200 гаруй төрийн үйлчилгээг нэг дороос авна
57 минутын өмнө

Нийслэлийн "Иргэд хүлээн авах төв"-ийн үйл ажиллагааг өргөжүүлж, төрийн 200 гаруй үйлчилгээг төвлөрүүлсэн "Төрийн үйлчилгээний нэгдсэн төв"-ийг байгуулах бэлтгэл ажил явагдаж байна. Тус төвийг нийслэлийн гурван цэгт төвлөрүүлэх бөгөөд эхний төвийг "Дүнжингарав" худалдааны төвд байгуулж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун нар тус төвийн бэлтгэл ажилтай танилцжээ. "Төрийн үйлчилгээний нэгдсэн төв" нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хорооллын зүүн талд, "Дүнжингарав" худалдааны төвд 2800 м2 талбайд байрлана.
Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөө, Авто зам, Өмчийн харилцааны газар зэрэг нийслэлээс иргэдэд үйлчилгээ үзүүлдэг нутгийн захиргааны байгууллагууд, Улаанбаатар Дулааны шугам сүлжээ, Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 200 гаруй төрийн алба хаагч ажиллана. Мөн зарим үйлчилгээний төлбөрийг шууд тушаахаар зохицуулж Улаанбаатар, Голомт банкны салбарыг байгуулжээ. Энэ нь нэг удаадаа 180, өдөрт 2880-6480 үйлчлүүлэгч хүлээн авч үйлчлэх хүчин чадалтай бөгөөд өөртөө үйлчлэх танхимтай, хүүхэдтэйгээ ирсэн иргэн үйлчилгээ авах хугацаанд хүүхдээ саатуулах өрөөтэй, нотариат, кафе зэргийг байгуулжээ. Тус төв иргэдэд дараах боломжуудыг олгоно.
- 200 гаруй төрийн үйлчилгээг нэг дороос авах
- 60 гаруй төрийн үйлчилгээг газар дээр нь шууд авах
- Оршин суугаа харъяаллаар хязгаарлагдахгүйгээр үйлчлүүлэх
- Уртасгасан цагаар үйлчилгээ авах
- Тохилог орчинд үйлчлүүлэх
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл "Төрийн үйлчилгээний нэгдсэн төв байгуулагдсанаар төрөөс иргэдэд үзүүлдэг үйлчилгээ илүү ойртож, нөгөө олон жил яригдаж байнга шүүмжлүүлдэг хүнд суртал огт үгүй болно. Энэ миний 25 жил мөрөөдсөн мөрөөдөл. Өөрөөр хэлбэл, ямар ч иргэн энэ төвд ирээд өөрийн хүссэн үйлчилгээгээ шууд авах, урт хугацаа гэхэд 12 цагийн дотор олгох боломжтой болж байгаа юм. Хамгийн гол нь, энэ төв хэн нэгний захидлыг дарга руу зөөдөг бус тухайн иргэнд шууд олгодог байх төрийн үйлчилгээний шуурхай зарчимд бид шилжихээр зорьж байна" хэмээн онцлон хэлсэн юм.
Нийслэлийн Иргэдийг хүлээн авах төвийн дарга О.Мөнх-Оргил "Манай төв нь байгуулагдаж, үйл ажиллагааг нь жигдрүүлснээр иргэд дэлгүүрээс өөрт хэрэгцээтэй зүйлээ төлбөр төлж ямар ч бэрхшээлгүй авдаг шиг төрийн үйлчилгээг шууд авдаг болж байгаагаараа давуу талтай. Нэг үгээр хэлбэл, төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, менежментийг цогцоор нь сайжруулж, төрийн байгууллага цомхон, чадварлаг, мэргэшсэн бүтцээр ажиллах бололцоог бүрдүүлж байгаа юм. Бидний төлөвлөж байгаагаар 2016 оны ажлын эхний өдөр буюу нэгдүгээр сарын 04-ний өдөр ашиглалтад оруулахаар ажиллаж байна" гэлээ. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment