Thursday, November 26, 2015

Монгол оюутны хөгжлийн арга барил

Монгол оюутны хөгжлийн арга барил

21 минутын өмнө


Оюутан залуусын хөгжлийг дэмжигч "Ле Мон" клуб нь 2013 оноос хойш жил бүр "Монгол оюутны хөгжлийн арга барил" нээлттэй өдөрлөгийг ОХУ-д суралцаж буй Монгол залууст бусдаасаа суралцах, харилцан мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх зорилготойгоор зохион байгуулдаг бөгөөд 2015 оны 11 сарын 14-нд  Үндэсний судалгаа шинжилгээний их сургуулийн лекцийн танхимд амжилттай зохион байгууллаа.

Тус өдөрлөгийг "Ле Мон" клубийн тэргүүн Г.Билгүүн нээж үг хэлснээр өдөрлөгийн үйл ажиллагааг эхлүүлсний дараа Монгол улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны Гуравдугаар нарийн бичгийн дарга Ц.Сайнсанаа оюутан залуустаа хандан үг хэллээ. Тэрээр: "Харь оронд суралцаж буй Монгол суралцагчид өөрсдийн хичээл сурлагадаа хичээнгүйлэн зүтгэж, эх орныхоо нэрийг өндөрт гарган, эцэг өвгөдийнхөө түүхийг дээдлэн, өнөө цагийн бахархлыг өөрсдийн гараар бүтээх хэрэгтэй" гэж захиж хэллээ.

Энэ өдөр Москва хотод суралцаж буй Монгол аспирантууд хүрэлцэн ирж оюутнуудад өөрсдийн мэдлэгээсээ хуваалцаж, туршлага солилцохоор дараах илтгэгчид илтгэлээ хэлэлцүүлсэн юм. Үүнд:

- Москвагийн хэвлэлийн их сургуулийн аспирант О.Чинбаяр, "Зөв сонголт-Амжилтын гараа" сэдвээр мэргэжилдээ үнэнч байхыг уриалж,

- Үндэсний судалгаа шинжилгээний их сургуулийн аспирант Ж.Эрдэнэзул, "Албан хэрэг хөтлөлт ба баримтжуулалт" сэдвээр албан бичиг зөв бичих нь чухал болохыг,

-Улс түмний найрамдлын их сургуулийн аспирант Д.Алтангэрэл, "Сурах арга барил" сэдвээр хүнийг чимдэг зүйл бол боловсрол учраас сурж байгаа мэргэжлээ төгс сайн сурах ёстойг,

- Пироговын нэрэмжит ОХУ-ын анагаах ухааны их үндэсний их сургуулийн ординат, их эмч З.Сонор, "Эрүүл зөв амьдралын үндэс" сэдвээр өглөөний цай хүний биед хэрхэн сайн нөлөөлөхийг,

- Москвагийн сурган хүмүүжүүлэх ухааны улсын их сургуулийн аспирант, сэтгэл зүйч багш Б.Энхмаа, "Сурах арга барил миний зэвсэг" сэдвээр өөрийн гэсэн сурах арга барилыг хэрхэн өөртөө бий болгож болох зэрэг өөр өөрийн гэсэн онцлогтой илтгэлүүд байлаа.

Мөн Москва хотод суралцагчиддаа зориулж их эмч З.Сонор эрүүл мэндийн тусламж үзүүлж болох эмч нарын баг бүрдсэн тухай, аспирант Ж.Эрдэнэзул албан хэрэг хөтлөлтийн үнэгүй сургалтыг Ле Мон клубтэй хамтран зохион байгуулах талаар сайхан мэдээг дуулгасан юм. Өдөрлөгийн төгсгөлд Бауманы нэрэмжит Москвагийн техникийн их сургуулийн 3-р курсын оюутан Н.Баттөмөр хамт суралцагсдадаа хандаж өөрийн туршлагаасаа хуваалцсаны дараа нийтийн дурсгалын зураг авахуулсанаар өндөрлөлөө.
Эх сурвалж www.wikimon.mn

Ле Мон клубийн Хэвлэл мэдээллийн алба

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment