийг юунаас ингэж үхтлээ айсныг ойлгов. Бид хоёрын орсон өрөөний буланд 7-8 настай болов уу гэмээр жаахан орос охин юу ч юм утгагүй зүйл үглэн дуулж байлаа. Тэр охин үнэхээр хөөрхөн хав хар үстэй бас цав цагаан даашинзтай юм. Охин толгойгоо өргөөд жижигхэн нүдээрээ бид хоёрыг ширтэж эхлэв. Би Мядагмаагийн бөөр рүү нударч "Чи юундаа орилоод байгаа юм бэ? Жаахан охин л байна ш дээ" гэлээ. Харин тэр айсандаа болоод гөлийчихөөд хаалганд ойртон модон тээглүүрийг онгойлголоо.
-Хөөе охион. Чи хэн бэ? Чи бүр цонхийчихож, даарчихсан байна ш дээ. Ганцаараа энд юу хийж байгаа юм бэ? гэвэл тэр охин нарийхан хоолойгоор:
-Үгүй ээ. Даараагүй байна. Би юм мэдрэхээ болиод удаж байна гэх нь тэр.
Мядагмаа сэхээ ороод:
-Яаж? Юу ч мэдрэхгүй байна гэсэн чинь юу гэсэн үг вэ? Яагаад удаж байна гэж хэмээн асуулаа.
Охин хариуд нь маш тайвнаар:
-Магадгүй би үхсэнээс болоод юм мэдрэхээ байсан байх гэх нь тэр.

Бид хоёр гэж манарсан амьтад дахиад л айдаст автаж, энэ удаа Мядагмаа "Зугтасгаая" хэмээн буриадаар хашгирлаа. Харин би яг газарт зоогдчихсон юм шиг хөдөлж чадахгүй, толгойд охины хэлсэн "Магадгүй би үхсэнээс болоод юм мэдрэхээ байсан байх" гэсэн үг эргэлдэж байлаа. Тэгээд би өөрөө хашгирч гарав. Харин нөгөө охин над руу харсанаа "Хурдан зугт, тэгэхгүй бол тэр та хоёрыг бас ална шүү. Намайг алсан шиг" хэмээн бүр тайван, тодхон гэгч нь хэлэв.
Би өмнө нь ингэтлээ гүйж зугтааж байсангүй. Бид хоёр нэг давхар хүртэл гүйж, энэ хаягдсан эмнэлгээс бараг л нисээд гарч ирэв. Эмээгийндээ гүйн ирж, болсон явдлыг бүгдийг нь ярьж өгөв. Эмээ толгойгоо сэгсрээд "Энэ эмнэлэг манай тосгоныхныг үргэлж л айлгаж ирсэн. Манай суурингийн хамгийн зоригтой эрчүүд 10 метр ч ойртдоггүй юм. Тэнд муу ёр, чөтгөр шүглэсэн газар. Дахиж та хоёр тийшээ зүглээд үзээрэй" хэмээн загнав. Сүүлд сонсохнээ энд оросууд эмнэлэг барьж, Власовын армийнхны гэр бүлийнхнийг энд бас хорьж, туршилт явуулдаг байсан гэж мэдсэн юм.
Тэр цагаас хойш Мядагмаа бид хоёр дахин хаягдсан эзгүй байшин барилгаар тэнэхээ бүр больсон билээ.
Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment