Мягмар гараг Гуравдугаар сар 12, 4:58 pm
Одоогоос хоёр жилийн өмнө, гуравдугаар сарын 11-нд Япон улс хүчтэй газар хөдлөлт, цунамид нэрвэгдсэн билээ. Есөн баллын хүчтэй уг газар хөдлөлт дэлхийн ойролцоох тойрог замд ч мэдрэгдсэн гэнэ. Европын сансрын агентлагийн мэргэжилтнүүдийн тэмдэглэснээр газар доорх түлхэлт 255 км-ийн өндөрт байрлах тойрог замын "GOCE" шинжлэх ухаан, судалгааны хэт мэдрэг аппаратад бүртгэгджээ. Энэ талаар "ВВС" агентлагийн мэдээлэлд өгүүлжээ.
Японы түүхэн дэх уг хамгийн хүчтэй газар хөдлөлтийн улмаас хагас цагийн дотор асар өндөр цунами үүсч, тус улсын зүүн хойд хэсгийг бүхэлд нь арчин хаясан. Байгалийн энэхүү гамшгийн уршгаар 19 мянга гаруй хүн амиа алдаж, "Фукушима-1" атомын цахилгаан станц дэлбэрсэн. Өдгөө тус цахилгаан станц орчмыг тусгаарлаж, хүн, амьд биет оруулахгүй болгосон билээ.
Энэхүү байгалийн гамшгаас болж учирсан хохирлын хэмжээ хэдэн зуун тэрбум ам.доллараар үнэлэгдэж байна.
Хятадуудын хардлага
Уг хүчтэй газар хөдлөлт нь япончууд газар доороо цөмийн нууц туршилт амжилтгүй явуулснаас үүдсэн. Харин "Фукушима-1" атомын цахилгаан станц бол цөмийн дэлбэрэлтээс болж тархсан цацраг идэвхт бодисыг далдлах гэсэн оролдлого гэж тухайн үед Хятадын зарим хэвлэлээр бичиж байв.
Энэхүү материалыг Хятадын "China Value" порталаас олох боломжтой. Нэрээ нууцлахыг хүссэн шинжээчдийн дүгнэснээр Японы гамшигт техникийн шинж чанартай зүйл олон байсан гэнэ. Тухайлбал, тухайн үед Токио хотын амбан захирагч байсан Синтаро Исихаро Хятадын эсрэг цөмийн зэвсэг хэрэглэж магадгүй талаар хөндөж байжээ. Исихарогийн хэлсэн үг Наран улсыг үнэхээр цөмийн зэвсэгтэй болох гэж байгаа юм биш биз гэсэн хардлагыг шинжээчдэд төрүүлж байсан аж.
Амбан захирагчийг ийм утгатай үг хэлсний дараахан гуравдугаар сарын 9-нд Японы Хоншю арлын зүүн хойд эрэг, Номхон далайд 7.4 магнитудын газар доорх түлхэлт ажиглагдсан. Үүнээс хоёр хоногийн дараа Мияги мужид газар хөдлөлт болсон билээ. Хятадын шинжээчид үүнийг газар хөдлөлт бус, цөмийн зэвсгийн маш нууц туршилт гэж баталжээ.
Түүнчлэн гуравдугаар сарын 11-ний газар хөдлөлтийн дараахан далайд үүссэн нүх Хятадын шинжээчдийн анхаарлыг татсан байна. Хамгийн хүчирхэг усан онгоцыг ч сороод авчих хэмжээний томоохон усны эргэлтийн зургийг дэлхийн мэдээллийн бараг бүх агентлаг нийтэлсэн гэхэд хилсдэхгүй. Харин энэ нүх чухам яаж үүссэнийг хэн ч нарийн тайлбарлаж чадахгүй байлаа. Хятадуудын үзсэнээр энэ нүх газар доорх цөмийн дэлбэрэлтээс болж үүссэн гэж үзжээ.
Үүнээс гадна "Фукушима-1" атомын цахилгаан станцын дэлбэрэлтийг Хятадын шинжээчид хараандаа авчээ. Японы технологи маш өндөр хөгжсөн хэрнээ ийм зүйл болсонд тэд итгэхгүй байгаа аж.
"Фукушима-1" станц эргээс холгүй байрладаг учраас түүнийг барихад хамгийн хүчтэй цунамигаас хамгаалах олон давхар хамгаалалт хийсэн л байж таарна. Түүнчлэн цахилгаан эрчим хүч гаргах өөр аргыг ч давхар бодолцсон байх учиртай. Тиймээс япончууд 2011 оны гуравдугаар сарын 9-нд хийсэн амжилтгүй нууц туршилтаа далдлахын тулд зориуд цацраг идэвхт бодис алдагдуулсан гэнэ.
Дахиад ч хүчтэй газар хөдлөлт болж мэднэ
Японд байгалийн аймшигт гамшиг болсны хоёр жилийн ойг тохиолдуулан сүүлийн долоо хоногийн турш амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэх үйл ажиллагаа болж байна. Өчигдөр л гэхэд Токио хотноо гашуудлын албан ёсны арга хэмжээ болсон юм. Уг үйл ажиллагаанд эзэн хааны гэр бүл, тус улсын Засгийн газрын тэргүүн Шинзо Абэ болон сайд нарын танхимын гишүүд оролцжээ. Үүний дараахан улс орон даяар нэг минут чимээгүй болжээ.
Гэхдээ Японы шинжээчид дахиад ч ийм хүчтэй газар хөдлөлт болж мэднэ гэж анхааруулсан байна. Учир нь 2016 он гэхэд Токиогийн дүүрэгт долоон баллаас дээш хүчтэй газар хөдлөлт болох магадлал 70 хувьтай байгаа аж. Энэхүү газар хөдлөлтөд 11 мянга орчим хүн өртөж, нэг их наяд ам.долларын хохирол учирч болзошгүй гэсэн тооцоо гарчээ.
-
Loading ... - Үзсэн 35
No comments:
Post a Comment