Friday, May 13, 2016

Шоу Линь - 2

Шоу Линь - 2

3 минутын өмнө


Үргэлжлэл. Өмнөхийг ЭНДЭЭС...
Нөгөө талд ч гэсэн өөрийн гэсэн тайлбар бий
Цогцолбор газрын удирдлагын байр суурийг ч бас ойлгож болох талтай. Түүхэн Шаолиний сүм 160 метр өргөн, 300 метр урт талбайг эзлэдэг бөгөөд дотор нь долоон сүм, дугана бий. Аялал жуулчлалын цогцолборын бусад газар нутгийг Тулааны урлагийн театр эзлэдэг байна. Тэнд сүмийн дэргэд оршдог дэлхий даяар алдартай тулааны урлагийн "Тагоу" сургуулийн сурагчид янз бүрийн гоёмсог үзүүлбэрүүдийг үзүүлдэг юм. Сургуулийн барилга бас тэнд оршино. Тэнд жилдээ 20 мянга орчим хүн ирж дасгал, сургуулилт хийдэг аж. Тэдгээрийн 10 хувийг гадаадын иргэд эзлэдэг байна. Энд мөн эртний оршуулгын газар байдгаас гадна анхны хамба лам Бодьдарамын даяан хийж есөн жилийг өнгөрүүлсэн агуй бий.

Нөгөө тал ч гэсэн хэвлэлийнхэнтэй харьцахаас зайлсхийгээгүй бөгөөд энэ урт удаан хугацаанд сунжирсан сөргөлдөөний талаар өөрсдийн байр суурийг илэрхийлжээ. Тэдний үзэж байгаагаар шүүх дээр хянагдаж байгаа одоогийн хэрэг гэрээний нөхцөл байдлуудыг талууд өөр өөрсдийнхөөрөө өгүүлж, ойлгож байгаагаас болж үүссэн гэнэ. "Синьхуа" агентлагт аялал жуулчлалын хорооны төлөөлөгчийн мэдээлснээр бол сүм хийдийн удирдлага орох хаалгаар нэвтэрсэн хүний тоог тоолж байгаагаас бус тасалбар түгээгүүрээр худалдаалагдсан тасалбаруудын тоог огт тоохгүй байгаа аж.

Албан ёсны статистик мэдээллээр бол 2011 оны 01 дүгээр сараас 2013 оны 10 дугаар сар хүртэл 670 мянган хүн Шаолинь сүмийг үзэж сонирхохоор үнэгүй тасалбар юм уу аялал жуулчлалын путёвкатай ирсэн гэнэ. Дээр нь 840 мянган хүн уг сүмийг үзэж сонирхоход 50 хувийн хөнгөлөлт эдлэх нөхцөлтэй тасалбар болон аялал жуулчлалын бичиг цаастай иржээ. "Бид эдгээр хүмүүсээс ямар ч мөнгө авахгүй байгаа хэрнээ байхгүй мөнгөө яаж лам нартай хуваах вэ дээ" гэж нэрээ нууцлахыг хүссэн тус хорооны төлөөлөгч өгүүлсэн байна.
Сүмийг үзэж сонирхоход хөнгөлөлттэй тасалбарыг ийм олноор гаргасан нь Шаолинь сүм харьцангуй алслагдсан нутагт оршдогтой холбоотой юм. Тэнд ирэх жуулчдын дийлэнх нь 87 километр зайд орших Жэнжоу хотоос юм уу баруун тийш 56 километр зайд байрлах Хятадын эртний нийслэл Лоян хотоос ирдэг байна. Жэнжоу хотын төмөр замын буудал дээр очоод жуулчид 150 юань төлөөд хагас өдрийн аялалд гарах бололцоотой. Тэрхүү аяллын хүрээнд Шаолинь сүмийг үзэж сонирхох боломжтойгоос гадна Хятадын хамгийн алдартай каллиграф бичвэрийг урладаг Күнзийн "Сунъян" академиар зочлоод зогсохгүй уулын үзэсгэлэнт энгэр дээр орших Хуэйшань гэх эртний сүмийг үздэг аж.

Харин Лоян болон Сүн Улсын үеийн нийслэл Кайфынаас явж байгаа жуулчид хоёр хоногийн хугацаанд аялалд гардаг байна. Тэд Хятадын эртний хотуудын түүх, соёлын дурсгалт газруудаар орохын дээр Шаолинь сүмийг үзэж сонирхдог юм. Ер нь бол хувийн автомашинтай дотоодын жуулчид эдгээр аяллуудад хамрагддаг байна. Нийтдээ жил болгон тус сүмийг үзэж сонирхохоор 1.5 сая орчим жуулчин ирдэг аж.
"Хоёр тал аль аль нь зөвшилцөхийг хүсэхгүй байгаа. Сүмийн зүгээс бид тэдэнд 50 сая юань өгөх ёстой гэж зүтгээд буй. Харин бид нэг зоос ч өгөх ёсгүй гэж үзэж байна. Юу ярих вэ дээ. Тэгээд ч лам нарт тийм их мөнгө ямар шаардлагатай юм? Нэг лам өдөрт хэдий хэмжээний зарлага гаргах вэ гэдгийг та нар бодоод үз дээ? Үлэмж хэмжээний өргөл, хандив хүлээж авдаг сүм тэр их хөрөнгөө хэрхэн зарцуулсныг хэн нэгэн ядаж ганц ч удаа болов шалгаж үзсэн гэж үү?

Нөгөө талаас бол өндөр үнэтэй ухаалаг төхөөрөмжүүд лам нарын өдөр тутмын хэрэглээ болсон гэдэгтэй маргах хүн үгүй" хэмээн өндөр зарлагатай лам нарыг шүүмжлэн түшмэл эр ярьжээ.

Шаолинь сүмийн алдарт кун-фу
Үүнээс гадна тус сүм "Шаолиний кун-фу" гэдэг брэнд нэрийг ашиглаж байгаа тулааны урлагийн хэд хэдэн сургуулиас орлого олж байгаа гэдэг нь дамжиггүй юм. Өмнө нь сүмийн дэргэд ийм сургууль олноор оршиж байжээ. Тийм учраас яг жинхэнэ тулааны урлагийн сургуулийг худлаа залилан хийж байгаагаас нь ялгаж салгахад түвэгтэй байсан гэдэг. Лам нарын уламжлалт тулааны урлагаас спорт тал руугаа хэлбийсэн үшү хүчний, акробат элементүүдийг өөртөө ихээр шингээжээ. Иймд Хятадын Засгийн газарт энэ бүхэн хэцүүтэй санагдсан тул Шаолинь сүмийн дэргэдэх кун-фугийн бүх сургуулийг нэг бол хааж, аль эсвэл хөрш зэргэлдээ орших хотууд руу нүүлгэн шилжүүлсэн аж.

Харин 1978 онд Хятадын уламжлалт тулааны урлагуудыг сонирхох хүмүүсийн тоо өсөн нэмэгдсэн үед сүмийн дэргэд байгуулагдсан "Тагоу" сургуулийг л тэнд нь хэвээр үлдээсэн юм. Өдгөө тус сургуулийг 47 настай тулаанч лам нарын 31 дэх Их мастер Ши Дэян тэргүүлдэг байна. Түүний багш бол амьдралынхаа талыг тэргэнцэр дээр сууж өнгөрүүлсэн Их мастер Ши Суси юм. Тэрбээр хамба ламын хэргэмээ Ши Юнсинд хүлээлгэж өгөхдөө "Шаолинь бол юун түрүүнд Буддын шашны сүм хийд билээ. Харин кун-фу тулааны урлаг бол дагалдах зүйл нь" гэж хатуу захисан байдаг.

Өдгөө тус сургуулийн шилдэг сурагчид тив, дэлхийн янз бүрийн түвшний уралдаан, тэмцээнүүдээс олон тооны шагналыг авсан бөгөөд тасалбарын үнэд багтсан жуулчдад зориулан үзүүлэх үзүүлбэрүүдэд өөрсдийн биеэр оролцдог аж. "Тагоу" сургуульд нэг жил суралцах төлбөр 10 мянган доллар юм. Гэхдээ олон сурагч тэнд улсын тэтгэлэгт хамрагдан суралцдаг гэнэ. Тэтгэлэгт сургалтад орон нутгийн үшүгийн сургуулиудад нарийн шалгуур давж гарч ирсэн есөн настай хүүхдүүд хамрагдах боломжтой билээ.

Чинээлэг эцэг, эхчүүд ч тус сургуульд хүүхдээ суралцуулахаар дуртайяа өгдөг байна. Шаолиний сүмийн дэргэдэх сургуульд хүүхдээ өгөх нь нэр төрийн хэрэг юм. Ядуу гэр бүлээс гаралтай сурагчдын дийлэнх нь цаашдаа лам болохыг сонирхдоггүй гэнэ. Тэдний мөрөөдөл бол явцдаа өөрийн гэсэн кун-фугийн сургуулийг нээх явдал байдаг аж. Аль эсвэл Хятадын шинэ үеийн баячуудын хэн нэгний хувийн бие хамгаалагч болох юм уу аз дайрвал кинонд тоглохыг зорьдог байна. Сургуулийн эзлэж байгаа газар нутаг ойролцоогоор 550 мянган хавтгай дөрвөлжин метр талбай бөгөөд энэ нь сүмийн эзлэж байгаа газраас бараг 10 дахин их үзүүлэлт юм. Энэ газар дээр битүү болон задгай 19 талбай байдаг гэнэ.

Сургуулийн суралцагч шавь нарын дотор гадаадын иргэн цөөнгүй байдгийг бид дээр өгүүлсэн. Гадаадын суралцагчдад ямар нэгэн хөнгөлөлт үзүүлэхгүй бөгөөд бусдын адил зүтгэх шаардлагатай болдог гэнэ. Тэд агааржуулагч, зурагт бүхий жижигхэн өрөөнд ганцаараа юм уу хоёроороо амьдарна. Тулааны урлагаас гадна Буддын шашны нууцад нэвтрэхийг хүсэгчдийн хувьд өдрийн хөтөлбөр өглөөний таван цагт хоёр цагийн бясалгалаар эхэлдэг. Дараа нь хөнгөн цайлаад дасгал, сургуулилт нь эхлэдэг байна. Залгаад Буддын шашны тухай лекц сонсоно. Төдөлгүй биеийн хүчний дасгалуудыг хийдэг байна. Үдийн цайндаа ороод нэг цаг амрах аж. Улмаар илүү их хатуужил шаардсан дасгал сургуулилтыг хийх болно.

Дараа нь каллиграфын урлаг, уламжлалт анагаах ухааны хичээлүүд ордог байна. Оройн хоолны дараа буюу 19 цагаас амарч болдог гэнэ.
Өдгөө манай хойд хөрш ОХУ-д л гэхэд Шаолинь сүмийн лам нарын тусгай зөвшөөрөл бүхий Тулааны урлагийн төв байгуулагджээ. Тэнд тус сүмд суралцаж төгсөөд багшлах эрхтэй болсон хүмүүс хичээл заадаг байна. Жил бүр тийшээ Шаолиний лам нар ч өөрсдөө ирж сонирхдог аж. Гэхдээ энд бас нэг зүйл бий. Лам нар өөрсдөө ч гэсэн их зүйлд суралцах хэрэгтэй гэнэ. Тэд кун-фу урлагийг гайхалтай эзэмшсэн ч түүнийг мэргэжлийн түвшинд зааж сургах арга барилд маруухан юм. Мэргэжилтнүүд тэднийг тулааны урлагийн онолын хичээлүүдэд илүү их анхаарал хандуулах ёстой гэж зөвлөдөг аж.

Сүм пиарчин хайж байна
Өнгөрсөн жилийн есдүгээр сард Хятадын цахим ертөнцөд дараахь зар идэвхтэй тавигдсан юм. Түүн дотор "Буддын шашны эртний сүм хийд брэнд хариуцсан захирал болон пиар захирлыг ажилд авна. Манай сүм кун-фу урлагийн мастеруудаараа алдартай билээ. Бичгийн өндөр соёлтой, англи хэлээр чөлөөтэй ярьдаг, олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдтэй харилцах өндөр чадвартай байх нь чухал. Зохион байгуулах авьяастай, хурдан шаламгай, хямралын үеийн удирдлагыг эзэмшсэн байх нь нэн чухал. Ажил горилогч заавал ч үгүй лам байх шаардлагагүй юм. Кун-фу урлагт суралцаж, цагаан хоолтон байх албагүй. Гэхдээ л Буддын шашныг дагагч байвал зүгээр" гэсэн зар байжээ. Энэ хоёр ажлын байранд өрсөлдөхөөр 500 гаруй хүн хариу бичжээ. Тэдэн дотор топ менежерүүд, хэвлэлийн салбарын алдартнууд, Барууны шилдэг их сургуулиудыг төгсөгчид олон байв.

Шаолинь сүмийн бүх лам нар эрчүүд ч гэлээ эмэгтэй горилогчдын анкетыг ч сайтар шалгасан аж. Сүмийн дэргэдэх тулааны урлагийн сургуульд хичээллэж байгаа гадаадынхны дунд эмэгтэйчүүд цөөнгүй байдаг юм.
Хятадын радиостанциуд энэ зарлалыг "Орос, Япон, Францын тэргүүн туршлагыг нэвтрүүлсэн явдал боллоо" гэж нэрлэв. Гэхдээ л Шаолинь сүмийг үзэж сонирхохоор ирэгсдийн тоо их, элдэв бэлэг дурсгалын зүйлийн худалдаанаас олох орлого чамгүй ч сүм л бол сүм хэвээрээ үлддэг аж. Францад л гэхэд Парисын Дарь Эхийн сүмд өдөр болгон уншлага явагддаг хэдий ч тэнд ч гэсэн тоглолт болж, яруу найргийн уншлага зохион байгуулагддаг билээ. Японд л гэхэд Буддын шашны олон сүм хийд оршуулгын газарт шарил булах газар худалдаж мөнгө олдог бөгөөд хэн ч Японы лам нарыг бизнес хийж байна гэж буруутгадаггүй юм.

Ер нь бол хамба лам Ши Юнсин олон улсын сайн эрх зүйчтэй болсон бол дээр байсан болов уу. Сүмийг удирдаж эхлэсэн анхны жилээсээ л Ши Юнсин сүмийн албан ёсны зөвшөөрөлгүйгээр өөрийн бараа, бүтээгдэхүүнд "Шаолинь" гэдэг нэрийг ашигласан компаниудыг шүүхэд өгнө гэж айлгаж байсан билээ. "Шаолинь" гэдэг брэнд нэрийг өдгөө Хятадын нутаг дэвсгэр дээр өргөнөөр ашиглаж байгаа юм. Ийм нэрийн дор шар айраг, дарс, тамхи, автомашины дугуй, тавилга, гахай махан зайдас зэргийг үйлдвэрлэж байгаа аж. Ингэхдээ тус сүмийн нэр, бэлгэдэл бүхий бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа 54 компанийн дийлэнх нь Шаолинь сүмд ямар ч хамааралгүй байна. Хамба ламтан уртаар санаа алдан байж "Бид шүүхэд нэхэмжлэл гаргахын тулд их хэмжээний мөнгө зарлагаддаг.
Гэхдээ байнга хожил байгуулна гэж юу байх вэ. Ямар ч байсан иргэний нийгэм хөгжлийн дээд шатандаа хүрч, ард иргэд зохиогчийн эрх, оюуны өмч зэргийг хүндэтгэн үздэг болохоор манай нэрийг хэн дуртай нь ашиглахаа зогсоох байлгүй дээ" хэмээн хэлжээ.


Хятад дахь сүм хийд болон төрийн байгууллагуудын хоорондын сөргөлдөөн
Сүүлийн үед БНХАУ-д Буддын сүм хийдүүд болон төрийн байгууллагуудын харилцаа илүү хурцадмал болж байгаа аж. Суншань-Шаолиний аялал жуулчлалын цогцолбор газар л гэхэд 1984 онд байгуулагдсан бөгөөд Шаолинь орчмын аялал жуулчлалаас орж ирэх орлогыг захиран зарцуулж байгаа билээ. Одоо шүүх дээр хянагдаж байгаа хэрэг бол эд нарын хооронд үүссэн анхны сөргөлдөөн биш юм.
Жишээ нь, 2011 онд талуудын хооронд үүсээд байгаа хурцадмал байдлыг намжаах үүднээс сүмийн оршин байгаа газар нутаг харьяалагддаг Дэнфэн хотын захиргаа аль 2005 онд бий болсон маргааныг намжаах үүднээс Шаолинь сүмийн лам нарт 15 сая юань буюу хоёр сая орчим долларыг өгчээ.

Өнгөрсөн оны зургаадугаар сард Зянсин мужийн нийслэл Наньчань хотын Сиху дүүргийн захиргаа гурван сүмийг нэгтгэж нэг том хийд болгосон байна. Ингэснээр лам нар болон гэлэнмаа нар нэг цогцолбор дотор хамтдаа амьдрахад хүрсэн юм. Энэ нь Буддын шашны ёсонд харш зүйл билээ. Мөн өнгөрсөн жил Шэньси муж дахь Фамэнь хийд өөрсөдтэй нь ярьж, зөвшилцөлгүйгээр сүмийн хаалганы өмнө том хана барьж орхисон тул гадны хүмүүст үүд хаалгаа хаасан аж.

Иймэрхүү маргаан гарах тоолонд Хятадын цахим ертөнцөд хүмүүс олон тооны сэтгэгдэл бичих болжээ. Хүмүүс талцан байж талуудыг шүүмжлэх болсон гэнэ. Зарим нь лам нарыг шуналтай гэдэг бол цагаан захтнуудад тэр их мөнгө юунд шаардагдах вэ гэж үзэх хүмүүс ч байна. "Лам нар өмнө нь сүм рүүгээ ороход хэн хүнээс мөнгө авахгүй амьдарч болоод л байсан. Тиймээс яагаад сүмд нэвтрэх явдлыг төлбөргүй болгож болохгүй гэж? Тэгвэл маргаан өөрөө амархан шийдвэрлэгдэнэ шүү дээ" гэсэн сэтгэгдэл бичигдэхэд хариуд нь "Засгийн газар, Шаолинь сүм аль аль нь шуналтай юм. Тэд мөнгө харахаараа нүд нь улаанаараа эргэлдэхийг нь яана. Гадаадад бол сүм хийдэд үнэгүй орж болдог шүү дээ" гэх аж.
Эх сурвалж: "Совершенно секретно"
Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment