Friday, May 27, 2016

“Сум гүйлгэж” малын хулгайч нарыг хашраажээ

"Сум гүйлгэж" малын хулгайч нарыг хашраажээ

12 минутын өмнө

Дандаа л малаа хулгайд алдаж, уур бухимдалтай явах болсон Дэрэм гэгч эр "Муу хулгайчийн зүрхийг сугалаад нохойд хаяж өгөх юмсан. Бүүр намайг дээрэлхээд сурчихсан байна" хэмээн шүд зуудаг байжээ. Авсан хүн ганц тамтай, алдсан хүн арван тамтай гэдэг болохоор байсхийгээд л мал хөрөнгөө сорчлуулж алддаг Дэрэмийн буруу гэж юу байхав. Өсөрхөж бухимдсан тэр хулгайчийг барьж цээрлүүлэх ямар арга байж болох вэ гэж бодно. Тэгээд "Сум гүйлгүүлье" гэж шийдсэн байна. Зартай сум гүйлгэгч Янсанжав гэгчийг тэрбээр урьж, хэдэн удаа малаа хулгайд алдсан болон хулгайч өөрийг нь доромжилж 10-тын дэвсгэрт үлдээгээд "Хангалттай үнэ төлсөн шүү" гэсэн бичиг хавсаргасан байсныг хэлжээ. Сум гүйлгэнэ гэдэг нь бөө бөөлж, бөөгийн сумыг баруун гартаа тас атгасан нэг нөхөр хажууд нь зэрэгцэн суудаг бөгөөд онгодын хүчээр тэр хүнийг явуулж, хулгайчийн байгаа газрыг олуулдаг харын зүгийн зан үйл аж.

Бөөгийн сум баригч бие нь базаахгүй байсан болохоор хулгайчийг улаан гараараа барих хорсолдоо шатсан Дэрэм өөрөө сум баригч болно гэжээ. Тэгээд бөө ч бөөлж эхэлсэн байна. Онгод сахиусаа дуудаж, Дэрэмийн арван цагаан буянд арван хар хуруугаа дүрсэн этгээдийг цусыг нь нөж болгож, махыг нь зовлого болгож өгөхийг тэнгэр сахиусандаа гуйн ихээхэн дивтэй, онгодтой бүжиглэж байв. Янсанжав бол бөө төдийгүй чойжин хүн байсан болохоор их гал түлүүлсэн байсан дээрээ харайж дүүлэн урт чичлүүр хутгаараа тэрхүү галаас "огтлон" авч үмхэлж байв. Ийм үйлдлийг хэдэнтээ үзүүлж, давтсаны дараа нэгэн хөх туяатай галыг тасдан авч сум барьж суусан Дэрэмийн толгой руу шидвээс тэр ч галзууран "шатаж", чичрэн дагжиж байснаа өндийж зогсон ухас ухасхийж байв.

Гэрийн хаалгыг дангинатал түгжсэн ба сум баригч Дэрэмийн хоёр мөрнөөс гартаа бүлтэй хоёр залуу даржээ. Сүүлдээ Дэрэм ямар чөтгөр нь тийм хүч тэнхээ өгчихсөн юм гэмээр хажуугийн хоёроо авч шидээд огло харайн босч хаалга үүдээ хэмхчин гарч одов. Урьдаас бэлтгэсэн хоёр морьтон ч Дэрэмийг галзуурсан мэт гүйхэд хойноос дагаад давхичихжээ. Бөөгийн сум барьсан явган Дэрэм бараг өртөө газар хурдан морь унасан хүмүүст гүйцэгдэлгүй явсаар нэгэн битүү улаан харгана руу ороод алга болчихжээ.

Түүний хойноос дагагсад усан хулгана болтлоо хөлөрсөн мориороо шогшуулсаар очиход битүү харгана дотор адуу нядалж байсан бололтой хоёр эрийн хооронд Дэрэм үсрэн дэвхцэж, гартаа тас атгасан бөөгийн сум буюу хонхны очирынхоо хурц үзүүрээр хөх нялга болтол нь хайр найргүй буулгана. Нөгөө хоёр нь том балиус гартаа атгасан боловч яаж ч чадахгүй гөлийж зогсоод л зодуулаад байж. Дагаж очсон хоёр эр ч хөдөлгөөнгүй болж, хөшсөн хулгайчдыг хялбархан хүлж хаяад Чойжин Янсанжавын хэлснээр Дэрэмийн дух руу хүчтэй нударга буулгахад тэр гартаа тас атгасан сумаа алдаад муужран унажээ. Нөгөө хоёр хулгайч нь Дэрэмтэй нэг голын хүмүүс бөгөөд нэг нь бүүр хамаатан нь байсан аж. Хулгайчид Дэрэмийн адуунаас нядалж зарах гэж байгаад үйлдэл дээрээ ийнхүү баригджээ.

Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment