Tuesday, August 26, 2014

Шинэ үндэсний номын ордонтой болно

Шинэ үндэсний номын ордонтой болно

1 цаг 36 минутын өмнө

- СБД-ийн долдугаар хороонд үндэсний номын ордонг барина -


Үндэсний номын сан нь монгол үндэстний төдийгүй Төв Азийн нүүдэлчдийн бичиг соёлын өв, шинжлэх ухаан судалгааны гар бичмэл, барламал эх сурвалжууд, алт эрдэнэсээр урласан хосгүй үнэт ном судрыг хадгалагчийн хувьд улсын онцгой обьект юм. Үндэсний номын сангийн барилгыг 1951 онд барьж ашиглалтад орсноос хойш даруй 63 жил өнгөрч, тухайн үед 500 мянган номтой байсан тус номын сан эдүгээ 3 сая гаруй номтой, 9 фонд, 5 уншлагын танхимаар уншигч, хэрэглэгчид, эрдэмтэн судлаачдад үйлчилдэг байна.

- Шинэ номын сангийн шав тавих ёслол энэ сарын 28-нд болно -


Тус номын сангийн номын тоо, үйлчлэх хүрээ нь жил бүр өсөн нэмэгдэж байгаагаас уншлагын танхим, фондын даац, орчин нөхцөл нь өнөөгийн стандарт шаардлагад нийцэхгүй, номын сангийн аюулгүй ажиллагааг хангах асуудал ч тулгамдсан хэвээр байгаа аж. Номын сан нь сүүлийн 10-аад жил шинэ барилгын асуудлыг хөөцөлдөж, барилга барих газар, зураг төсөв, холбогдох техникийн нөхцөл, зөвшөөрөл, хөрөнгө санхүү зэрэг олон асуудлыг шийдвэрлүүлжээ.

2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 173 дугаар зарлиг гарснаар СБД-ийн 7-р хорооны нутаг дэвсгэрт 0.3 га газар олгосон бөгөөд шав тавьснаас хойш өдгөө 6 жилийн дараа шинэ барилгын ажил эхлэхээр болсон байна. Шинэчлэлийн Засгийн Газар Үндэсний номын сангийн шинэ барилга барих асуудлыг дэмжин ажиллаж, 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт "Үндэсний номын ордны шинэ цогцолбор барих" асуудлыг тусгажээ. Тиймээс номын сангийн шинэ барилгын суурь тавих ёслол намрын дунд сарын билэгт сайн өдөр буюу наймдугаар сарын 28-нд болох аж.

- 1-3 давхарт чөлөөт сонголт бүхий төрөлжсөн уншлагын танхим байрлана -


Барилгын зураг төслийн "Эгэл" ХХК нь номын сангийн шинэ барилгын зураг төслийг хийж гүйцэтгэсэн ба гүйцэтгэгчээр "АКМИ" холдинг компани шалгарсан байна. Үндэсний номын сангийн шинэ барилга нь нийт 11 давхар бөгөөд шинэ номын сан нь дэлхийн шинжлэх ухаан, технологийн сүүлийн үеийн ололтод тулгуурласан сан хөмрөг, үйлчилгээтэй, уншигчдын тав тухтай орчин нөхцлийг бүрдүүлсэн, олон улсын номын сангийн стандарт шаардлагад нийцсэн барилга болж сүндэрлэх юм. Барилгын 1-3 давхарт чөлөөт сонголт бүхий төрөлжсөн уншлагын танхимууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн болон гэр бүлийн уншлагын танхим, интернет танхимууд байрлах ба 5-аас дээш давхарт үндсэн фондууд байрлах аж.
Эх сурвалж www.wikimon.mn

Ж.МАРАЛ

0 comments:

Post a Comment