"Хурд"-ын Л.Отгонбаяр багш нарт хичээл заана
Багшийн мэргэжил дээшлүүлэх институт "Хөгжмийн боловсролын багш нарын мэргэжил дээшлүүлэх үндэсний сургалт"-ыг энэ гуравдугаар сарын 11-ээс 17-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Сургалтад ЕБС-д тав дахь жилдээ хөгжмийн боловсролын чиглэлээр ажиллаж байгаа багш нар хамрагдаж байгаа юм. Нийслэлийн дүүргүүдээс гадна Эрдэнэт, Сүхбаатар, Баян-Өлгий зэрэг орон нутгийн багш нарыг сургалтад оролцуулж буй. Засгийн газраас хэрэгжүүлж буй "Авьяас" хөтөлбөрт хөгжмийн боловсролыг хүүхдийн хөгжлийн нэг чухал хэсэг болгон заасан. Өмнө нь "Дуу хөгжим" гэж нэрлэдэг байсан хөгжмийн боловсролын хичээлийг дайвар хичээл мэт үздэг хандлага өөрчлөгдөж Ерөнхий боловсролын сургуулиын 1-9 дүгээр ангид заавал ордог голлох хичээлийн нэг болгоод байна. Дэлхий нийтээр хөгжмийн боловсролыг ерөнхий мэдлэгүүдээс илүүтэйгээр хүүхдийн хөгжилд нөлөөлдөг, хүүхдийг бие даасан үзэл бодолтой, чөлөөт сэтгэлгээтэй, хүнлэг хүн болгон төлөвшүүлдэг гэдгийг хэдийнэ хүлээн зөвшөөрчээ. Тиймээс Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулж буй тус сургалтын хөтөлбөрт боловсролын чанарын шинэчлэлийн бодлого, зорилт, багшлах арга зүй, хүүхэд бүрийн хөгжилд багшийн оролцоо, орчин үеийн технологиудыг хэрхэн хөгжмийн хичээл дээр хэрэглэх зэргийг арга зүйч нар зааварлаж байна. Сургалтын сүүлчийн өдрүүдэд танхимын сургалт дадлага хийнэ. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 52-р сургууль дээр сургагч багшаар ажиллаж буй "Хурд" хамтлагийн гитарчин Л.Отгонбаярын заах аргатай танилцах, Баянгол дүүргийн хөгжмийн боловсролын түшиц сургууль болох "Монгени"-ийн "Үндэсний хөгжмийн дугуйлан"-гийн сурагчидтай танилцах ажээ.
Д.СУРА
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
0 comments:
Post a Comment