Friday, July 25, 2014

Израиль Моссад болон тусгай үүрэг гүйцэтгэх хүчний түүх-III

Израиль Моссад болон тусгай үүрэг гүйцэтгэх хүчний түүх-III

29 минутын өмнө

Үргэлжлэл. Өмнөхийг ЭНДЭЭС...

04-р сарын 10-ны өглөө Жанжин штабын дарга Давид Элазар Хайфа хотоос холгүй байрладаг тэнгисийн десантын цэргийн ангараас Баракийн удирдсан дайчдыг гаргаж өгөв. Дайчдад өгөх сүүлчийн зааварчлагааг усан онгоцны зогсоол дээр өгчээ. Зогсоол дээр тэднийг шумбагч бөмбөг тээвэрлэгч завь хүлээж байв. Элазар "Командос"-ын бүх дайчдыг анхааралтай ажиглаж хараад энэхүү ажиллагаа улс эх орны хувьд онцгой чухал ач холбогдолтой талаар, мөн маш болгоомжтой байх хэрэгтэй гэдгийг хэлээд хэсэг зуур дуугүй байснаа намуун дуугаар:
- Тэр новшнуудыг алаад энх тунх эргэж ирцгээгээрэй! гэв.
Ажиллагааг Бригадын генерал Шакед удирдан явуулжээ. Түүний тушаалаар Хайфа хотын усан бүсээс есөн катер баруун зүг руу чиглэн хөдлөв. Үдэш гэхэд торпед тээвэрлэгч катерууд Израилийн Тэнгисийн цэргийн флотын байлдааны усан онгоцны нэгтгэлд нэгдэн үүр шөнөөр Бейрут хотыг чиглэв...
Байндаа ойртож очоод тусгайгийнхан хоёр хэсэг болж хуваагдан гол хүч байрлаж байсан торпед тээвэрлэгч "Херев", "Эйлат", "Магшев" катерууд Бейрут хотын Тагтаат эргийн зүг эргэж, тэнгисийн "Командос"-ын дайчид байрандаа үлдэн резинэн завиар эрэгт гарах бэлтгэлээ хангаж эхлэв.

Шөнө дундын орчим "Моссад"-ын тагнуулчдын түрээслэж авсан долоон хөнгөн тэрэг Тагтаат эргийн орчим бие биенээсээ зайдуу таран зогсчээ. Эрэг дээр өөрийгөө ихэд нууцласан "Моссад"-ын ажилтан машинууд байрандаа байгаа гэсэн дохио өгөв. Үүний өмнө энэхүү нууц байгууллагын ажилтнууд Палестиныг чөлөөлөх ардын фронтын удирдлага амьдардаг Верден гудамжин дахь нөхцөл байдлыг дахин нэг шалгажээ. Хэдийгээр нүдэнд сэжиг бүхий зүйл харагдаагүй ч "Моссад"-ын ажилтнууд зөн совингоороо ямар нэг өөрчлөлт ороод буйг мэдэрсэн байлаа. Эрэг дээр машинаа байрлуулахдаа Ливаны армийн хилийн цэргийн анги салбаруудын хөдөлгөөн эрчимжсэнийг анзаарав.
Тусгайгийн 10 дайчин резинэн завиар ямар ч чимээ гаргалгүй эрэгт дөхнө. Хүн бүр өөр өөрийн гэсэн хүлээсэн үүрэгтэй. Түрээслэж авсан гурван машин Баракийн багийг хүлээж байв. Өөр дөрвөн машин Липкин-Шахакийн багийг хүлээнэ. Машинуудыг "Моссад"-ын ажилтнууд жолоодох аж.
Эрэг дээр сэм гарч ирсэн Барак эргэн тойрноо ажиглан, сэжиг төрүүлэх зүйлгүй байсан тул эхэлж тааралдсан "Бьюик скайларк" загварын машинд жолоочийн хажууд хурдхан суув. Түүний араас тусгайгийн дөрвөн дайчин суужээ. Бусдын анхааралд өртөж, сэжиг төрүүлэхгүйн тулд "Бьюик" аажим хөдлөв. Түүний араас нэлээд зайтай Израилийн "Командос"-ын дайчид суусан бусад хоёр машин явна.
Гэтэл "Бьюик"-ийн жолооны ард сууж байсан "Моссад"-ын багийн ахлагч Баракт хандан нам дуугаар:
- Дөнгөж сая ажиллагаа явуулах газраас холгүй очоод ирлээ. Миний санаа зовоод байна...
- Юунд зовоод байгаа юм?
- Цагдаагийн дэндүү олон машин байна.
- Ердийн үед цөөн байдаг юм уу?
- Хамаагүй бага байдаг. Ажиллагаа явуулах газраас 200 метрийн зайд цагдаагийн хэсэг байдгийг мэднэ биз дээ?
- Мэднэ.
- Тэнд дүрэмт хувцастай нэг хүн өглөөнөөс хойш түнтэгнээд байгаа юм. Яг гудамжны эхэнд. Тиймээс бид төлөвлөж байснаас өөр газар, түүнээс 100 метр зайтай зогсоё. Энэ нь төлөвлөгөөг өөрчилж байгаа хэрэг гэдгийг чи ойлгож байгаа биз ээ. Тэгэхээр чи л шийд гарга даа...
Барак уруулаа хазлав. Дүрэм ёсоор бол тэр ажиллагааг удирдах штабтай яаралтай холбоо барьж, нөхцөл байдалд гарсан өөрчлөлтийн тухай мэдэгдэх ёстой байв.
- Явъя! гэж Барак хэлэв.

Машинууд Бейрут хотын ихээхэн нэр хүндтэй, тансагт тооцогдох Суан дүүрэгт хүрч очлоо. Гял цал болсон өндөр үнэтэй машинууд нэг дор олноороо цугларсан, ганган хээнцэр хувцастай амар амгалан, баяр цэнгэлээр бялхсан хэсэг бүлэг хүмүүсээр дүүрэн гудамжийг хараад тусгайгийнхан үнэхээр алмайрсан ч "Командос"-ынхны сэтгэл хөдлөв.
Тэгтэл "Моссад"-ын ажилтан намуун дуугаар:
- Нөгөөдүүл чинь тэр байна! гэж Баракт хэлээд тэдний өмнө 300-гаад метрийн зайд буй цагдаагийн машин руу заав.
- Очих газар руу хүрэх өөр гудамж бий юу? гэж Барак асуув.
- Байхгүй.
Гэрлэн дохионд дөхөж очоод улаан гэрэлд боогдон зогсоход хэдэн хором бодох боломж олдов. Нэг бол буцах, нэг бол цагдаагийн эргүүлийн машин руу чиглэн явах байлаа...
Гэрлэн дохионы шар гэрэл асав. "Моссад"-ын ажилтан Барак руу харжээ.
- Чигээрээ яв! гэж тусгайгийн дарга урагш харсаар хэлэв. - Бүх зүйл амжилттай болно оо...
Америк машинд инээж ханиасан, будаг шунх болсон хүүхнүүд залуучуудынхаа хамт байхыг карабин буу агссан цагдаагийн ажилтан хараад тоолгүй өнгөрүүлэв...

"Бьюик" машин Верден гудамжинд байх нэгэн байшингийн дэргэд очиж зогсов. Машинаас эхлээд Муки Бецер бууж, жинхэнэ жентельмэн байдлаар урд талын хаалгыг онгойлгоод "бүсгүйгээ" тосч машинаас буулгав. Барак аальгүй байдлаар шаравтар сортой хар үсээ засаад сунгасан алган дээр нь гараа тавьж, машинаас хөнгөхөөн үсэрч буугаад "залуугийнхаа" өөдөөс ялдамхан инээмсэглэв.
- Явъя, хайрт минь! гэж Бецер англиар хэлээд Баракийн мөрөөр тэврэн, - Энэ хот надад Парисыг санагдуулдаг юм гэв.
Тусгайгийнхан зугаалж, цэнгэж байгаа гадаадын жуулчдын дүр эсгэсээр Верден гудамжаар урагш алхахдаа өөдөөс нь ирж яваа зэвсэг агссан цагдаагийн хоёр ажилтанг олж харав.
- Чигээрээ яв. Замаа битгий бууруул. Тэд бидэнд зам тавьж өгөх ёстой хэмээн Бецер эгц харсан хэвээр Баракт шивнэлээ. Үнэхээр ч цагдаа нар зам тавьж гадаадынхныг өнгөрүүлэв. Нэг нь Бецерыг мөрөөрөө хөнгөн шүргэчихээд бүр уучлал хүсчээ.
Хэдэн хормын дараа тэд Бецерын "үйлчлүүлэгч" амьдардаг байшингийн шилэн хаалганд тулж очив. Хурц гэрэл бүхий хүлээн авах том өрөө нь хүнгүй, хамгаалалтынхан байсангүй, хаалга нь ч дотроосоо цоожлоогүй байлаа. Баракийг үүдэнд орхиод Бецер хаалгыг түлхэж нээгээд том өрөөг тайван гэгч нь нэвт алхаад шатаар өгсөв. Хэдэн секундын дараа багийн бусад гишүүд түүний араас шатаар өгслөө. Үүдэн дээр бараан үстэй "бүсгүй" Баракийн найз хүүхний дүрээр намирсан цагаан өнгийн хиймэл үс зүүсэн Амрам Лавин нар үлдэв.

Яг тэр үеэр гудамжны эсрэг талын явган хүний замын дэргэд зогссон улаан өнгийн "Дофин" маркийн машинаас хүрэн савхин цувтай залуу буун гудамж хөндлөн алхав. Тэрбээр халааснаасаа гар буу гаргаж байхыг Барак нүднийхээ булангаар хараад, ямар нэг хэргээр үүдний өрөөнд байх ёстой харуулынхаа байрыг орхин гарсан бие хамгаалагч байна гэж боджээ. Барак бэлтгэлтэй байх дохиог Лавинд өгөв. Бие хамгаалагч ойртож ирэнгүүт хоёр "бүсгүй" их л чухал байдалтай гадуур хувцасныхаа энгэрийг ярж буу гаргаад түүн рүү гал нээв.
Цээжинд нь хоёр сум зоогдсон бие хамгаалагч цусаа асгаруулан машин руугаа гүйлээ. Араас нь хэдэн удаа буудав. Палестин эр ямар ч байсан зам хөндлөн гарч замын чулуун хашлаганы араар орж дөнгөв. Тусгайгийнхны тэнэсэн суманд оногдсон зам дээр зогсож байсан машины дохиолол дуугарав. Тэр даруй уг гудамжинд хулгайчаас хамгаалсан дуут дохиолол нэлэнхүйдээ чарлав. Цаг 01.29 болж байлаа.
Дуут дохиоллын чарлах дуун ажиллагааны гэнэдүүлэлтийн нөлөөг алдагдуулав. Энэ мөчөөс эхлэн шуурхай бөгөөд туйлын болгоомжтой ажиллах хэрэгтэй боллоо гэдгийг Барак ойлгов. Тэрбээр Лавиныг үүдэнд үлдээгээд залуучуудтайгаа нийлэх гэж хүлээлгийн том өрөө рүү цөмрөн орж, улмаар террористуудын амьдарч байсан байрны хоёр хаалганы өмнөх шатны тавцан дээр байраа эзлэв. Тэр үеэр Муки Бецер гурван гишгүүр алгасан байж шат өгсөн нисэх мэт гүйнэ. Түүний араас Лони, Йони Нетаньяху, Цвика Л нар гүйнэ. Тэд Абу-Юсефын хаалганд тулж очоод холбооны хэрэгслээр гурван удаа дохио өгч Баракт мэдэгдэв.

Даргынхаа хариу таван удаа дохио өгөхийг хүлээсэн тэрхэн мөч Бецерт мөнх үргэлжлэх мэт удаан санагджээ. Таван удаагийн дохиогоор ажиллагаа эхлэх ёстой байв. Бецер хаалганы дор жижигхэн төхөөрөмж тавиад, гараараа дохин нөхдийгөө холдуулсны эцэст алсын удирдлагын товчлуурыг дарав...
Тусгайгийнханд олдсон мэдээллээр бол Абу-Юсеф байрны зүүн жигүүрт байрлах зочны өрөөнд байх ёстой. Дэлбэрэлтийн хүч палестин эрийг тэвдүүлсэн бололтой. Тэрбээр тэсрэлтийн чимээ гарсан газар руу унтлагын хувцастайгаа гүйн ирж, хаалганы завсраар хэдэн хүн байхыг харангуутаа ямар хүмүүс өөр дээр нь "зочилж" буйг тэр даруй ойлгов.
Палестин эр байдлыг ухаарахаас өмнө амжиж Йони Нетаньяху ойрхон зайнаас Абу-Юсеф руу буудлаа. Нөгөөх нь татганаж, ардаа байсан бичгийн ширээ рүү гараа сарвайв. Ширээний нүдэнд гар буу байжээ. Тэр мөчид өрөөнд Абу-Юсефын эхнэр гүйн орж ирэв. Юу болж байгааг тэр даруй ойлгоод тэрбээр чоно мэт шүдээ ярзайлган Йони руу дайрсан боловч мөрөндөө сум зоолгожээ. Цусаа дуслуулсан Абу-Юсеф нэг юм орилоод хивсэн дээр үхэдхийн унав.
Машинуудын дохиоллын чарлах дуун, буудалцааны чимээ ажиллагаа явагдаж байгаа газраас 200 метрийн зайд орших Ливаны цагдаагийн хэсэгт сонсогдов. Хэсгээс нь холгүй ФАТХ-ын удирдагчид амьдардгийг мэдэх жижүүрийн офицер тэр газар руу "Лэнд Ровер" машинаар зургаан цагдааг даруй явуулав.

Халдалтаас халхлах үүрэгтэйгээр байшингийн хаалган дээр зогсож байсан Амирам Лавин, Дов Бар, тэдэн рүү бууж ирсэн Барак нар жийп машин ойртон ирж байгааг хараад машин руу гал нээлээ. Тэр мөчид ажиллагаанд оролцож байсан доктор Шмуэль Кац тэдэнтэй нийлэв. "Лэнд Ровер" замаасаа хазайж, замын хажууд зогсож байсан машиныг мөргөлөө. Нахманигийн баг хоёрдугаар давхарт буй Камаль Аднаны гэр рүү тэмүүлэв. Тэд хаалгыг нь эвдэж, гэрт нь цөмрөн орсон Нахман гартаа гар буу барьсан Аднантай тулгарчээ. Аднан хэдэн сум тавиад цонх руу тэмүүлсэн боловч Нахманы мэргэн суманд өртөж шалан дээр тэрийн уналаа.
Яг тэр мөчид Камаль Насер уг байшингийн 4-р давхарт байрладаг гэртээ бичгийн ширээний ард сууж, хоёр хоногийн дараа ФАТХ-ын Зөвлөлийн хурал дээр тавих илтгэлээ бичиж байжээ. Баракийн бүлгийн хамгийн залуу дайчин Цвинка палестин эрийн хэн болохыг тэр дор нь таньж, биед нь буугаа тулгаж байгаад хоёр удаа буудав.
Гадаа гудамжинд байдал хурцдаж байлаа. Буудалцааны чимээ гарсан газар руу Ливаны цагдаа нартай бас нэг жийп ирсэн нь тусгайгийнхны ширүүн галд өртөв.
Тэр хооронд ажиллагаанд оролцсон бусад дайчид доод давхарт бууж ирцгээжээ. Төлөвлөгөө ёсоор "Моссад"-ын ажилтнуудын жолоодсон түрээсийн машинууд орцны үүдэнд ирж зогсов. Тусгайгийн дайчин машинууд руу үсрэн орж, бараг тэр даруй дүүрэн цагдаа суусан цагдаагийн эргүүлийн гурав дахь "Лэнд Ровер" байшин руу ирж явааг харцгаав.
Барак саатаж болохгүй, даруй усан боомт руу явахыг тушаажээ. Ажиллагаа явагдсан газар дээр ганцхан машин үлдсэн байв. Барак Муки Бецер, Йони Нетаньяху, бас нэг дайчны хамт машинаасаа үсрэн бууж, ойртон ирж буй жийп рүү гал нээлээ. "Лэнд Ровер" хурдаа саагаад зогсов. Бецер жийп руу гранат шиджээ. Тэгээд тусгайгийнхан мөч алдалгүй машиндаа сууж, урагш Бейрут хотын далайн эргийн гудамж руу чиглэн давхив.

Ажиллагаанд оролцсон багийнхан цуглах газраа эргэж ирээд, Барак ажиллагааг ямар нэг хохиролгүй гүйцэтгэсэн тухайгаа удирдлагадаа илтгэв. Баракаас илтгэл хүлээж авсан Шакедын санаа амарч, санаа алдаад Бейрутын ажиллагааны хоёр дахь шатыг эхлүүлэх тушаалыг өглөө.
Шөнийн 01.34 цагт буюу ФАТХ-ын удирдагчдыг устгаснаас дөрвөн минутын дараа Амнон Липкин-Шахазийн удирдсан тэнгисийн явган цэргийн хэсэг дайчид Палестиныг чөлөөлөх ардын фронт байгууллагын төв штаб байрлаж байсан орон сууцны байранд ойртон очив. Толгойн хэсэгт ажиллагааг удирдах даргын хамт өөр гурван дайчин байлаа. Жийнсэн өмд, эрээн мяраан цамц өмссөн, дуу бууруулагчтай гар буугаар зэвсэглэсэн тэнгисийн явган цэргийн дайчид Шакедын тушаалаар байшинд дөхөн очжээ. Гэтэл гэнэтийн нөхцөл байдал үүсэв. Урд нь явж байсан Авида, Хагай нар гэнэт штабын хамгаалалтын хоёр палестин залуутай тулгарлаа.
Хамгаалалтынхан сөхөө аван автоматаа шууд биед нь тулгаж байгаад шүршив. Авида газар дээрээ нас барж, Хагай хүнд шархадсаны улмаас бас нас баржээ. Буун дуу штабын олон тооны хүнтэй хамгаалалтын албаны хүмүүсийг хөл дээр нь босгов. Израильчууд руу автоматаар ширүүн гал нээжээ.
Гэнэдүүлэн довтлох төлөвлөгөө нурлаа гэдгийг ойлгосон Липкин-Шахак нөөц төлөвлөгөөндөө шилжин оров. Байшингийн суурь багануудын сууринд маш хүчтэй дэлбэрэх бодис бэхлэжээ. Хэдхэн мөчийн дараа Бейрут хот асар хүчтэй дэлбэрэлтээс болж цочирдов. Террористуудын удирдлагын төв, түүн дотор байсан хэдэн арван дайчдыг устгалаа.  Ажиллагаа дууссаны дараа тэнгисийн явган цэргийнхэн далайн эрэг рүү эргэн яаравчлав. Тэднийг Баракийн тусгайгийнхан хүлээж байлаа...

Үргэлжлэл бий…
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment