Чөлөөтийн бүх насны тамирчид тэмцээнд оролцох эрхгүй болсон гэв
33 минутын өмнө

Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Дагвадорж болон тус холбооны удирдах зөвлөлийн гишүүд Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос манай улсын баг тамирчдын олон улсын тэмцээнд оролцох эрхийг түдгэлзүүлсэн талаар мэдээлэл хийлээ.
Риод болсон Зуны олимпийн наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ийн жинд зодоглосон ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Мандахнаран дагах барилдаан хийж, хүрэл медалийн төлөө ДАШТ-ий мөнгө, Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, Узбекстаны Наврузовтай барилдаж шүүгчид Узбекстаны бөхөд ялалтыг өгсөн билээ. Шүүгчдийн энэхүү шийдвэрийг Г.Мандахнарангийн хоёр дасгалжуулагч эсэргүүцэн, чөлөөт бөхийн дэвжээнээ хувцсаа тайлж, дургүйцлээ илэрхийлсэн. Тэдний эл үйлдлийг Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос сахилга бат зөрчиж, спортын нэр хүндийг гутаасан гэдэг үндэслэлээр манай улсын бүх насны тамирчдыг олон улсын аль ч тэмцээнд оролцуулахгүй байх тухай мэдэгдэл ирүүлжээ.
Энэ талаар МЧБХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Д.Сумъяабазар "Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос нууцлалын зэрэгтэй бичиг ирүүлсэн. Тус албан тоотод Монголын хоёр дасгалжуулагчийн зохисгүй зан үйлдэл нь дэлхийн бөхийн нэгдсэн холбооны нэр хүнд халдсан тухай тодотгожээ. Улмаар МЧБХ-нд хариуцлага тоож, албан ёсны хувиарт багтсан олон улсын аль ч тэмцээнд манай улсын тамирчдыг оролцуулахгүй байх шийдвэр гаргах тухай мэдэгдсэн байна" хэмээв.
Тус албан бичигт ирэх сарын 01-ний дотор өөрийн байр сууриа илэрхийлэн хариу мэдэгдэхийг МЧБХ-ноос шаарджээ. Үүнтэй холбогдуулан МЧБХ-ны хурлаар чөлөөт бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Цогтбаяр, дасгалжуулагч Б.Баяраа нарыг олон улс болон дотоодын бүх тэмцээн, чөлөөт бөхийн үйл ажиллагаанд оролцох эрхийг хассан байна. Харин МУГТ Г.Мандахнаранд тусад нь шийдвэр гаргасан гэнэ.
Эцэст нь МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадорж "Чөлөөт бөхийн холбоо Риогийн олимпод оролцсон тамирчдаасаа том амжилт хүлээж байсан. Гэвч амлалтандаа хүрч чадсангүй. Тиймээс ард түмнээсээ уучлалт хүсэж байна" хэмээв. Энэ удаагийн олимпод Монгол Улсын Засгийн газар өмнөх жилүүдийнхээс илүү ач холбогдол өгч, баг тамирчдын бэлтгэл, сургуулилтад нийтдээ найман тэрбум гаруй төгрөг зарцуулж, тамирчдын бэлтгэл бүрэн хангагдах боломжийг олгосон гэдгийг мөн онцолсон юм.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment