Бөө мөргөлөөс болж 20-иод хүн "юм"-тай болжээ
28 минутын өмнө
"Хаврын хий чинь хөдлөө юу?", "Юмтай юм уу, хаашаа юм?" гэх үг урь орох цагаар илүү сонсогддог нь үнэн. Үнэхээр хавар, намрын улиралд сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүсийн зан төлөвт өөрчлөлт орж, сэтгэл санааны хувьд тогтворгүй болох, эрүүл хүмүүс ч стрессээс үүдэлтэйгээр сэтгэл гутралд өртөх нь нэмэгддэгийг шинжлэх ухаан аль хэдийнэ баталсан. Дэлхийн хэмжээнд 2005 онд бүртгэгдсэн нийт өвчлөлийн 10 хувийг сэтгэц, зан үйлийн эмгэг эзэлж байсан бол энэ тоо 2020 онд 15 хувь болж нэмэгдэх магадлалтай гэж ДЭМБ-аас тооцоолжээ.Мөн тус байгууллагын судалгаагаар манай улсад 628.000 хүн буюу нийт хүн амын 23.3% нь сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай, сэтгэцийн эмгэгтэй гэсэн тоо гарсан аж. Хөдөлмөрийн чадвараа алдсан нийт хүмүүсийн дотор сэтгэцийн эмгэгтэй хүмүүс 15 хувийг эзэлдэг бөгөөд өнгөрсөн оны байдлаар Монгол Улсад сэтгэц, зан үйлийн эмгэгтэй 22 мянга гаруй хүн сэтгэцийн эмчийн идэвхтэй хяналтад эмчлүүлсэн байна. Сүүлийн жилүүдэд нийгмийн стрессээс шалтгаалан сэтгэцийн өвчлөлтэй хүмүүс ихсэх хандлагатай байгаа талаар эрүүл мэндийн байгууллагууд мэдээлж байгаа юм.
Жил ирэх тусам сэтгэцийн өөрчлөлттэй хүний тоо нэмэгдэж буй шалтгаан нь бухимдал, сэтгэл санааны хямрал, тайван бус амьдралын хэмнэл зэрэг гэж үзэж байгаа аж. Сэтгэцийн өвчин дотроо олон хэлбэртэй байдаг бөгөөд тэр дундаас анхаарал татаж байгаа нэг зүйл бол 2011 оноос хойш бөө мөргөлтэй холбоотой сэтгэцийн өөрчлөлтөд орсон хүмүүс СЭМҮТ-д олноор хандах болсон явдал. Хаа таарсан газраа хуураа татаж, хэнгэргээ дэлдэн, архийг ус мэт залгилж, амьтан хүмүүсийг гайхашруулах болсон шашны энэ зан үйл Монголд сүүлийн хэдхэн жилд асар эрчимжсэн нь ийнхүү араасаа ийм асуудал дагуулав. Хэн дуртай нь бөө болдог болсон нь нууц биш. Энэ нь нэг төрлийн бизнес болчихоод байгаа ба амьдралын ямар нэг асуудал үүсэх, бие өвдөх үед бөөд хандсанаар "Бөөгийн угаа авахгүй болно үхнэ" гэж айлган нэг сая 500 мянгаас таван сая хүртэлх төгрөгөөр "бөө болгож" өгдөг болжээ. Онгод сахиусгүй, удам угшилгүй жирийн нэгэн ийм хэргэмийг хүртсэнээр нийгмээс тусгаарлагдаж, өөрчлөлтдөө дасахгүйн улмаас сэтгэцийн хүндрэлтэй асуудалтай нүүр тулдаг аж. Энэ тухай СЭМҮТ-ийн зөвлөх эмч Н.Отгон бидэнд ярьсан юм.
Түүнчлэн өнгөрсөн нэг жилийн хугацаанд л гэхэд бөө мөргөлтэй холбоотой сэтгэцийн өөрчлөлтөд орсон 20-иод хүн бүртгэгдсэн тухай ч мэдээлэв. "Хэдэн жилийн өмнө бол бидний ярьдгаар номын цагаан солио буюу хэт номын мөр хөөснөөс болж мэдрэлийн ядаргаанд орчихсон хүмүүс их ирдэг байсан бол сүүлийн хоёр жилд бөө мөргөлтэй холбоотой сэтгэцийн өвчлөлтэй хүмүүс ихэссэн" хэмээн тэрбээр хэлсэн юм. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment