Tuesday, March 12, 2013

Ч.Цэвээнпүрэв: Мэргэжлийн боксын 57 кг миний эзэмшил болсон

Мягмар гараг Гуравдугаар сар 12, 4:39 pm

Ugluunii_sonin

МУГТ, WBU,WBF,WBC холбооны аварга, мэргэжлийн боксын дэлхийн аварга Ч.Цэвээнпүрэв их спортод 20 гаруй жил зүтгэсэн нэгэн.  Түүнтэй "Ширэн бээлий" клубт ярилцсанаа хүргэе.

 598770_349106328531601_760369907_n-Эх орондоо анх удаа мэр­гэжлийн боксын олон улсын тэмцээн зо­хион бай­гуулахаар сэтгэл шу­луудсан гэлээ. Дэлгэрэн­гүй мэдээлэл өгөөч?

-Удахгүй болох мэргэжл­ийн боксын тэмцээнийг Монгол туургатны анх­ны төрт улс байгуулагдсаны  2222  жил­ийн ойд зориулан зохионо. Манай мэргэжлийн боксын холбоо, олон улсын мэргэжл­ийн боксын хол­бооноос зөвшөөрөл авс­ны үндсэн дээр эх орны­хоо рингэнд ийм том хэмжээний тэмцээн хүлээн авах хариуцлагатай үүрэг ногдлоо. Мөн Монгол туур­гатны холбоо хамтран ажил­лаж байна.

-Энэ тэмцээн манай мэргэжлийн боксчдод ямар үр өгөөжтэй вэ. Гаднаас ямар тамирчид ирэх бол?

-Энэ оны олон улсын мэргэжлийн боксын анх­дугаар тэмцээн манай улсад зохиогдох болсон нь ач холбогдлын хувьд нэлээд өндөр. Нутагтаа зохиогдож буй тэмцээнд амжилттай оролцож, цаашлаад Ази, ДАШТ-ий ринг хүрэх боломжтой. Уг тэмцээний бас нэг үндсэн зорилго бол мэргэжлийн боксын тамирчдыг өөрсдөө бэлтгэж, дэлхийн хэмжээний та­мирчин гаргаж ирэх юм.

-Тэмцээн хэзээ болох вэ?

-Ирэх сарын 20-нд гэж  товлоод байгаа.

-Мэргэжлийн бокс, сонир­хогч­дынхоос юугаараа ял­гаатай вэ?

-Сонирхогчдын бокс гур­ван раундаар гурван минут тоглодог бол мэргэжлийн бокс гурван минутаар 12 үе тулалддаг. Сонирхогчдын боксыг тоглох буюу "game" гэж ярьдаг. Харин мэр­гэжлийн боксыг тулалдах буюу "fight" гэж нэрлэдэг юм. Мэргэжлийн боксоор хичээллэх, уг спортоор зам­нахад хувь хүнээс маш их зүйл шаарддаг. Бие хүчний хөгжил, тэсвэр хатуужил, сонирхогчдын боксыг бодвол мэргэжлийн бэлтгэл хоёр дахин хүнд, ачаалалтай байдаг. Мөн мэргэжлийн боксын бээлий нимгэн, цохилт хүчтэй ирдгээрээ ялгаатай.

-Сонирхогчд­ын боксоор хичээллэж байсан тамир­чин мэргэжлийн бокст хи­чээллэхэд цагийн мэд­рэмж, бэлтгэл алдагддаг гэж ярьдаг?

-Хүнд жинд тоглоход заавал сонирхогчоосоо дамж­даг уламжлалтай. Хамгийн гол нь мэргэжлийн бокс накаут буюу хүнд цохилт хийдэг давуу талтай. Үүнээс л тухайн тамирчин дасан зохицох эсэх нь харагддаг.

-Манай улсад мэргэж­лийн бокс хэзээнээс хөгжиж эхэлсэн бэ?

-Манайд 1995 оноос хойш хөгжиж байгаа. Маш олон тамирчин мэргэжлийн боксоор амжилт гаргасан. Пан Азийн аварга Д.Лхагваа­гаас эхлээд дэл­хийн хэм­жээний боксчин олон төрсөн. Гэвч тэдэнд анхаарал тавьж, мэргэжлийн бокст оруулах хөрөнгө оруулалт дутсанаас харийн улсад ажил хийх болсон. Улмаар тэндээ ажиллаж, амьдарч мэргэжлийн боксоо орхисон доо. Эзэнгүй болсон гэж хэлж болно.

-Та мэргэжлийн боксын хөгжилд хэр анхаарч байна вэ. Энэ спортын хөгжлийг цаашид аваад явах зорилго тавьсан уу?

-Би бусад тамирчны адил хилийн дээс алхаж, мэргэжлийн бокс түлхүү хөгжсөн орнуудад спортын замналаа хөөсөн. Одоо хүртэл би гадны менежертэй. Гэхдээ Монголынхоо паспорт, эх орныхоо далбаатай яваа. Мэргэжлийн боксыг эх орондоо хөгжүүлэхэд манай "Ширэн бээлий" клуб болон найз, нөхөд маш их тусалж, дэмжиж байгаа. Тиймээс эхний ээлжинд Монгол туургатны хэмжээнд хөгжүүлэх зорилго тавьсан. Туургатны хэмжээнд хөлөө олчихвол цаашид тив, дэлхийд гарах боломжтой гэж харж байна. Гэхдээ маш их хүч, хөдөлмөр, цаг зав шаардах нь гарцаагүй.

-Та мэргэжлийн боксын рингэнд юугаараа ялгардаг вэ?

-Миний хувьд үнэгэн малгай, эх орныхоо дал­баатай шорт өмсч, элэг нэгтнүүдээ төлөөлдөг. Яг л тулаанд мордох гэж байгаа дайчин мэт бодож, өөрийгөө хурцалдаг. Хилийн чанадад тоглолтыг маань үзэж буй монгол­чууд маш их уухайлж, дэмждэг. Тэр уухайн түрлэг надад урам зориг маш их хүч нэмдэг.

Заримдаа тэмцээний үеэр дасгалжуулагч чухал урам хайрладаг. Маш хүнд байдалд орчихоод, унаж явахад "Чи Монгол дайчин гэдгээ битгий март. Монгол дайчин дэлхийг эзэлсэн. Гэтэл чи ингээд бууж өгч болохгүй. Өөр­ийгөө хурцал" гэж хэлдэг. Энэ үгийг сонссон ямар ч хүн, яаж ч ядарч байсан босоод л ирнэ. Өөрийн эрхгүй огшоод, хоёр хөл дээрээ дахин зогсох итгэл төрдөг. Ер нь спортод, тэр дундаа бокст сэтгэл зүйч маш чухал. Мэргэжл­­ийн боксын бас нэг давуу тал бол ганц тамирчинд гурав, дөрвөн дасгал­жуулагч бай­даг.

-Бөх бүр дархан мэхтэй байдаг. Таныхаар бол тэр нь?

-Баруун гарын савсан цохилтууд. Урд гар дээгүүр савж цохидог. Энэ цохилт 24 өрсөлдөгчийг хугацаанаас нь өмнө буулгаж авахад тус хүргэсэн. Мөн 15 тамирчныг баруун хажуугаас цохиж, накаутад оруулж байлаа.

-Их Британид 10 гаруй жил мэргэжлийн бокс тоглосон. Тухайн үед анх мэргэжлийн боксын рингэд монгол хүнийг хэрхэн хүлээж авч байсан бэ?

-Анх 2000 онд Монголын Кикбоксын холбооны ерөн­хий нарийн бичгийн дарга О.Алтан­пүрэвийн урилгаар Шотландын клубт бэлтгэл хийх зорилгоор очсон. Тэнд дэлх­ийн авар­гын медальтай шотланд тамирчинтай хос бэлтгэлд хамрагдаад өөрий­өө харуулсан гэж боддог.

Хэд, хэдэн удаа бэлтгэл хийсний дараа тус клубийн дасгалжуулагч болон О.Алтан­пүрэв нар Английн клубтэй холбоо тогтоосон. Тэд "Монголоос ирсэн сайн тулаанч бий" гэж хэлж байсан юм билээ. Английн баг сонирхсон болохоор Шотландаас шууд Английн Манчестер хотод ирж байлаа. Тэгж л мэргэжл­ийн бокстой амьдралаа холбосон.

-Анх удаа рингэн дээр гарахад ямар мэдрэмж төрж байв?

-Ази царайтай, монгол хүн гэхээр гадаадын та­мирчид, дасгалжуулагчид төсөөлөхгүй байсан гэсэн. Ямар тоглогч юм бол гэж нэлээд сонирхсон. Өвөрмөц арга барилтай гэхчлэн гадны сэтгүүлчид бичдэг байсан. Улмаар Уэльсийн тамирчныг хоёр раунд тулалдаад хүнд цохилтоор буулган авсан. Тэр боксчин тэмцээний дараа шууд л зодог тайлсан л даа. Учир нь түүний хамар нь хугарч, дахин рингэнд гарах боломжгүй болсон юм билээ. Ингээд л анхныхаа гарааг "хүчтэй цохилттой эр" гэсэн тодотголоор эхэлж байлаа.

-Хүний нутгийн рингэнд олон жил тогтвортой тоглолт үзүүлэхэд хэцүү зүйл гарч байв уу?

-2000 оноос хойш Англид тулалдаж байгаа. Гэхдээ олон жил алдсан. Яагаад гэвэл намайг боксоос шахаж гаргах, хол­дуулах гэсэн явуулга их байлаа. Ойролцоогоор 4,5 жил завсардуулсан. Гэх­дээ л би шантралгүй, бэлт­гэлээ базааж Англиас яваагүй. Зарим тохиолдолд тэмцээнгүй бүтэн жил өнжих ч үе байсан. Гэхдээ тэр хугацаанд бэлтгэлээ огт тас­лалгүй, өөрийгөө үргэлж бэлэн байлгаж байлаа. Нэг л өдөр рингэн дээр гарна гэсэн зорилготой байсан.

-Яагаад гадуурхсан юм бэ?

-Ази царайтай, хаанаас ирсэн нь тодорхойгүй бидэн шиг хүмүүст европчууд их дургүй. Гэхдээ тэр олон жил завсарласны дараа 2006 онд "WBF" холбооны аваргын төлөө Африкийн тамирчинтай тулаан хийж, дөрөвдүгээр үед буулган авснаар анхныхаа бүсийг авч байсан. Гэвч цаашдаа бас л тэмцээнгүй хэсэг хугацааг өнгөрүүлсэн. Миний бодлоор иймэрхүү хандлага гаргаж байсан нь, шилдэг тамирчид нь надтай тулалдахаас эмээж байсантай холбоотой. Дахиад нэг жил алдана гэдэг харамсалтай.

-Дараагийн тэмцээн­тэйгээ хэзээ золгов?

-Тухайн үед 2008 онд "WBU" холбооны аварга Английн тамирчин, Ливер­пүүл хотын шилдэг боксчин гэгдэж байсан тамирчны бие төлөөлөгчид манай талтай гэрээ хийсэн. Тэд юу гэж байсан гэхээр "Танай тамирчин аварга юм бол жинхэнэ аварга гэдгийг нь харъя" гэж ам асууж байлаа. Ингээд хоёр бүсний төлөө тулаан хийж, залуу тамирчныг V үед буулгаж авснаар "WBU" холбооны дэлхийн аваргын алдрыг хүртсэн.

Ингэж л Английн рингэн дээр өөрийнхөө нэрийг дар­халж, 2008 оноос хойш мэргэжлийн боксын 57 кг миний эзэмшил болсон. Дараа нь 2009 онд Олон улсын "WBC" холбооны авар­гын төлөө Францын тамир­чинтай тоглож, ялалт авсан.

-Өнгөрсөн арваннэг­дүгээр сард Олон улсын боксын холбооны аваргын төлөө Индонезийн тамир­чинтай тоглож ялагдсан. Гэхдээ тухайн тулаанд оноогоор ялагдсан болохоор даагаа нэхэх бодол бий юу?

-Даагаа нэхэх тулааныг Индонезид хийхээр бидний бие төлөөлөгчид тохиролцоод байгаа. Хугацааг нь хараахан зарлаагүй байна. Сүүлийн тулааныг маш олон сая хүн үзсэн. АНУ, Европ даяар шууд цацсан. Тийм болохоор хүртээмж ихтэй учир залуучууд ч гэсэн иймэрхүү тэмцээнд гарах боломжтой.

-Боксын спортыг орхих талаар бодож байв уу?

-Бодсон зүйл байхгүй. Нас гэдэг бол зүгээр л тоо. Хүний эрч хүч гэдэг дотроосоо ундардаг зүйл юм шүү дээ. Би гучин нас хүрчихсэн болохоор одоо болих ёстой гэдэг ойлголт маш буруу.

Зарим тамирчин 26, 27 хүрээд л боксоо орхиж байна. Энэ бол өөрийгөө голж байгаагийн илрэл. Сэтгэл зүй өндөр байна гэдэг тухайн тамирчин спортын талбарт урт наслахыг хэлдэг. Би дахиад хэдэн жил тоглоно.

Т.Батсугар

  • 1 Од2 Од (Үнэлгээ өгөөгүй байна)

    Loading ... Loading ...

  • Үзсэн 11

0 comments:

Post a Comment