"UB Town" хотхоны бохирын хоолойг Нийслэлийн төсвөөс мөнгө гаргаж засчээ
1 цаг 19 минутын өмнө
"УБ таун" гэх энэ хотхон нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутагт, Туул голын гудамжинд байрладаг. "УБ таун" хотхоныг "Өндөр буянт" холдинг компани барьсан бөгөөд компанийн захирал Н.Төмөрхүү нь 2012 оны УИХ-ын сонгуулиар МАН-аас Өвөрхангай аймагт нэр дэвшиж байсан юм. Тэрбээр хотын дарга асан Ц.Батбаяртай маш дотны найз нөхдийн холбоотой, үүгээрээ дамжуулан чийрэгжүүлэлтийн кабинет барих нэрийдлээр "Оргил" рашаан сувиллын хашаанд 2 га газар авч энэ газар дээрээ "УБ таун" орон сууцны хорооллыг сүндэрлүүлсэн байдаг. Энэ газрыг хотын захирагч асан Ц.Батбаяр өөрийн гарын үсгээр олгосон баримт одоо Архивын газарт хадгалагдаж байгаа юм.Энэ хотхонд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүүхдүүд амьдардаг. 1-5 давхар барилга барих төлөвлөгөө батлуулж, дараа нь 9-12 давхар барилга барьсан энэ хотхонд хоногт 2700 шоо метр ус хэрэглэнэ гэсэн тооцоо нь хоёр дахин давсан хэрэглээтэй болсон. Үүнийхээ дээрээс бохир шахагч насос нь эвдэрч Сар шинийн баяраар хотхоны бохирын ус нь халиад түүнээс хойш сар гаруйн хугацаа өнгөрсөн ч шугам сүлжээний ажлыг гүйцэтгэсэн "Боорчи" компани руу гүйцэтгэгч "Өндөр буянт" компани бурууг чихэж, хариуцлага хүлээх эзэн олдохгүй, эцэстээ Нийслэлийн төсвөөс 15 сая төгрөг гаргаж засварын ажлыг хийж гүйцэтгэжээ.
Нэг талдаа Ерөнхийлөгчийн хүүхдүүд амьдардаг гэсэн долигонол, нөгөө талдаа хийсэн ажилдаа хариуцлага хүлээдэггүй, хуулиас давсан эрх мэдэлтэй компаниудыг давраасан үйлдэл гэж харагдаж байгаа юм. Мөн энд төрийн байгууллагын хариуцлагын асуудал сөхөгдөнө. Тухайн үед барилгын гүйцэтгэгчээр "Өндөр Буянт", "Боорчи" ХХК ажиллаж байх үед чанарын шаардлага хангаагүй шугам сүлжээтэй байхад нь Улсын комисс хүлээж авсан, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар хяналт тавьж ажилласан, эдгээр газрууд ажлаа муу хийсний нэг үр дүн энд харагдаж байна.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment