Tuesday, August 23, 2016

Хохирол барагдуулж дуустал Хятадын компанитай гэрээ хийхгүй

Хохирол барагдуулж дуустал Хятадын компанитай гэрээ хийхгүй

1 цаг 4 минутын өмнө


Хятадын Бээжин хотоос Эрээн орох замд орших Ша Хуа Юань суурины ойролцоо энэ сарын 04-нд монголчуудыг тээвэрлэж явсан автобус шатаж 30 гаруй иргэн эд материалаа алдаж, бичиг баримтгүй болсон. Уг ослын маргааш Бээжин дэх Монгол улсын элчин сайдын яамнаас осолд өртсөн иргэдтэй уулзаж зорчигчдын эд хөрөнгөний хохирлыг бүрэн барагдуулахын төлөө ажиллана хэмээн мэдэгдсэн ч өнөөдрийг хүртэл хохирсон иргэдийн асуудал нэг тийш шийдэгдээгүй хэвээр байгаа аж.

Энэ талаар ГХЯ-ны албаны эх сурвалж мэдээллэхдээ  "Бээжин-Замын-Үүд чиглэлийн шатсан автобусанд зорчиж явсан 37 монгол иргэний хохирлыг барагдуулахаар ажиллаж байна. Монгол Улсаас БНХАУ-д суугаа элчин сайдын яамаараа дамжуулан тээвэр гүйцэтгэж байсан "Есөн луу" компанитай тогтмол холбоотой байна. Одоогийн байдлаар дээрх компанийн зүгээс хохирсон иргэдийн эд зүйлсийн үнийн дүнг иргэн тус бүрээр баталгаажуулж байгаа ба энэ ажил дуусах шатандаа явж байна. Нийт 37 иргэний эд зүйлсийн дүнг гаргаж баталгаажуулах ёстойгоос долоон иргэний хохирлыг баталгаажуулах ажил үлдсэн талаар "Есөн луу" компаниас өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. ГХЯ-ны Консулын газар хохирсон иргэдийн эд зүйлсийн үнэлгээг баталгаажуулах ажлыг яаравчлахыг сануулсан. Үүний дараагаар даатгалын компаниар үнэлгээ хийлгэхээр ажиллаж байна" гэлээ.

"Есөн луу" компанийн зүгээс иргэдийн хохирлыг 90 хоногийн дотор барагдуулна хэмээн мэдэгдсэн бөгөөд хохирсон иргэдийн зүгээс цаг хугацаа алдахыг хүсэхгүй байгаагаа илэрхийлж байна. Мөн "Есөн луу" компани нь Монгол улсын Зам тээврийн яамтай гурван улсын тээвэрт гэрээ хийхээр болсон ба иргэдийн зүгээс хохирлыг барагдуулахаас нааш гэрээ хийхгүй байх хүсэлтийг Зам тээврийн яаманд хүргүүлэхээр төлөвлөжээ.
Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment