Tuesday, March 12, 2013

Намын гишүүдээ төөрөгдүүлэхгүйн тулд Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдсэн

Мягмар гараг Гуравдугаар сар 12, 9:44 am

Ugluunii_sonin

БОНХ-ийн сайд С.Оюунтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 oyun_gishuun-Улстөрийн зарим на­мууд Ерөнхийлөгчийн сон­­­­гуульд хэнийг нэр дэв­шүү­­лэх тухайгаа ярьж эхэлж байна. Танай намын хувьд Ерөн­хийлөгчийн сон­гуульд  ямар  байр суурьтай оролцох вэ?

-Энэ удаагийн Ерөнхий­лөгчийн сонгуульд ИЗНН нэр дэвшүүлэн оролцох эсэхийг Улстөрийн намын  хууль, намын дүрмээр ч тэр манай намын Үндэсний хорооны хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ.

-Зарим хэвлэлээр С.Оюун, С.Дэмбэрэл нар Ерөн­­­хийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр хоорондоо өр­сөлдөж байна гэх мэдээлэл гарсан. Энэ үнэн үү?

-Харин хэвлэл мэдээл­лийнхэн өөр өөрсдийн таам­гаар С.Оюун, С.Дэмбэрэл на­рын хооронд өрсөлдөөн эхэллээ гэж ярьсан байна лээ. Энэ бол бодит бус мэ­дээлэл. Тиймээс олон түмэн намын гишүүдийг төөрөг­дүүлэхгүйн тулд хувь хүний зүгээс Ерөнхийлөгчид нэр дэв­шихгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн шүү дээ.

-Гэхдээ хуулиараа бол С.Дэмбэрэл гишүүн та хоёрын нэг нь нэр дэвших бо­ломжтой биз дээ. Та нэр дэвшихгүй гэхээр танай на­маас нэр дэвших өөр бо­ловсон хүчин бий юу?

-Ерөнхийлөгчийн сонгуу­лийн хуулиар С.Дэмбэрэл гишүүн бид хоёрын нэг нь нэр дэвших боломжтой гэдэг нь ташаа ойлголт. Хуулиараа бол парламентад суудалтай нам хэн нэгнийг нэр дэвшүүлэх эрхтэй.

Монгол Улсын Ерөнхий­лөгчид нэр дэвшигч 45 нас хүрсэн, Монгол Улсын иргэн намын ямар ч гишүүн, дэм­жигчийг нэр дэвшүүлж өр­­сөлдүүлэх боломжтой. Тий­­мээс хэн нэр дэвшихийг намын гишүүд тэр дундаа төлөөллийн төв байгууллага  болох Үндэсний хороо ший­дэх болно. Одоогоор манай намаас хэн нэр дэвших нь тодорхойгүй байна.

-Хамтарсан Засгийн газ­­рын гэрээнд Ерөнхий­лөгчийн сонгуульд АН-тай хамтарч орох тухай заалт бий. Тэгэхээр танай нам гэ­рээний нөхцөлөө дагах уу?

-Ийм заалт бий. Зөвхөн Ерөнхийлөгчийн ч биш, өн­гөрсөн оны сүүлээр болсон орон нутгийн сонгуульд ч энэ заалт хамаатай байсан. Гэхдээ намууд ярилцаад бүгд нэг  субьект биш, орон нутгийн онцлогтоо то­хи­­руулан эвсэх, хамтрах шийдвэрийг орон нутгийн намын анхан шатны бай­гууллага нь гаргая гэсэн ерөн­хий тохиролцоонд хүр­­сэн. Тэгээд манай нам гэхэд зарим газар АН-тай, заримд нь МАХН-тай эвсэх, хамтрах зэргээр оролцсон. Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн оролцохыг мөн л Үндэсний хороо хуралдаж байж шийднэ дээ.

Нэр дэвшигчийг тод­руу­лах хуулийн хугацаа дуу­­саагүй байна. Дашрамд хэлэхэд, сонгууль болд­гоороо л болно. Цаг хуга­цаа нь болоогүй байхад сон­гуулийн тухай хэтэрхий их ярьж байгаа нь аливаа үйл ажиллагаа, бүтээн бай­гуулалтыг улстөржүүлсэн шинжтэй болгочих вий гэ­сэн болгоомжлол төрүүлж байна.

-Оюу толгойн хувь ний­лүүлэгчдийн хурлын ажлын хэсэгт орж ажилласан. Ер нь та гэрээний тухайд ямар байр суурьтай байгаа вэ. Байгаль орчныг хамгаалах чиглэлд ямар асуудал хөн­дөж ярив?

-Хувь нийлүүлэгчдийн хурлаар Оюу толгойн төс­лийн санхүүжилт, хөрөнгө оруу­лалттай холбоотой олон асуу­дал  яригдаж  байна. Мөн Хөрөнгө оруулалтын гэрээ­ний  биелэлтийн хүрээнд хэд хэдэн чухал зүйлийг хөн­дөж ярьж байгаа. Энэ удаа­­гийн хурлаар хэлэлцэх асуудалд байгаль орчны асуу­дал багтаагүй. Манай яам­ны хувьд байгаль орчны нөлөөллөөс сэргийлэх үйл ажиллагаа, байгаль орчны төлөвлөгөөний асуудалд  хууль тогтоомжийн дагуу хя­налтаа тавиад ажиллаж байна.

-Саяхан танай намын ой болж өнгөрлөө. Улстөрийн хү­­рээнд өнгөрүүлсэн үйл яв­цыг дүгнэхэд хэр амжилт­тай ажилласан байна вэ?

-ИЗНН Монголын улс­төрийн намын эгнээг тэлс­нээс хойш 13 жил болж байна. Байгуулагдсан цагаа­саа хойш парламентад тас­ралтгүй суудалтай байж, төрийн бодлого, улстөрийн шийдвэр гарахад өөрсдийн байр сууринаас идэвхтэй оролцлоо.

Авлига, хээл хахуультай тэмцэх, ажилгүйдэл ядуур­лыг бууруулах, улстөрийн нам болон сонгуулийн эрх зүйн тогтолцоог шинэчлэхэд идэвхтэй ажиллаж, энэ чиг­лэлийн хуулийг санаачлан УИХ-аар батлуулж ирсэн.

-Өнөөдөр шинэчлэлийн Засгийн газрын бүрэлдхүүнд орж БОНХЯ-ыг удирдан ажил­лаж байгаа. Энэ хү­рээнд салбарын бодлогыг аль чиглэл рүү хандуулж ажил­лаж байна вэ?

-Монгол орны эдийн за­саг, нийгмийн хөгжил нь байгаль орчныхоо даа­цад нийцсэн тогтвортой хөгж­лийн бодлогын төлөө бид ажиллаж  байна.   Тодруулбал, эдийн засаг, нийгмийн бод­лого нь байгаль орчиндоо халтай бус, байгаль орчны бодлого нь нөгөө хоёртоо саад хийсэн биш, харилцан зохицсон, судалгаа шинжил­гээ, шинжлэх ухаанд үндэс­лэсэн бодлогоор Монгол Улсаа хөгжүүлэхийн төлөө ажиллаж байгаа.

Нөгөө талаар байгаль ор­­чинд сөрөг  хандаж  буй    аливаа бизнесийн үйл ажил­лагааг хариуцлага­жуу­­­лах, уул уур­хайн нөхөн сэр­гээлтийг цаг тухайд нь хийл­гэх талд бид илүү хатуу чанга хандах болно. Энэ чиг­­лэлийн эрх зүйн орчин ч гайгүй бүрдсэн учраас хуу­лиа хэрэгжүүлэх ажлыг эрчим­жүүлнэ.

В.Дондовдорж

  • 1 Од2 Од (Үнэлгээ өгөөгүй байна)

    Loading ... Loading ...

  • Үзсэн 10

0 comments:

Post a Comment