"Роснефть"-ийн ерөнхийлөгчийн айлчлалаас иргэд үр дүн хүлээж байна
53 минутын өмнө
Өчигдөр "Роснефть" компанийн ерөнхийлөгч И.И.Сечин Монголд иржээ. Тэрбээр гурван өдрийн айлчлал хийх бөгөөд энэ айлчлалын үр дүнг шатахуун импортлогчид боломжийн үнэ, хангалттай импорт гэдэг байдлаар харж байгаа нь тодорхой юм. Манай улс ОХУ-аас жилд 1,0 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлохоор болж байгаа аж. Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар энэхүү хэлцлийг хийсэн бөгөөд ОХУ-аас БНХАУ руу экспортлож буй түүхий нефтийн тодорхой хэсгийг манай улсаар дамжуулан төмөр замаар тээвэрлэж байсан үйл ажиллагааг дахин сэргэнэ гэдэгт найдаж байгаа талаар уулзалтын үеэр дурджээ.Монгол, Орос улс хамтарч Асгатын мөнгөний ордыг ашиглах бие даасан хамтарсан компани байгуулах, технологийн туршилт болон технологийн сонголт хийх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгааг мөн онцлон тэмдэглэв. Энэ ордыг эргэлтэд оруулах шийдвэр дээр дурдсан Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаас гарсан байдаг. Мөн Монгол Улсын Засгийн газраас уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг 100 хувийн төрийн өмчийн "Эрдэнэс МГЛ" ХХК-д нэгтгэн зохион байгуулах, корпорацийн хэлбэрээр ажиллуулах, компанийн засаглалыг сайжруулж, бие даасан хараат бус мэргэжлийн удирдлагаар хангах, яваандаа нээлттэй компанийн хэлбэрт шилжүүлэх бодлого баримталж байгаа талаар ярьж, энэ шийдвэртэй холбогдуулан Монгол-Оросын хамтарсан "Эрдэнэт үйлдвэр" ХК-ийн Монголын талын төрийн өмчийн төлөөллийг "Эрдэнэс МГЛ" ХХК хэрэгжүүлэх болсон талаар танилцуулав.
Хамгийн гол нь, Монгол Улс одоогоор "Роснефть"-иэс хамгийн бага шатахуун импортлодог. Энэ импортын хэмжээг өсгөж, үнийн хувьд уян хатан болгохын тулд цаашдаа газрын тосны бүтээгдэхүүнийг хоолойгоор нийлүүлэх талаар урт хугацааны гэрээ байгуулах шаардлагатай байгаа талаар ярилцлаа. Үнэ ханшийг тодорхой түвшинд яриагүй ч оросууд газрын тосныхоо оронд Монголоос уул уурхайн салбарт хамтран ажиллахыг хүсч байгаа санаархлаа нуусангүй. Ямартай ч айлчлалын үр дүн одоогоор гараагүй байна.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment