Харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд туслах аян эхлүүлжээ
7 минутын өмнө

Эцэг эхээс эрүүл саруул үр хүүхэд төрнө гэдэг энэ насны баяр баясгалан. Хүн эрүүл байж хүссэнээ хийж сайхан амьдарна гэж боддог. Гэвч үйлийн үр эсвэл өрөөл бусдын буруутай үйлдлээс болж хүний бодь биеийг олж төрөхдөө элдэв саатай, эсвэл харах хараагүй, сонсох соноргүй, мэдрэх мэдрэмжгүй, хөгжил дутуу төрнө гэдэг үнэндээ харамсал юм.
Тэгвэл төрөлхийн хараагүй, олдмол хараагүй хүүхдүүд өнөөдрийн нийгэмд олон байна. Тэд өнгөт орчлонг, өөрийг нь төрүүлсэн ижий аавыгаа болон өрөөл бусдыг, өөрийгөө толинд харах хувьгүй явна.
Манай улсад харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 116 дугаар тусгай сургууль гэж бий. Уг сургууль улсад цор ганц бий гэдгээрээ ихээхэн онцлогтой. Энэ сургуульд элдэв харааны бэрхшээлтэй хүүхдүүд харьяалагдаж, сурч хүмүүжиж боловсорч байна. Тус сургуулийн хаалгаар ороход л хана түшсэн, шатаар ихэд болгоомжтой буусан, бүр тэг хараатай нэгнийгээ хөтөлсөн сул хараатай хүүхдүүд дуу шуутай, инээд хөөртэй кордиорт "холхилдоно". Сургуулийн зааланд багш нь хүүхдүүдэд бөмбөг хэрхэн авах, цохих, залах талаар хичээл зааж байна. Тэдний дунд нэг хүү шалан дээр хөлөө жийгээд суучихсан бөмбөг цохиж харагдав. Гэвч удалгүй бөмбөг нь өөр тийшээ өнхөрч гарт нь баригдаагүй хүү сандарч "Миний бөмбөг хаа байна, хаашаа өнхөрчихөв" хэмээн хашгирах нь өрөвдмөөр дүр зураг. Өнөөдөр тэр хүү харах мэлмийтэй байсан бол хэн нэгнээс тусламж эрэхээргүй өөрөө гүйж очоод бөмбөгөө авчихна. Тэгэхээр харааны бэрхшээл тийм л хүндрэлтэй. Бас нэг багш нь бага сургуулийн сурагчдадаа 00-ыг өөрөө олох хичээл зааж байгаа харагдав. Хараагүй багачууд хана түшиж явж байгаад эрэгтэй, эмэгтэйгээр нь 00 өөрсдөө олж сурах арга барилд сургаж харагдав.
Жилээс жилд энэ сургууль элсэн сурагчдын тоо нэмэгдэх хандлагатай байгаа талаар сургуулийн захирал Э.Энхзул хэлж байна. Өнгөрсөн жил тус сургуульд 90 гаруй хүүхэд суралцсан бол өнөөдрийн байдлаар 120 гаруй хүүхэд суралцаж байна. Хөдөө орон нутгаас ирэгсэд олон аж. Харааны бэрхшээлтэй хэрнээ ямар ч сургууль соёлоор яваагүй нас нь хэтэрсэн хүүхдүүд орж ирж байна. Тэднийг ямар бага ангийн хүүхдүүдтэй нэг ангид суулгалтай биш шахуу програмаар хичээлийг нь зааж байгаа талаар багш нар нь учирлав.
Тус сургуулийн анги танхмын хувьд боломжийн тохижилттой ч асуудалтай ангиуд байна. Тэдний нэг бол Математикийн кабинет юм. Тус ангид ороход хүүхдүүд баррель үсгийн номоо уншиж сууна. Бүр номондоо нүүрээ наачихсан уншиж харагдана. Энд суралцагчдын ихэнх нь харааныхаа харах 80 хувийн чадвараа алдсан байдаг юм байна. Тооны хичээлийн багшаас учрыг нь асуувал "Ингэж л тулж харж уншихгүй бол харахгүй ээ. Бас гэрэл их нөлөөлнө, гэрэл сайтай байвал хүүхдүүд ингэж нүүрэн дээрээ тулгаад унших шаардлага үгүй" гэв.
Анги танхмын гэрлийн асуудал хүндрэлтэй, тэдэнд олон гэрэл байвал харах чадвар нь хавьгүй дээрдэх юм байна. Тиймээс тааз болон самбар, ширээ зэргийг нь гэрэлтүүлэх шаардлагатай байгаа. Өнөөдөр тус сургуульд суралцагчдын 32 хүүхэд нь огт хардаггүй, үлдсэн хүүхдүүд нь сул хардаг, үлдэгдэл хараатай. Үлдэгдэл хараатай гэдэг нь гэгээ, дүрсийг мэдэрдэг бол сул хараатай хүүхдүүд нь нүдний шилний тусламжтайгаар хардаг байна.
Хүүхдүүдийн 46 хувь нь сул хараатай бол, 22 хувь нь үлдэгдэл хараатай. Энэ жил хүүхдүүдийн тоо нэмэгдсэн болохоор сул, үлдэгдэл хараатай хүүхдүүдийн тоо нэмэгдэх хандлагатай. Хичээлийн шинэ жил эхлээд хэдхэн хонож байхад уг сургуульд тулгамдаж байгаа асуудлууд цөөнгүй байна. Тэдний нэг нь баррель үсгийн зориулалтын цаасны нөөц алга. Ихэвчлэн гадаадаас тусламжаар авдаг бөгөөд манайд тусгай хэрэгцээт сургуулийн зориулалтын хэрэгсэл нь хомс байдаг гэнэ. Цаас байхгүй болохоор хичээлээ чихээрээ сонсоод л өнгөрдөг гэнэ. Гэтэл заавал зориулалтын цаас хэрэглэх шаардлагатай.
Хамгийн гол нь хүүхдүүдийнхээ сурах орчныг төгс цогц бүрдүүлэх тал дээр сургуулийн удирдлагууд нь чухал анхаарч байгаа ч хөрөнгө санхүү дутагдалтай болохоор хүссэнээр нь тохижуулж өгч чадахгүй байгаа аж. Уг нь аль ч чиглэлийн зүйлээр анги танхмыг нь тохижуулаад өгчихвөл хараагүй хүүхдүүд мэдрэмжээрээ тэр анги танхмаас кайф авч сурах их хүсэл тэмүүлэл нь бүр ихээр оргино гэсэн үг. Гэвч тус сургуулийн жилийн төсөв нь 673 сая төгрөг. Үүнийг олон зүйлд хуваана. Дотуур байрны хүүхдийн хоол, өдрийн хоол, хичээлийн хэрэгсэлд гэх мэт. Хичээл үйлдвэрлэлийн дадлага хийхэд 1 сая 200 мянган төгрөг. Одоо 9 сард хэрэглэх мөнгөний хэмжээ нь ердөө 200 мянга, энэ мөнгөөр 120 гаруй хүүхдийн хичээлийн хэрэгслийг бэлдэж чадах уу. Хэзээ ч хүрэлцэхгүй боломжгүй харагдаж байгаа биз дээ.
Одоо хамгийн их тулгамдаж дутагдаж байгаа зүйл зориулалтын баррель цаас. Тиймээс жилийн хэмжээнд хэрэглэх баррель цаасны нөөцний хэмжээг шийдээд өгөөч гэсэн хүсэлтийг салбарын яам болон УИХ-ын гишүүдэд тавьсан байна. Түүнээс гадна улсын цор ганц тусгай хэрэгцээт сургууль хэрнээ Сүхбаатар дүүргийн харьяанд байдаг. Тэндээс төсөв мөнгөө авдаг болохоор хүрэлцдэггүй гэнэ. Тус сургуулийн хүүхдүүд бусад хүүхдүүдийн адил сурч хүмүүжиж, ирээдүйд нэр алдартай амжилт бүтээлийн эзэд төдийгүй эрдэмтэн мэргэд болох ёстой. Хэн ч тэдний авьяасыг хааж боогдуулах, хяхан хавчих ёсгүй юм. Харин ч харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн мэдрэмж илүү сайн хөгжсөн бас авьяастай байдаг гэж ярьдаг юм билээ. Тиймээс эдгээр хүүхдүүдийн сурах орчныг бүрдүүлж, нэг ч гэсэн ангийг нь гэрэл гэгээтэй болгож, зориулалтын самбар, баррель үсгийн цаас болон, шивүүр зэрэг хэрэгцээт зүйлсээр нь хангаж өгөхийн тулд санаа бодлоо нийлүүлж нэгдэхийг та бүхнээс хүсч байна. Хамгийн гол нь хичээлдээ сэтгэл дүүрэн, гэрэл гэгээтэй сууж хичээллэх ёстой.
Тиймээс тулгамдаж байгаа нэг ч гэсэн асуудлыг нь олны хүч, тус дэмээр шийдэж, нэг ч гэсэн ангийг нь иж бүрэн тохижуулж өгөхийг уриалж байна. Үр хүүхдийн буян заяа, сайн үйлсийн төлөө Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн тусгай сургуулийн нэг ангийг тохижуулж өгөх хандивын аяныг эхлүүлж байна. Олны хүч, оломгүй далай гэгчээр хандив өргөсөн иргэдийн тус дэм, буян бум түмээр үржих болтугай.
Хандивын данс ХААН банк 5064194109 Нямтайван овогтой Цэрэн. Харилцах утас: 99050646, 99938477
Эх сурвалж www.wikimon.mn
О.Сайхан
0 comments:
Post a Comment