Жирэмсэн эмэгтэйчүүдийн 24 хувь нь хүүхдээсээ татгалздаг
13 минутын өмнө
Эмэгтэйчүүд нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудлаа өөрөө хянан зохицуулснаар амьдралаа хүссэнээрээ төлөвлөх, амьдралдаа сэтгэл хангалуун байх боломжийг бүрдүүлж чадна. Гэтэл нийт жирэмслэлтийн тал шахам хувь нь хүсээгүй жирэмслэлтэд тооцогддогийн дээр 24 хувь нь үр хөндөлтөөр төгсдөг байна. Өөрөөр хэлбэл, хүсээгүй жирэмсэлсэн эмэгтэйчүүдийн тал нь хүүхдээ төрүүлж үлдсэн тал нь авахуулдаг байх нь.Мэдээж үр хөндөлтөд хүргэж байгаа шалтгаан олон янз. Эх, хүүхдийн эрүүл мэндийн байдлаас болж үр хөндөлт хийлгүүлж байгаа бол хүндэтгэн үзэж болох ч "хүсээгүй хүүхэд" гэх ганцхан үгээр далдалж санхүүгийн боломжгүй, нас залуу, эцэггүй гэх мэт түмэн шалтгаанаар халхавчлан үр хөндөлт хийлгэх явдал улам бүр нэмэгдэж байна.
"Хүй нэгдлийн үед амьдарч байгаа биш, хамгаалах өчнөөн арга байхад" хэмээн үр хөндүүлэх гэж байгаа нэгнийг хараад толгой сэгсэрч байснаа хожим нь "Эмэгтэй хүний амьдралд байдаг л зүйлийн нэг юм байна" гэж хүлээн зөвшөөрөөд өөрөө бас ийм замыг сонгосон эмэгтэй олон бий. Амьдралын боломж тааруу, өдөр хоногийг аргацааж ядаж байгаагаа гайхчихаад бараг л сардаа нэг хүүхэд 80-120 мянгаар "авахуулдаг" эмэгтэйчүүд ч бий. Уг нь хамгаалах арга хэрэгсэл манайд нэвтэрсэн нь л гэхэд гучаад бийн дээр, хамгийн нийтлэг хэрэглэгддэг арга болох ерөндөгийн үнэ нь гуч гаруйхан мянга.
Ийм нөхцөлд ч манай орны эмэгтэйчүүд хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлтийн буухиаг үл таслан үргэлжлүүлсээр. Гэтэл цаана чинь буурай орнуудад жирэмслэхээс хамгаалах хэрэгслийг хэрэглэхийг хүсч байгаа 222 сая гаруй эмэгтэй байгаа ч жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэлийн хангамж дутагдалтайн улмаас эрэлт нь хангагдаж чаддаггүй гэсэн тоо баримт байна. Үүний улмаас жил бүр 63 сая хүсээгүй жирэмслэлт бүртгэгдэж, 19 сая эмэгтэй аюултай үр хөндөлтийг сонгодог аж.
Хамгийн аймшигтай нь жил бүр 82,000 эмэгтэй хүсээгүй жирэмслэлттэй холбоотой шалтгаанаар энддэг гэх статистик байгаа юм. Аз таарч амь насанд нь аюул учраагүй байлаа ч нөхөн үржихүйн эрхтэн тогтолцооны эмгэгтэй болж улмаар цаашид үр удмаа үлдээж чадах эсэх нь асуултын тэмдэг болж үлдэж байгаа нь харамсалтай. Үр суулгах хагалгаанд орж буй эмэгтэйчүүдийн 80 хувь нь өмнө жирэмсэлж байсан ба аборт хийлгэсний улмаас дахин жирэмсэлж чадаагүй гэж судалгаанд хариулсан байдаг аж.
Үр хөндөлт хийлгэж байгаа хүмүүсийн дунд хамгийн их байдаг насныхан бол 25 хүртэлх насны эмэгтэйчүүд ба тэдний дийлэнх нь анхны хүүхдээ тээсэн байдаг юм байна. Мөн үр хөндөлт хийлгэж байгаа эмэгтэйчүүдийн 48 хувь нь өмнө нь үр хөндөлт хийлгэж байсан хүмүүс байдаг гэнэ.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment