Monday, March 11, 2013

Дотроо төмөртэй, долооход урамтай торт авна

Дотроо төмөртэй, долооход урамтай торт авна

"Март-8" болж өнгөрлөө. Ажлын эрчүүд, эр нөхөр, ах, дүү хөвгүүд гээд л өөрийг минь өөриймсөж баярлуулах эсрэг хүйстнүүд мундсангүй. Оргилуун дарс, вино, торт, чихэр жимс... Дурдаж болохгүй нууц бэлэг ч олныг авав. Гэсэн ч тэр бүхэн сэтгэлд нэг л хүрсэнгүй. Яагаад ч юм бүх зүйл бахь байдгаараа байгаад байх шиг. Торт нь нөгөө л нэг торт. Жимс нь байдаг л нэг жимс. Вино нь ч гэсэндээ ялгаагүй. Яаж ч харсан хуучин шигээ. Тэгсэн азаар нэг сонирхол өдөөгч гарч ирэв. Тэр нь компотон дотроос сугарч ниссэн ялаа. Сугарч нисэх гэдэг нь жаахан хэтрүүлэгтэй санагдаж байж болох л доо. Гэхдээ л гоё. "Хүүе ээ, энд ялаа", "Тийм байна. Энд ялаа", "Ямар аймар юм бэ. Ялаатай нь асга", "Яана л даа, ялаа байхдаа яахав дээ" гээд л... Нэг мэдсэн "Март-8"-наа мартаад ялааны баяр хийж байгаа аятай л юм болов. Ядахад ялаа хараагүй яасан ч удсан юм. Үүнийгээ арай ч бас санасан гэж хэлж болохгүй байх. Гэхдээ л гоё. Хөгжилтэй гэж жигтэйхэн.

Тэгээд бодлоо. Уг нь бая­рын ширээний тортон дундаас нэг ширхэг хадаас гарч ирсэн бол бүр гоё байхгүй юу гэж. Би хувьдаа лав шууд "Эмэгтэй хүнд төмөр хэрэгтэй гэдгийг мэдээд үйлдвэрээс нь санаатайгаар хийдэг болжээ" гэж бодоод л, баярлаад л идчихнэ. Бас эр нөхөртөө "Эрчүүд өөрсдийгөө хайхардаггүй тул төмрийн дутагдлаа нөхөж хүчирдэггүй юм гэсэн. Шууд ид" гэж хэлээд идүүлчихнэ. Үр хүүхэд, ах дүү, анд найзууддаа ч тэгж хэлнэ.  За тэгээд хөлдүү бол бүр янзтай. Тортыг цаг үр­­гэлж халбагаар идэх хэрэг юу байна. Хуваах учраа олчихвол долоогоод, долоо­гоод л идчихнэ. Ингэж бичсэн чинь бүр арааны шүлс асгарч, амтат тортоо хөлдөөх хүсэл төр­чихлөө. Гэтэл зарим нэг хүмүүс маяглаад л сүйд боло­х юм. "Тортон дундаас өт гарлаа. Хиаман дотроос цаас оллоо" гэх маягаар. Юун сүртэй ийн. Тэртээ, тэргүй одоо чинь баяжуулсан хүнсний эрин зуун шүү дээ. Ийм зуунд амьдарч яваа эд, эсийнхээ хувьд ялаатай компот, хадаастай торт, цаастай хиамыг иднэ гэдэг бас их хувь зохиол байж таараад байгаа юм. Тиймээс хувийн зүгээс эхний ээлжинд дотроо төмөртэй, долооход урамтай торт авах захиалга өгнө өө. Үнэ хөлс нь хамаагүй гэж хэлж чадахгүй ч гэсэн үргэж, зугтан, үгүйсгэж уурлахгүй гэдгээ амлая.

Г.ОТГОНЖАРГАЛ

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment