Сэмжин чулуунд харагддаг хүний дүрс сүг зураг биш байв
Өчигдөр 15 цаг 12 минут
Дундговийн нутагт оршдог Их, Бага газрын чулууг мэдэхгүй монгол хүн бараг үгүй биз. Монголчуудын бахархал болсон үзэсгэлэнт газруудын нэг л дээ. Бараг өрөөд тавьчихсан мэт давхар, давхар хаднуудыг байгалийн бүтээл гэхээс өөрөөр яаж ч тайлбарлах билээ дээ. Үзсэн хүн хэсэг зуур ухаан нь орж гаран балартах шиг болдог гэхэд хилсдэхгүй л дээ. Хонин гүрвэл, хортой, хоргүй могой, элээ, тас гээд л жигүүртэн, мөлхөгчид хойгуур урдуур гүйлдээд, дээгүүр доогуур нисэлдээд эхлэхээр эхэндээ айдас төрөвч "Энэ бол миний нутгийн үзэсгэлэн" гэх бахархал зэрэгцэн, мөнөөх айдас, хүйдсийг сэтгэлээс нэг мөр ул мөргүй, үтэр түргэн үргээх бөлгөө. Америкийн кинонууд дээр үе, үе алдаг оног харагддаг хадан хясаа, ганга жалга үүний хажууд юу ч биш гэх агуу бодол сэтгэл зүрхийг эзэмддэг билээ.Бага газрын чулуунд очиж үзсэн хүн бол бараг гадарлана даа. Сунаж тогтсон их чулуу төгсөхийн даваан дээр цуварсан хэсэг хад руу ордоггүй юү. Тэр хавьд зориуд авчираад тавьсан мэт хэсэг цэгээн сэмжин, хавтгай хад байдаг билээ. Тэднийг нутгийнхан "Толин чулуу" гэх бөлгөө. "Налаад суудаг толин чулуунд найз минь чи харагдаад байх юм аа" гээд нэгэн дуунд гардаг даа. Тэр дуунд гардаг толин чулуу болохыг ч үгүйсгэх аргагүй билээ. Тэгэхдээ тэр дайны толин чулуу Монголд ёстой хог шиг болохоор бас өөр чулуу ч байж болно. Сэмжин чулууны нэгэн дээр алсаас тодрон харагддаг хүний дүрс харагддаг болсоор багагүй удаж байгаа юм. Өмнө нь хэн нэгэн, хүмүүс ер нь анзаараагүй байж мэднэ л дээ.
Байгалийн л бүтээл юм болохоор байсан ч байж мэдэх. Хамгийн анх нутгийн ардууд анзаарснаас болоод ерээд оны дундуур ёстой сенсааци тариад тун удалгүй намжчихсан юм. Одоо бараг жирийн үзэгдэл болсон уу, тэр талаар таг мартсан уу, ярихаа бараг байжээ.
Дундговийн эмнэлгийнхэн нэгэн намрын зугаалгаа тэнд хийхээр болж л дээ. 1996 он шиг санагдана. Нэгэн танил эмч маань энэ талаар их л хожуу ярьсан юм. Уншигчдадаа нэг хүргье гэж бодсоор яваад өнөөг хүрсэн нь миний ч буруу мэт санагдсаныг нуух юун. Тэд бага үдийн алдад Бага газрын чулууны төгсгөлд дөхөж ирсэн байгаа юм. Тэгтэл хамаг хэрэг мандахгүй юү. Нэгэн адтай сувилагч бүсгүй "Тэр юү вэ?" гээд гэнэт хашгирч л дээ. Заасан чигийг нь дагуулаад харцгаалгүй яахав. Тэгтэл яг тэр нэгэн сэмжин чулуун дээр нуруугаа үүрсэн хүний дүрс харагдсан байна. Аялагчид дуу шуу ороод ирэлгүй яахав. Ингээд л буг чөтгөр, биет хүн, ер нь юу болохыг нь таасан нэг ёсны мэтгэлцээнт таавар өрнөж орхижээ. Зугаалгын багийг ахлаж явсан залуухан эмч "Сүг зураг л байхгүй юу даа. Очихоор аяндаа танигдана вий" хэмээжээ. Арай тулхтай өвгөн жолооч "Хм, Их, Бага газрын чулууны адагт сүг зураг байдаг гэж сонсоо ч үгүй. Насаараа л үүгээр явлаа даа. Өмнө нь ийм зүйл харж байсангүй" гээд дуугаа хураачихжээ. Үзсэн хүмүүсийн сэтгэл хөдлөснөөс тэр үү, үзэгдсэн дүрс баруун зүг алхаад байх шиг тов тодорхой харагджээ. Бүр дээлээ сугалдаргалсан дунд хэрийн насны эр хүн нуруугаа үүрэн, исгэрэн явах лугаа харагдсан гэж байгаа. Ер нь зурагт үзэж байгаа юм шиг сэтгэл төрсөн ч гэх. Иймэрхүү сонин зүйл харсан зугаалгынхан бүр сэргэж орхисон байна. Зарим нь бүр хээгээ бараад тоглоом, тохуу ч хийжээ. "Адуучин Баатар л байна ш дээ. Биш ээ, архичин Батаа л байхгүй юү. Мань хүн шараа тайлах юм хайхаараа нэг ингээд явж байдаг биз дээ?" гэж ирээд л амандаа орсныг бурцгаалгүй хаачихав. Гэгээн цагаан өдөр тул айгаагүй байна л даа. Тэгээд л тоглоцгоож явсан хэрэг.
Тоглоом тоотой нь дээр гэдэг шиг төдөлгүй дэргэд нь шахуу хүрээд иртэл өнөө хүн алга болчихжээ. Бас л бүгд дуу алдацгаасан байгаа юм. Тэгэхээс ч яах билээ. Гоё нэвтрүүлэг юм уу кино үзэж байхад цахилгаан тасарч, зурагт унтрахаар яадаг билээ дээ. Яг тийм юм болжээ. Аялагчид яг дэргэд нь ирээд бууцгаажээ. Нэг л сайхан өөхөн цайвар, сэмжин цэгээн хад байхаас өөр юу ч үзэгдээгүй байна. Зарим нь бүр ханцуйгаараа өнөөх чулууг арчиж зогссон гэнэ билээ. Залхуухан эр зурагтынхаа дэлгэцийн тоосыг гарт таарснаараа нэг шудардаг даа. Тийм л юм тохиожээ. Ямар ч байсан ахлаач эмчийн хэлсэн "Сүг зураг биш болох нь тодров. Өвгөн жолооч үнэн хэлжээ. Яаж ч бодсон ямар юмных нь сүг зураг байх билээ. Тийм бол аль хэдийнэ олны танил, мэддэг зүйл болчихолгүй яав гэж. Ядаж л ном, сонинд хэвлэгдэнэ. Радио, телевизээр ганц боловч гардаг юм байгаа биз дээ? Бид мэдэхгүй байхыг бодоход тэнд яавч сүг зураг байж таарахгүй юм. Баахан алмайрч, гайхаж зогссон зугаалгынхан гэр орноо ч босгоод, гал хөсөө ч түлээд, зугаалгаа жинхэнэ ёсоор нь эхэлсэн байна. Хэрэгт дуртай залуус л өнөөхийг ажин, барин "Бүжгийн талбайгаа энд засаад, толин чулуунд тустал бүжиглэнэ дээ. Юмыг яаж мэдэхэв. Дараа ирэхдээ өөрсдийгөө ч харах ч юм бил үү" гэх зэргээр хөөрцөглөцгөөжээ. Хаа очиж тэр тун магадлалтай байсан гэдэг. Тэр хавиар явж байгаад тэрхүү чулуунд өртсөн, туссан зүйл түр хийгээд бүр хадгалагддаг байхыг үгүйсгэх аргагүй байжээ. Тэгтэл тийм биш нь ч батлагдсан байна. Зугаалгынхан үүр цайтал ууж идэж, дуулж бүжиглэсэн агаад тэр хооронд юу ч анзаарагдаагүй аж.
Тэгэхээр цаг агаар, цаг хугацаанаас хамаардаг эд болох нь тодорхой юм. Маргааш нь өглөөний хоол цайгаа уун, бас ч гэж дуулж хуурдан байгаад явцгаах болсон байна. Сайхан цэлмэг өдөр тохиосон гэдэг. Ачаа бараагаа хамж хумиад санд мэнд, ундуу сундуй гарцгааж л дээ. Харин буцаж явахдаа тэр талаар түр мартагнасан байгаа юм. Өглөө нь дотроо халаачихсан, тэгээд ч тэр дүрс нэгэнт алга болсон болохоор тэгсхийгээд мартагнаж орхихгүй юү. Нэлээд холдож явтал нэг нөхөр байсан газрынхаа ойролцоохь хадны ёроолд барьж явсан зургийн аппаратаа тавиад тэр чигтээ мартаж орхисноо санажээ. "Хүүе хаая, буцъя барья" болж л дээ. "Өө, ийм хол явчихаад байхад санахдаа яадаг юм. Өдөр унасан мах авахгүй" гээд зарим нь төвөгшөөсөн юм байх. Яг энэ үед нэг залуу эргэж хараад "Пөөх, өнөө хүн чинь гараад иржээ" хэмээн хашгирчээ. Бүгд эргэж харвал нуруугаа үүрч, дээлээ сугалдаргалсан эр алхаж өгч байна гэнэ. Бас л бөөн шуугиан дэгдэхгүй юү. Ингээд хүний үнэтэй, цэнэтэй юмыг орхилтой биш буцаад давхисан байна. Очин очтол өнөө хүн байснаа тун ойртоод очиход алга болжээ. Түүнээс болоод бас нэг яриа гарав. Чулуунд туссан болгон хадгалагддаггүй бололтой. Тэгдэг байсан бол одоо бид л гарч байхгүй юү. Байгалийн үзэгдэл нь баараггүй юм байна. Нарлаг сайхан өдөр ажиглагддаг нь гарцаагүй боллоо. "Харин чухам яагаад ганцхан энэ дүрс гэж?" гэдэг асуулт л хариугаа хүлээн үлдсэн байгаа юм. Шинжлэхүй ухаан, шашин хоёрын аль аль нь ч бүрэн гүйцэд хариулж, тайлж чадаагүй зүйл энэ хорвоод бишгүйг л харин нэг хэлээд байна бус уу? Ёстой л чөтгөр, шулмасаас өөрөөр хэрхэн тайлбарлах билээ. Тэр хавьд хүн амьтан эндэж барьсан гэх яриа, баримт олдоогүй болохоор сүнс, сүлдтэй холбох арга олдоогүй бололтой юм билээ. Сэмжин хаданд тусдаг хүний дүрс одоо ч байдаг газраа бий гэнэ билээ. Харин тунгалаг сайхан өдөр харагддаг юм гэсэн шүү.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment