Friday, March 15, 2013

Үгүйлэгдсэн үзвэр

Үгүйлэгдсэн үзвэр

Европын "дээд зиндааныханд" нэгэн абсурд жүжгийн тухай зар тарж, чамгүй үнэтэй тоглолтын тасалбар ч маш хурдан зарагдаж. Театрт үзэгчид цуглаж тоглолт эхлэхийг хүлээнэ. Тайзан дээр хөтлөгч гарч ирэн зарлах нь "энэ жүжгийн дараа та нар ямар аугаа зүйлийг мэдэрсэн бэ гэдгээ ойлгох болно. Энэ жүжиг бол дэлхийн хамгийн гайхалтай дахин давтагдашгүй гайхамшиг билээ. Таалан соёрхоно уу" гээд тайзыг чөлөөлнө. Ингээд гэрэл бүдгэрч намуухан ая эгшиглэн хөшиг нээгдэнэ. Намуухнаар. Бага зэрэг өргөлт авснаа буцаад л аяс намсана. Олж сонсохыг хүссэн өнгө ч урсана. Намуухнаар. Үзэгчдийн суудал ч, тайз ч чимээгүй. Ийн хэсэг хором өнгөрсний дараа тайзны гэрэл тодорч хөшиг эргээд хаагдлаа. Жүжиг дуусчээ. Яг энэ л үед үзэгчид ямар жүжиг үзсэн болохоо ойлгосон байна. Ингээд нижигнэтэл алга ташсаар нүүрэндээ инээмсэглэлтэй үүд рүү чиглэцгээв. Өндөр үнэ төлж орж ирсэндээ хэн ч харамссангүй. Үнэн хэрэгтээ ямар жүжиг эхлэх бол хэмээн хүлээж суухдаа өөрийгөө сонсох боломжийг нь ийнхүү худалдсан байв.

Үзэгчийг өөрийг нь жүжигт тоглуулчихыг ч ийн сэдэх ухаан байж болж байна. Харин бидэнд сэтгэхүй рүү чиглэсэн үзвэр байна уу.

Хэрэгцээ нь байна, мөнгө нь байна. Гэвч "таашаал" өгчих үзвэр багасав. Хатуухан хэлэхэд бараг үгүй болов. Алгаа хорстол нь ташиж баяр хүргэх үзвэрүүд үгүй болов. Агуулгатай, санаатай, "ухамсрын шанаа" өгчих бүтээлүүд ховордов. Нүүрнийхээ арьсыг биш, тархиныхаа үрчлээг таталдуулан "инээмээр" байна. Бачуурмаар, хашгирмаар, догдолмоор, биенийхээ шар үсийг босгомоор байна. Жаахан хүүхэд шиг хөөрч, төсөөлж, мартагдсан дурсамжуудаа сэргээмээр байна. Цээжиндээ цус амталж, даралтаа ихэсгэж, муурч унамаар байна. Гэвч, ийм үзвэр үгүйлэгдсээр.

Уг нь үзвэрийн газруудын цаг битүү, санал болгож буй тоглолтууд зар сурталчилгааны самбаруудыг дүүргэж буй. Өмнөх өмнөхтэйгээ ялгарамгүй хошин шог, реклам шигээ байдаггүй агуулгагүй кинонууд, нэгэн хэвийн нийтийн дууны концерт, гурван дууны ард гарч чадалгүй бичүүлсэн хоолойгоор үзэгчдээ хуурах "хамт лаг" ууд. Энэ мэтээс үзвэрүүд хэтрэхгүй.

"Хөгжиж байна, суралцаж байна. Чи өөрөө чадахгүй юм байж битгий шүүмжил" гэж үгүйсгэгчид өөрсдөө хөгжлийг нь удаашруулж, шүүмжийг царцаасаар. Хэдий хүртэл хөгжиж, алийн болгон суралцах билээ. Урлаг гэгч нийгмээс нэг алхам урд алхах учиртай болохоос зэрэгцэх нэрээр чирэгдээд явж болно гэж үү. Ядаж эхэлж гаргасан үзвэртэйй үзэгчдийн сэтгэл ханамжийн судалгааг хиймээр юмсан. Дараа нь дараагийнхаа уран бүтээлд орох учиртайсан.

Үнэхээр үзсэн үзвэртээ сэтгэл хангалуун бус гарч, үүнийгээ шүүмжилж буй нэгэн өөрөө кино хийж, дуу дуулж чадахгүй нь үнэн. Гэвч мэргэжлийг нь эзэмшиж, чадна гэж хийж, гол нь түүнээ үнэлж, худалдаж буй уран бүтээлчид чадахгүй байж болно гэж үү. Мэргэжлийнхний хийсэн бүтээлийг шүүмжилсэн мэргэжлийн бус үзэгч

Б.ШАРХҮҮ


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment