Төв аймагт шүлхий өвчин гарчээ
30 минутын өмнө

Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин Төв аймгийн Баян суманд гарч Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд Ж.Батбаясгалан болон Мэргэжлийн хяналтын газрынхан өвчний байдалтай газар дээр нь танилцжээ.
Өвчний голомтод 14 хот айлын таван мянга гаруй толгой мал байгаа аж. Мэргэжлийнхэн шүлхийн вакциныг өвчний голомт бүхий бүс нутагт зусаж байгаа айлуудын малд хийсэн бөгөөд Мааньт өртөөтэй хаяа залган оршдог Багахангай дүүрэгт 350 үхэрт вакцин хийсэн байна. Шүлхий өвчин гарсан голомт Улаанбаатараас 100 км зайтай бол Багахангай дүүргээс 18 км-т оршиж байгаа аж.
Шүлхий нь олон улсын мал амьтны халдварт өвчний "А" ангилалд багтдаг, маш богино хугацаанд олон төрлийн мал, амьтан хамран сум, аймаг, улс, тив, дэлхийд дамжин тархах аюултай, эдийн засгийн ихээхэн хохирол учруулдаг, олон улсын худалдааны хорио цээрт өвчин юм. Туруутан тэжээвэр болон зэрлэг амьтад өвчилнө. Өвчний нууц үе 1-14 хоног. Шүлхий нь салаа туурайтай мал, амьтдыг өвчлүүлэн богино хугацаанд маш хурдан тархаж, үлэмж хэмжээний газар нутаг, улс орныг, олон улсыг хамран энзоот, эпизооти, панзооти гэсэн гурван хэлбэрээр гардаг онц аюултай гоц халдварт өвчин юм.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment