400 саяын азтан гэх эмэгтэйгээс байцаалт авчээ
12 минутын өмнө

Хүн бүхний анхаарлыг татаж, шуналыг хөдөлгөсөн 400 саяын хонжвор сүүл рүүгээ цагдаа, шүүх дээрээ тулахад хүрэв. Өнгөрсөн гуравдугаар сарын 20-нд НӨАТ-ын сугалааны тохирлоор 400 саяын нэг азтан тодорсон ч баримтаа бүртгүүлээгүй тул тэр аз нь шовойсон хүн хэн болохыг мэдэх гэсэн хүмүүс олон байлаа. Гэтэл азтанаар нэг биш хоёр хүн тодорсон нь асуудал үүсгэсэн юм. А.Цэенпил, Алтанзул гэх хоёр эмэгтэй өөрсдийгөө 400 саяын азтан хэмээн мэдээлсэн ч дээрх хоёр эмэгтэйн хэн нь жинхэнэ азтан болох нь тодорхойгүй байна. Тэгвэл Гааль, Татварын Ерөнхий газраас "400 саяын жинхэнэ азтан тодроогүй байгаа" гэх тайлбарыг хийсээр байгаа билээ.
Харин өөрийгөө азтан хэмээн Нийтийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгт хандаад байгаа А.Цэенпил гэх эмэгтэйг Эрүүгийн цагдаагийн газраас хуурамч бичиг баримт үйлдсэн эсэхийг шалган байцааж эхэлсэн байна.
Энэ талаар А.Цэенпилийн эгч А.Баяржаргал "Гааль, Татварын Ерөнхий газраас өргөдлийнхөө асуудлаар ирж уулзах шаардлагатай гэж дуудсан. Тэнд очиход нэг давхарт хүлээж бай. Тэнд уулзалт хийнэ гэж хэлсэн. Тэнд сууж байхад Эрүүгийн цагдаагийн ахлах дэслэгч залуу орж ирээд "Сугалааны хонжворын мөнгөө авч чадаагүй юм байна" энэ талаар чинь ярих юм байна гээд оффис руу гаа аваад явсан. Эрүүгийн цагдаагийн газарт ирээд дүүгээ цагдаагийн өрөө рүү нь оруулчихаад нилээн хүлээсэн. Ингээд үүдээр нь шагайгаад харсан чинь манай дүү уйлаад байх шиг байсан. Тэгэхээр нь өмгөөлөгч рүү нь залгаад дуудсан" гэв.
Харин А.Цэенпилийн өмгөөлөгч Г.Атармаа "А.Цэенпилийн хувьд бол Оргил худалдааны төвөөр үйлчлүүлээд 19000 төгрөгөөр худалдан авалт хийгээд азтан болсон. Баримтаа зохих журмынх нь дагуу аваачиж өгсөн. Өнөөдрийн хувьд баримт бичиг хуурамч байна гэсэн шалтгаанаар тайлбар авч байгаа юм байна. А.Цэенпилийн хувьд би хуурамчаар үйлдээгүй гэж байгаа. Гааль, татварын газар сугалаат хонжвор зарлачихаад иргэнээ эрүүгийн гэмт хэрэгтэн болгохоор улайрч байна уу гэж харж байна" гэлээ.
Гааль, татварын ерөнхий газраас А.Цэенпилийг хуурамчаар бичиг, баримт үйлдсэн эсэхийг шалгаж өгнө үү гэх хүсэлтийг ЦЕГ-т гаргасан байна.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment