Мягмар гараг Гуравдугаар сар 12, 12:27 pm
Дээд хүн суудлаа олохгүй бол доод хүн гүйдлээ олохгүй гэж юутай үнэн. Өдгөө Монголын томчууд уул уурхайн халууралд дагжин чичрээд юуг ч анзаарах сөхөөгүй болж орхиж. "Газар шороо минь" хэмээн цээжээ дэлддэг байсан иргэний хөдөлгөөний эх орончид ч таг.
Өнөөдрийн монголчууд биднийг зураглавал эрдэнэсийн авдрынхаа түлхүүрийг харийнхны хүзүүнд өлгөчихөөд авах аргаа хайж ядаж байгаа тийм л зураглал харагдах аж.
Их сангийн авдраа онгичуулах нь эргэлзээгүй болсон энэ үед эвсэж нэгдэх бус алт эрдэнэсээс нь ахиухан завших арга ухаан сүвэгчилж нам болон талцаж бас сэм хуйвалдаж авдрын ам онгойх тэр мөчийг амьсгаа даран хүлээцгээх нь инээдэмтэй бас эмгэнэлтэй.
Харах нүдний нь өмнө хатаж ширгэн сайр болон хувирч буй гол усыг хараад улстөрчид юу боддог бол. Хөрсийг нь хүчит техникээр хуулан овоолго болгон сандаачих мөчид газар шороо минь хэчнээн гаслантайгаар ёолон уйлдгийг тэд мэдэрдэг болов уу. Эрх биш монгол газар шороонд унасан юм болохоор их багаар мэдэрдэг л биз.
Гэхдээ тэдэнд мэдрэгдэх тэрхүү сүүмгэр мэдрэмж зуу зуугаар нь багцалсан "ногоонтой" сүлэлдээд алга болдог нь нууц яасан харамсалтай.
Сэндчүүлж, хуулуулж ухуулсандаа уурсан гасалж буй газар шороо, модыг нь огтолж тайрдас болгох агшинд нүцгэрсэндээ хилэгнэж буй уулс, юутай уйтай харагддаг гээч.
Газрын хөрс хөдөлж байна уу гэлтэй шоволзож асан тарвага, зээрийн сүрэг хаачив. Сайхан урамдахыг нь эхийн тухай дуундаа хүртэл мөнхрүүлсэн, уул хаданд хөг нэмж, монгол хүмүүний хийморийг сэргээдэг сүрлэг сайхан бугын сүрэг хаачив. Модноос модонд, мөчрөөс мөчирт дүүлэн тоглох өхөөрдөм хөөрхөн жирх, хэрэм, зурам хаачиж орхив оо.
Бид нэгэн цагт
….Тайгын нуруунд нь ан амьтан шивээлсэн
Талын тэнүүнд нь мал сүрэг налайсан
Тансаг жаргалыг хүн арддаа эдлүүлсэн
Талбиун нутаг минь сан эрдэнийн өлгий…
хэмээн дуулдаг байсан маань ч бас л түүх болон үлдэх нь.
Энэ л газар шороонд, тэр тусмаа захгүй говийн элч нөөлөгтэй хөрсөнд нь унаж хөл, хэлд орсон би хувьдаа харамсаж байна. Харамссаны минь төлөө бурхан намайг хайрлах, харж үзэх мөч ирнэ гэдэгт би хувьдаа бас итгэж байна. Харин хайр гамгүй огтолж сэндчиж, устгаж үгүй хийж наймаалцсан таныг цээрлүүлэх мөч ирэх нь дамжиггүй ээ.
Уг нь өвөг дээдсээс өвлүүлж бидэнд үлдээсэн, баялаг ихтэй уудам газар нутаг минь бид бүгдэд адил хамаатай. Урсгал усаар нь ундаалж, хөрсөн дээр нь хөл нүцгэн гүйж, уул хад тал хээр, элсэн толгод дээрээ тоглож өссөн бид л жинхэнэ эзэн нь. Бидний хойч үе энэ л газар нутагт үлдэнэ гэдгийг бид хэрхэвч умартаж болохгүй. Өвгөдийн үеэс өвлүүлж үлдээсэн баялгийг ухаалгаар, маргаашаа харж хүртээхгүй аваас баялаг бус балаг болж хувирах нь. Энэ баялгийг уралдан идэх үрж дуусгах гэж юунд яарна. "Баяжлаа гээд гурван хөнжил нөмөрч унтахгүй, цадлаа гээд гурван таваг хоол зэрэг идэхгүй" хүслээ хүслээ гээд хурааж цуглуулсан бүхнээ аваад авсанд орохгүйгээс хойш юунд тэгтлээ хэт шунана.
Хоцрогдсон дорой, арчаагүй бүдүүлэг хэмээн өөрсдийгөө голж, ядмаг сэтгэж байхад дэлхийд бид IQ-гээрээ айргийн тавд багтчихсан, "Чингисийн Монголын үеэс л IQ өндөртэй байсан" гэгдэж байна.
Гийчин хүнд эзний сэтгэл хэзээ ч байдаггүй шиг баялгаар минь хөлжиж баяжих шуналтай харийнханд эх нутгийг минь хайрлан хямгадах сэтгэл байх нь юу л бол. Хамтарч ажиллаж, харилцан ашигтай байх шаардлага буй аваас бид эзний сэтгэлээр, тэдэнд зочны ёсоор хүндэтгэлтэй хандаж "Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг" гэдгийг үзүүлмээр бодогдоно.
"Миний Монголын газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг" хэмээн Модун Шанью хаан тэртээ Хүннүгийн үед хэлсэнчлэн эх сайхан нутгийнхаа төлөө нүдээ нээж, ухаанаа хөвчлөх цаг болжээ.
Урсгал нь тасран амь тавьж буй гол мөрөн, харийн нутаг руу дайжин нисэх жигүүртэн, ухуулж төнхүүлж сэндчүүлсэн газар шороо, хяргагдаж зулгаагдсан ургамал эд бүгд уйлан гашуудаж өмөг түшиг эрж, биднээс өмгөөлөл хүсч байна.
Нүдээ нээж ухаанаа хөвчилцгөөе, монголчууд аа.
С.Цээл
-
Loading ... - Үзсэн 9
0 comments:
Post a Comment